ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх хорооны хүүхдийн эмнэл зүйн зөвлөх, ОХУ-ын Холбооны Төвийн Тойргийн хүүхдийн ерөнхий эмч, ОХУ-ын гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова Монголд тун удахгүй ирэх гэж байна. Тэрбээр Оростоо төдийгүй дэлхийд алдартай хүүхдийн эмч гэгддэг билээ. Анагаах ухааны салбар тэр дундаа хүүхдийн чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, удирдах ажилтнуудад зориулан "Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хуралд хатагтай Ирина Николаевна Захарова оролцох юм байна. Нэг хэсэг манайд хүүхдийн эмч бэлтгэхээ больж, сонин хэвлэлээр багагүй дуулиан болж бичигдэж байсан билээ. Харин Орост Ерөнхийлөгчийнхөө дэргэд хүүхдийн мэргэжлийн эмчийг зөвлөх болгон ажилладаг аж. Энэ удаад Ирина Николаевна Захаровагийн манай хүүхдийн эмч, эмнэлгийн удирдлагуудад тавих илтгэл, хуваалцах туршлага нь ихээхэн дэм болох нь эргэлзээгүй юм.
Ирина Николаевна Захарова нь гийн талаар товч танилцуулья.
Тэрбээр Анагаах ухааны доктор профессор, ОХУ-ын гавьяат эмч, ОХУ-ын үндэсний их сургуулийн харьяа дипломын дараахь боловсрол олгох академийн анагаах ухааны факультетийн хүүхдийн эмнэл зүйн тэнхимийн эрхлэгч, ОХУ-ын Холбооны Төвийн Тойргийн хүүхдийн ерөнхий эмч.
Куйбышевийн Анагаах Ухааны Улсын Дээд Сургуулийг онц дүнтэй төгссөний дараа есөн жил хуучнаар ЗХУ болон гадаад орнуудад хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1988 онд одоогийн ОХУ-ын үндэсний их сургуулийн харьяа дипломын дараахь боловсрол олгох академийн анагаах ухааны факультетийн мэргэжил дээшлүүлэх курст элсэн орсон бөгөөд одоог хүртэл тасралтгүй энэ газраар овоглогдож байна. Доктор, профессор Захарова нь анх дадлагажигч эмчээс эхлээд ахлах лаборант эмч, ассистент, дэд профессор, профессор, танхимийн эрхлэгч зэрэг маш баялаг урт замыг туулжээ. 1994 онд "Значение динамической нефросцинтиграфии в диагностике тубулоинтерстициальных заболеваний почек у детей” буюу "хүүхдийн бөөрний тубулоинтерстициаль хэлбэрийн өвчлөлийн оношлогоонд динамик нефросцинтиграфийн ач холбогдол” сэдвээр магистрийн зэрэг, 2000 онд «Клинические и патогенетические аспекты тубулоинтерстициальных заболеваний почек у детей» буюу " хүүхдийн тубулоинтерстициаль өвчлөлийн клиникийн болон патогенетикийн талууд” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
2001 оноос ОХУ-ын үндэсний их сургуулийн харъяа дипломын дараах боловсрол олгох академийн анагаах ухааны факультетийн хүүхдийн эмнэл зүйн тэнхимийн профессор, 2008 оноос тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Энэхүү тэнхимийг 1932 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн академич нэрт эрдэмтэн, доктор, профессор Георгий Нестерович Сперанский анх үүсгэн байгуулсан байдаг. Тус тэнхим дээр хүүхдийн эмч нарт зориулан хүүхдийн эмгэг зүй, хүүхдийн гастроэнтерологи, нефрологи, кардиологийн чиглэлийн сургалтуудыг сар бүр зохион байгуулдаг ажээ. Мөн Ирина Николаевна Захарова нь 2008 оноос хүүхдийн эмнэл зүй болон хүүхдийн мэс заслын Эрдмийн Зөвлөлийн Тэргүүнээр ажиллаж байна.
Тэрбээр эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд чамгүй үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. Тухайлбал, «Медицинский Совет (Педиатрия)» сэтгүүлийн ерөнхий редактор, "Консилиум медикум (Педиатрия)” сэтгүүлийн ерөнхий редактор, «Педиатрическая фармакология», «Вопросы практической педиатрии», «Вопросы детской диетологии» зэрэг сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүн юм.
2010 оноос РАМН буюу Оросын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн (ОАШУА) дэргэдэх хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төвийн хүндэт профессор.
Мөн ОХУ-ын хүүхдийн эмч нарын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн; Педиатр, гастроэнтеролог, хүүхдийн гепатологуудын Европын нийгэмлэгийн (ESPGHAN) бүрэн эрхэт гишүүн; Иммунолог, аллергологуудын Европын нийгэмлэгийн (EAACI) гишүүн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих