Сүүлийн сар гаруй хугацаанд сонгуулийн хууль, Үндсэн хууль, намуудын тухай хуулийг өөрчлөх эсэх тухай асуудлаар улстөрийн нам хүчнүүд зөвшилцөхийг оролдлоо. Гэвч тэр хүчин чармайлт үр дүнгүй өнгөрөх шинжтэй болж байгаа нь өдөр ирэх бүр харагдсаар байна.
АН-ын "олуулаа” буюу 34 гишүүнд сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт таалагдахгүй байгаа учраас өөрчлөхгүй гээд цахдчихлаа. Тэд уг асуудлыг эхэнд яриулахгүйн тулд гурван жил гацсан сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл зэргийг оруулж ирсэн.
Хэдийгээр УИХ өөрийн процедураар эдгээр хуулиудыг хэлэлцэж эхэлсэн ч эдүгээ бүгд гацаанд орчихлоо. Гэтэл Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй 23 намаас ганц АН-аас бусад нь хэлэлцэж өөрчлөхийг дэмжсэн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ийн гацаах нь зөвхөн АН-ын 34 гишүүн тэр дундаа З.Энхболдыг өөрийг нь тойрон хүрээлж байгаа хэдхэн гишүүдийн эрх ашигт л нийцэх юм.
АН-аас нэр дэвшсэн тойргоо "Вангийн хошуу” мэт эзэмшчихсэн нөхдүүд ирэх сонгуульд төрийн албан хаагч нэрээр тойрог хэсгийн хороонд хүмүүсээ байршуулахаар зүтгэж байгаа нь илт байна.
Намуудын оруулж ирсэн шинэ хувилбараар тойрог, хэсгийн хороодын 70 хувийг нь намуудаас бүрдүүлье гэж байгаа. Гэтэл энэ нь АН-ын С.Эрдэнэ шиг нөхдүүдийн таалалд нийцэхгүй байна.
Мөн сонгуулийн санал хурааж, мөн санал тоолж байгаа хар машины дүнг гараар тоолсон дүнтэй тулгаж байж дүнг тооцьё гэдгийг улайран эсэргүүцэж байна. Тэгэхдээ хар машин будлиан гаргасан тухай баримт аваад ир гэдэг байна.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан систем буюу санал тооллогын хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ны мэдээллийг сонсжээ. Тус бүлгээс хар машины иж бүрдэлтэй нь танилцах шаардлагыг СЕХ-нд тавьсан ч иж бүрдэл нь дутуу байдаг байна.
Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавьсан байна. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн гэнэ.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр ийнхүү тодорхой болов.
Тэгвэл Монгол улс бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг.
Бүрэн эрхэт Монгол улсын иргэн та бид өөрийн улсын төр, засгийн эрхээ бариулах хүмүүсээ сонгохдоо өгсөн саналаа гадны хэн нэгний программаар сонгож тоолуулж байна гэдэг арай дэндсэн хэрэг.

Г.Самбаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих