Гэхдээ монгол хүн эцэг, эхийгээ нэрээр нь дууддаггүй, ёс журмаараа
нарыг бас шууд нэрлэлгүй номын нэрээр нь үр хүүхэддээ нэр /хэргэм/
хайрласаар ирсэн юм. Тэр үг нь бол "Нямаа” гэдэг болой. Монголд "Нямаа”
"Ням” нэртэй алдартангууд үеийн үед цөөнгүй төрсөн юм.
Хорьдугаар зуунд төрсөн "Нямаа” нэртэнгүүдийн олонхи нь нэрд гарсан
зохиолч, сэтгүүлч, эрдэмтэд болсон байна. Да.Нямаа, До.Нямаа, Б.Нямаа,
Ж.Нямаа, Г.Нямаа, Л.Нямаа, Ц.Нямаа гээд л нийтийн танил болсон долоо
найман Нямааг хооронд нь андуурмаар боловч андууралтгүй онцгой хүмүүс
юм. Тэдний нэг нь Данзангийн Нямаа гэдэг зохиолч, сэтгүүлч, шүлэгч,
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэнд би энэ ил захидлыг бичиж байна.
Тэрээр сүүлийн үед хэвлүүлсэн "Нарны алга” /2010/ "Наран эрхист
шившлэгүүд” /2013/, "Зохиолчидтой дөрөө харшуулсан тэмдэглэл” /2012/,
номоо бас морь жилээс /2014/ эхлэн гаргаж ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж
буй "Улирал ба зохиолч” гэдэг сэтгүүлийнхээ хэдэн дугаарыг илгээснийг нь
зав гаргаж уншиж танилцлаа.
Эхлээд уран зохиолын номуудыг уншсан чинь "Хөдөөгийн үнэр” ханхийгээд явчихлаа.
Аргалын утаа үнэрлээд, хонь хурганы майлалдаан, гол горхины шуугианыг
сонсох шиг боллоо. Сүүлийн үеийн залуусын шүлэг, номноос хөдөөгийн үнэр
биш хотын үнэр /хиймэл сүрчиг, автын шатахуун, нүүрсний утаа үнэртдэг/
гардаг болсон нь хүн амын маань тэн хагас нь нийслэлд бас нэлээд нь
Дархан, Эрдэнэт, Чойбалсан гэхчилэн хотуудад сууж, үр хүүхэд нь өсч
эрийн цээнд хүрснээс юмуу бас нэлээд залуу иргэд өрнө зүгийн Америк,
Англи, Франц, Шведэд тэр ч байтугай Израйльд аж төрдөг болсны нөлөө ч
байж болох юм. "Хүний эрх” гэдэг уриагаар ам таглагчид ч цөөнгүй.
Нийслэлд тэр ч байтугай "транщей” гэдэг хонгилд төрж өссөн хүүхдүүд /
Зөвхөн Чингэлтэй дүүрэгт л 1700/ нар үзэх нь тоотой, усны шувуудын
ганганаа, урсгал усны хоржигноон, хонь малын майлаан сонсохгүйгээр
иргэний үнэмлэх авах насандаа хүрчихээд байгаа цаг билээ. Хэдий тийм ч
монголчуудыг малчид нь тэжээж /60-аад сая мал өсгөж/ хөрөнгөжүүлсээр
байгаа болой.
Хотжих өвчинтэй болсон монголчуудын нэлээд хэсэг нь малаа зарж хотод
ирээд орох орон, оочих усгүйдсэнээс хог түүгчид болсон гунигт үзэгдлийг
бид харсаар байна. Цагаан давааны хог дээр 200-300 хүн хог түүж амь
зогоож байна.
Ийм нөхцөлд хүн амын бараг гуравны хоёр нь хөдөө нутгаа огоорч,
хөдөөгийн үнэр авах аргагүй болжээ. Гэтэл Данзангийн Нямаагийн дөнгөж
саяхан хэвлүүлсэн "Нарны алга” номноос "Хөдөөгийн үнэр” ханхийсэнд
сэтгэл минь догдоллоо. Тэр номонд богиновтор хэмжээний 55 нэрийн зохиол
орсон нь бараг цөмөөрөө монгол хүний өвөрмөц сэтгэлгээний үнэртэй байх
юм.
"Аргал” гэдгээс эхлээд "Гал үд дунд”, "Хонин холбоо” хүртэл яах аргагүй
монгол "үнэртэй ус” юм. Тэр ч байтугай "Сүсэглэл” гэдэг богино өгүүлэлд
аргал түүж явах нэгэн хүүхэд:
-"Юу вэ?, миний хүү” гэсэн ээжийнхээ асуултанд:
-"Өвөө үнэртээд байна” гэж хариулах юм.
-"Миний хүү дуугүй бай.
Өвөө чинь бурхан болсон шүү дээ” гэж ээж нь хариулахад хүү:
-"Бурхан болоогүй, ээжээ
Энэ хавьд л яваад байна даа. Яг үнэртээд байна.
Энэ үнэр мөн байна” гэхэд: "Энэ чинь ганга, цэцэг навчсын үнэр шүү дээ” гэж ээж нь хариулах ажээ.
Тэр өвөө нь ачтайгаа уул хадаар явж цэцэг навч цуглуулан нүдэж эм
хийдэг байсан аж. Нэг хуудас хэртэй энэ жижигхэн өгүүллийг уншихад нэг
тууж уншсан юм шиг сэтгэгдэл төрөхөөр юм. "Хөдөөгийн үнэр” гэдэг бол
Монгол үндэстний "таних тэмдэг” юм. Данзангийн Нямаагийн бүтээлийн
нэгдэх тэргүүн зэргийн онцлог нь "Хөдөөгийн үнэр” ажээ.
Хоёрдохь онцлог нь "Зохиолчидтой дөрөө харшуулсан тэмдэглэлүүд”-д нь
тод гарчээ. Хориннэгдүгээр зуун бол "мэдээллийн зууч, мэдээлэл
багтаамжтай бүхний ноёрхлын зуун. Чухал мэдээллийг гар утас юмуу
"фейсбүүкээрээ” олж мэдмэгц шууд үйлдвэрлэлд оруулж болох зуун. Энэ нь
уран зохиолд бол "баримтат уран сайхны” зуун гэсэн үг.
Үүний тухай бүр өнгөрсөн зууны далаад онд би дурдаж, баримтат.уран
зохиол хөгжүүлэх зорилгоор Роман-сонин маягийн сэтгүүл санаачилж анхны
дугаарыг нэрт дуучин, хувьсгалын зүтгэлтэн Ма бэйсийн Дугаржавын
баримтат намтраар тууж бичиж хэвлүүлсэн билээ. Гэвч тэр санаачлага замын
хугаст зогсчихсон нь харамсалтай.
Баримтат уран зохиол нь "документализм” гэх шинэ урсгалын эх юм. Үүнээс
үүдэн өгүүлэхэд өрнөдийнхөн /Европ, Америк тэргүүтэй/ уран зохиол
урлагийг .гангарааны хувцас /мода/ мэтээр үзэж маш олон урсгал гаргасан.
Үүнд:
1. Символизм-Бэлтгэх урлаг
2. Формализм-Хэлбэрдэх урлаг
3. . Абстракционизм-Хийсвэрлэх урлаг
4. Схематизм-Загварчлах урлаг
5. Конструктивизм-Бүтцийн урлаг
6. Натурализм-Хуулбарлах урлаг
7. Реализм-Бодит урлаг гэхчилэн урсгалууд бий болгох гэж оролдсон ч нэг хоёроос бусад нь газар аваагүй юм.
Монголчууд байгаа юмыг байгаагаар нь хардаг учраас сүүлчийн реализм гэх
бодит урлагийг утга зохиол,соёл, уран бүтээлдээ хэрэглэсээр ирсэн.
Харин хотжсон, европжсон /дөчин мянгатын гэгдэх нөхөд/ "гангарах” гээд
хөрөнгөтний хуучин хувцсыг "угаалгүй” өмсөхийг санаархдаг бололтой.
Тийм "гангараа” бол зохиогчдоо урт нас өгдөггүй."ДоКументализм”- д их
хувь нэмэр болох чиглэлээр уран бүтээлээ, түүгээр ч барахгүй 2014 онд
сэтгүүл санаачлан, Ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байгаа нь Дан.Нямаагийн
өнөө үед бусдаас ялгарах хоёрдох онцлог болж байна.
Гурав дахь онцлог нь шинэ ном биш. Гэхдээ орчин үеийн Монголын уран
зохиол бол сүүлчийн зуунд гарч буй шинэ ном мөн. Тэр нь "Наран эрчит
шившлэгүүд” ном юм. /2013/. Мөнхүү номонд дөрвөл, хоёрол мөртэй афоризм
/мэргэн үг/ оруулжээ. Гэхдээ хоёр хэсэг болгож "сургаалийн цадигс”,
"Ариусахуйн бадагаас” гэдэгтээ мөн зүйл оруулжээ. Сэтгэл ариусал,
сургамж, номлолын чиглэлтэй дөрвөн мөртүүд юм. "Ариусахуйн бадагст” буй
"Үйлийн үр, хувь заяаны цаана шалтгаан буй. Үнэндээ тэр шалтгаан нь
өөрсдөө бид гэх юмуу /83-р зүйл/ Хүн болгонд таалагдах хүслээсээ болж
Хэн нэгнээ арилан сэмрэхэд харуусмуй" үг гэхчлэн цэгцлээд "Сургаалийн
цадигс” бүлэгт "Эхлэх хүн хэзээ ямагт олдож Дуусгах хүн дутаж дандаа
холдояо”: 83-р гэх юмуу Хараал хилэн уцаар төрүүлнэ Хагас мэдлэг уршиг
тарина." гэх 95-р бичсэн нь өнөөгийн манай нийгмийн дүр зургийг
тодорхойлсон гэж болохоор юм.
Ер нь бол энэчилэнгээр "цэцэн үг” /афоризмийг/ сүүлийн жилүүдэд түүхч
эрдэмтэн Ц.Балхаажав, Ө.Сумъяа, эрдэмтэн судлаач Ч.Даваадаш, улс төр
судпаач Одхүү нар тус бүр нэгээс хоёр ном хэвлүүлсний заримд нь би оршил
бичиж өгсөн билээ.
Тэр ч байтугай Улсын Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдсон Нацагийн
Багабандитан "Титэм үг” нэртэй 3 боть ном хэвлүүлэв. Тэр гурвынх нь
өмнөх үгийг бас би бичсэн юм. Учир нь ийм төрөл зүйлийг хөгжүүлэх »
шаардлагыг мэдээллийн зуун тавьж "Документализм”-ын урсгал хүчээ авч
буйг дэмжсэн хэрэг.
Ерийн зохиолчдоос гэвэл Дан.Нямаагаас өмнөхөн Дундговийн Эрдэнэдалай
сумын иргэн арваад ном бичсэн зохиолч Б.Лувсандэлэг бас "цэцэн үг”
/афоризм/ бичиж хэвлүүлсээр байв. Тэрээр:
-Өтөлсөн хойноо бүтэн амрахын тулд Залуу насандаа хагас амар” гэх юмуу
-"Урагшгүй бидэнд бурхан минь Ухаан нэмж хайрлаач Ухаан хэвээрээ
хайрлахгүй бол Урт нас битгий хайрлаа” гэсэн шившлэг үгээс гадна
-"Хайртай ээж минь урьд нь сануулга өгч Хааяа нэг намайгаа алгаддаг
байсан Хатуухан амьдрал одоо сануулга өгч Өдөр бүр намайг алгадаж байна”
гэх мэтээр бичсэн нь мөн л ахуй, амьдралын гашуун үнэн юм.
Энэчлэнгээр афоризм / цэцэн үг/ бүтээгчид бүтээгчид олшрох төлөвтэй. Тэгвэл хүмүүст "номон” багш нэмэгдэх болой.
Данзангийн Нямаа "Номон багш” бүтээхийн хамт бас "Улирал ба зохиолч”
сэтгуүлийг шинэ маягаар гаргаж байгаа нь "Алтан хуудас”, "Мөнгөн
хуудас”, "Номин хуудас”, "Оюу хуудас” "Сувдан хуудас” гэх сонин нэртэй
бүлгуүдтэйгээс шууд л харагдаж байна.
Сүүлчийн дугааруудад "Шүрэн хуудас”, "Танан хуудас”, "Ган хуудас”, "Зэс
хуудас’’ бүлгүүд нэмэгджээ. Бас нэг онцлог зүйл гэвэл сэтгүүлдээ
зохиолчдын захидал /гар бичмэлээр/ оруулдаг болжээ. Захидал бол хувь
хүний сэтгэл санаа, хүсэл зориг, хайр энэрлийн байтугай цаг үеийн толь
болдог тул онцгой баримт бичиг юм.
"Документализм”-ын нэг том төрөл. Иймээс Монголын зохиолчдын 108 ботийг
хэвлүүлэхэд ардын уран зохиолч Б.Бааст гуайд ярьж Монголын зохиолчдын
захидлаар 2 ботийг нь гаргаж тус бүрд нь оршил бичиж өгч билээ. Нэг
дутагдал нь зохиолчид захидлаа гараар ганц хувь бичээд гадаад дотоодын
андууддаа явуулчихдаг тул тэднээс ирсэн хариу захидал голлоход хүрч
билээ.
Захидлаас гадна дурдатгал бол баримтат уран зохиолын маш үнэтэй төрөл
зүйл. Хүн дахин амьдарч чадахүй тул дурдатгал бичвээс туулсан амьдралаа
дахисантай адил гэдэг юм. Тэрчлэн тэмдэглэл, ярилцлага, сурвалжлага,
мэдээ гэхчилэн шинэ зууны мэдээллийн уран бичлэгийн том төрөл зүйлүүд
бий. "Улирал ба зохиолчид" сэтгүүл бас хөгшин, залуу, хөдөө хот, гадаад
дотоодын зохиолчдод зай олгож байгаа нь сайшаалтай.
Жич: Ирүүлсэн захидлаас чинь дүр төрх, сэтгэлгээг тань мэдэрч бусад Нямаануудаас арай өөр нэгэн юм гэж баясав.
Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12667
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих