1926 онд анхны дотоодын агаарын шугамыг Зөвлөлтын нисгэгч Лапин нээж Нийслэл хүрээнээс Баянтүмэн Тамсагбулагын чиглэлд ниссэн нь дорнын уудам талд жигүүрт хөлгийн дуу хүнгэнэсэн анхны явдал байлаа.
Тэр цагаас хойш агаарын нисэх хүчин хэлбэрэлтгүй хөгжиж олон олон нисэх онгоцоор зэвсэглэлээ нэмж байлаа. Агаарын хурдан хөлгийг эзэмших нисгэгч болох үйлсэд анхлан орсон залуусын нэг нь анхны нисгэгч Дорнод нутгийн Улз голын буриад Балданы Батцэрэн байлаа. Агаарын хөлөг эзэмшихээс гадна шүхрээр буулгах сайн дурын бүлгэмүүд байгуулагдаж байснаас монголын анхны шүхэрчин эмэгтэй Дорнод аймгийн Булган сумын уугуул М.Загдхорлоо байж 1935 оны 9-р сарын 29- нд олноор буух үзүүлбэрт оролцож эр зоригоо гайхуулж байв.

Анхны нисгэгч Б.Батцэрэн Анхны шүхэрчин эмэгтэй М.Загдхорлоо
1930-аад оны дунд үеэс эх орны зүүн хязгаарт цагийн байдал түгшүүртэй болж Япон манжийн эзлэн түрэмгийлэгчид байн байн өдөөн хатгалага хийж эхэллээ.
Энэ үед буюу 1936 оны 2-р сарын 28-ны өдөр Цэргийн Явдлын Яамны Сайд, Бүх Цэргийн жанжин Г.Дэмидын 12 тоот тушаал гарч Баян түмэнд Нисэх онгоцны нэгдсэн отрядыг байгуулж даргаар Ч.Шагдарсүрэнг, комиссараар Д.Бадамхатанг, сургагчаар В.А.Судец нарыг томилон аэродром газрын хангалтын албадыг бүрдүүлэн байгуулсан нь одоогийн Чойбалсан олон улсын нисэх буудлын тулгын чулууг тавьсан явдал болсон гэж үздэг. Хожим энэ отрядыг Зулзагын Бор, Чимэдийн Нямдорж нар ээлж дараалан даргалж байсанба сургагчаар А.Н.Шлыгин ажиллаж байсан юм.

Баянтүмэнгийн нисэх хорооны удирдлагууд Зөвлөлтийн нисэх ангийн дарга нар, тэдгээрийн гэр бүлийн хамт

Нисэх хорооны анхны дарга нарын нэг З.Бор Нисэх хорооны дарга Ч. Нямдорж Нисэх хорооны сургагч А.Н.Шлыгин
Халхын голын дайны хүнд жилүүдэд Монголын нисэх хүчин баатарлаг гавъяа байгуулж, зөвлөлтийн улаан армийн нисгэгчидтэй мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Тэр үед Дорнод нутгийн унаган хөвгүүд Уртнасангийн Балдан-Осор, Дугарын Цэрэндорж, Батжаргалын Бат-Очир нар нисгэгч, техникчээр тулаанд оролцож гарамгай гавъяа байгуулж байсныг хойч үеийн бид бахархан дурсаж байдаг юм.

Нисгэгч Д.Цэрэндорж Техникч У.Балдан-Осор
Дайны гал унтарч, дарийн утаа арилаж энх цагийн бүтээн байгуулалтын жилүүд эхэллээ. Нисэх хүчин зарим анги салбаруудаа татан буулгаж энх цагийн иргэний нислэгт бэлтгэж ,шинэ шинэ агаарын замуудыг нээж Супер, ПО-2 онгоцуудаар шуудан ачаа хүргэх ажлыг гүйцэтгэх боллоо.
Цэргийн явдлын сайд бөгөөд Зэвсэгт хүчний жанжны 1947 оны 7-р сарын 12-ны өдрийн 0167 тоот тушаал гарч Нисэх тээврийн тусгай отрядыг байгуулж даргаар холимог тавдугаар хорооны нислэгийн туслах Дугарын Гунгааг томиллоо.
Материал техник хэрэгсэл аэродром буудал байгуулж шатах тослох материал тээвэрлэх мөн тэнд ажиллах хүчээр хангах ажлыг Сэлэнгэ, Булган,Архангай, Дундговь,Дорноговь,Хэнтий Сүхбаатар, Чойбалсан зэрэг аймгуудын захиргаадад даалгасан байна.
1956 оны 4-р сард Нисэх отрядын хуучин аэродромыг түшиглэн Иргэний байнгын нислэг хүлээн авах нисэх буудлыг 2 гэр, нэг радиостанц, хоёр орон тоотойгоор шинээр байгуулж түүний даргаар Дотоод Явдлын Яаманд ажиллаж байсан хошууч Д.Осорбал хэмээх хүнийг томилсон байна. 1956 оны 7-р сарын 7-нд Бөхөг цагаан толгойн аэродром дээр хөдөлмөрчдын цуглаан болж Улаанбаатар хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга Дангаа нээж,Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, нисгэгч Л.Лхамсүрэн нар үг хэлж Б.Нэмэх, Ж.Рэнцэндорж, Д.Дашдэндэв нарын баг Дорнод, Д.Цэрэндорж,Л.Лхамсүрэн нарын багХөвсгөл, Т.Бадарч,У.Даравгар,Ц.Даш нарын баг Ховдын чиглэлд тус тус нисэж монгол улсын түүхэнд анхны иргэний агаарын тээврийн нислэгийн үүргийг нэр төртэй биелүүлжээ.

Анхны байнгын нислэгт Улаанбаатар –Чойбалсангийн чиглэлд ниссэн баг
Нисгэгч Б.Нэмэх, Ж.Рэнцэндорж, техникч Ц.Дашдэндэв нар
Хэдэн жилийн дараа 1962 оноос тус буудлын үйл ажиллагааг өргөтгөж Баяндун, Халх гол, Дашбалбар сумдад шуудан зорчигч тээврийн Ан-2 онгоц, Улаанбаатар хотоос Ил-14 онгоц байнга хүлээн авах болжээ. Энэ үед Нисэх буудлын даргаар Лүндэгдамба, нислэгийн удирдагчаар Тавхайн Чулуунхүү, холбоочингоор Данзангийн Даваа нар ажиллаж байлаа. Нисэх буудлын анхны барилгыг тэр үед барьсан байна. Энэ үед сумдын холбоочдоор Л.Хишигжаргал, Ц.Пүрэвжал З.Цэвэгдорж С.Мажигдогсом В.Дэмбэрэл нар ардын армиас томилогдон ирж ажилласан юм.

1960 –аад оны эхэн үеийн нисэх буудлын ажиллагсад
Чойбалсан хот өргөжин тэлсэн тул 1967 оноос Нисэх буудал нь Бунхан толгойн ар доорхи хуучин зөвлөлтийн байлдааны нисэх эскадрилийн аэродромд шилжин суурьшжээ.
1974-1984 онуудад Нисэх буудлын гүйцэтгэх үүрэг 2 дахин нэмэгдэж хот хоорондын зорчигч тээвэрт шуудангийн АН-24 онгоц өдөр бүр нислэг үйлдэж,өөрийн хоёр АН-2 онгоцоор аймгийнхаа найман суманд долоо хоногт 2-3 удаа зорчигч шуудан тээвэрлэж жилдээ 13000 зорчигчдод үйлчилж, 2 сая төгрөгний орлоготой ажиллаж байв.

1975 оны Б.Борхүү даргатай нисэх буудлын ажиллагсад
Эх орны зүүн хязгаарын агаарын тээвэрчид ард түмэндээ үйлчлэх үүргээ биелүүлсээр ахмад буурлууд халаагаа өгч залуус ажил амьдралын буухиаг үргэлжлүүлсээр он жилуудийн буурал түүхийг ардаа орхисоор нэгэн жарныг өнгөрөөлөө
1980-1988 онд тус Нисэх буудал нь зүүн бүсийн төв болж Нисэх онгоцны Нэгдсэн буудлын зэрэглэлтэй ажиллаж байлаа. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1985 оны 5-р сарын 15-ны өдрийн 118 тоот тогтоолоор "Tээвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг жил дараалан давуулан биелүүлж, нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангаж, соёлч шуурхай байдлыг нэвтрүүлэн ажилласан Дорнод аймаг дахь нисэх онгоцны нэгдсэн буудлыг БНМАУ-д нисэх хүчин байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан МХЗЭ -ийн Цэргийн алдар алтан медалиар шагнасан байна.

1985 оны Бор-Өвгөн даргатай Нисэх онгоцны нэгдсэн буудлын ажиллагсад
Энэ бүх хугацаанд нисэх буудлыг Т.Чулуунхүү, Д.Хаянхярваа С.Жанар Должин Б.Борхүү, С.Бор-Өвгөн, М.Нармандах, Г.Ганбаатар, Д.Даваа, Х.Энхбаатар нарын иргэний нисэхийн шилдэг дарга нар удирдаж ирсэн.
1990 онд Чойбалсан хотоос 17 км-т орших Зөвлөлтийн цэргийн Нисэх хорооны төмөр бетонон зурвастай аэродромд шилжин ирснээр Нисэх буудлын хөгжилд шинэ ахиц гарах бололцоо нээгдсэн билээ.

1995 оны Д.Даваа даргатай Агаарын тээврийн газрын хамт олон
Эх сурвалж: http://choibalsannisekh.mn/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих