Шинэ он 2016 онд Монголд юу болох вэ. Энэ он Монголчууд бидний хувьд тэгш ойн жил.Монголын Тулгар төр Хүннү гүрний 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой,Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ - д элсэж тусгаар тогтнол баталгаажсаны 55 жилийн ой тус тус тохионо. Монгол улсыг 40 гаруй жил удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ой мөн энэ жил тохиож байна.
Мөн УИХ болон аймаг, нийслэлийн болоод сум дүүргийн сонгуулиуд болно. Өмнөх сонгуульд ялж төр засгийн эрх барьж буй намынхны үйл ажиллагаанаас болж Монголчууд өрөнд орж, эдийн засаг хүндрээд буй. Тиймээс энэ 2016 онд бид шинэ сонголт хийх ёстой. Харин тэрхүү сонгуулийн шинэ сонголт нь хэн байхыг өнөө таашгүй. Эдүгээ зарим нам, улстөрийн хүчнүүд, мөн хувь улстөрчид өөрсдийгөө шинэ сонголт гэдэгт итгэчихсэн цохиж яваа.
Энэ 2016 онд мөн манай улсад Ази, Европын дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ын ээлжит хурал болно. Манайхны сүржин нэрлэснээр "улстөрийн олимп” хэмээх арга хэмжээнд олон улс орны төрийн тэргүүнүүд оролцоно. Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн хоёр том тивийн томчуудын уулзалтаас асар ихийг хүлээж байгаа.
Тэгвэл Монгол улсын эдийн засгийн хувьд энэ онд нэг их өсөлт гарах нь юу бол. Гэхдээ ирээдүй хойчоосоо хулгай хийх маягаар Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гээчийг эхлүүлэх гэрээ байгуулж улмаар 4.4 тэрбум ам.долларын зээлийн баталгааг Засгийн газар гаргаж өгсөн. Тиймээс өмнөх гурван жилийг бодвол Монголын эдийн засагт энэхүү гэрээний дагуу тэрбум орчим ам.доллар орж ирэх магадлалтай. Харин үүний шанд Монгол улс өөрийнхөө гол үүц баялаг болох Оюутолгойгоос 2037 он хүртэл хувь авч чадахааргүй болсон нь харамсалтай.
Өнгөрсөн жил УИХ дээр гацсан Тавантолгойн төсөл ирэх сонгуулийн дараа л хөдөлж магад. Түүнээс энэ онд Тавантолгой эргэж сэргэхгүй нь ойлгомжтой болчихсон. Гурван жилийн өмнө л "Эрдэнэс Тавантолгой”-д 150 сая ам.долларын өр үлдсэн нь өдгөө ч бараг хэвээрээ байгаа.
Тэгэхээр Монгол улсын эдийн засаг сүртэй өөдлөх, дэвжих боломж харагдахгүй байна. Гэхдээ яахав ам.долларын ханш 2000-аас хол давахгүй, тогтвортой байх болов уу. Иймэрхүү жил болох урьдчилсан таамаг байна.
Г.Самбаа
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих