Горилогчид ба хүлээлт-
Цуврал-1
Сонгуулийн шинэчилсэн хуулийн төсөл шинэ оны өмнөхөн батлагдаж, улс төрийн намууд одоо хаана, аль тойрогт, хэнийгээ сойх, нэрсийн жагсаалтаар лидерүүдээ хэрхэн эрэмбэлэх тухай ярилцаж эхэллээ. Энэ удаагийн сонгууль урьдынхаас өөр, онцлог нэг зүйл гэвэл УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулна. 2012 оных шиг холимог систем дээр "тоглоно”.
УИХ-ын сонгуульд хүч үзэх горилогчдын талаарх мэдээлэл түрүүчээсээ нийтэд ил болж байна. Тэдгээрээс юун түрүүнд зүүн гурван аймагт УИХ-ын сонгуулийн тойрогт сойгдох эрхэмүүдийг нэрлэх боломжтой ажээ.
Сүхбаатар аймагт МАН-аас одоогоор "хуучин бууны хугархай” Р.Будаас өөр итгэл даах хүн үгүй болов уу гэсэн таамаглалыг иргэдийн нэлээд хэсэг нь дэвшүүлж байна. Нам нь ч бас үүнийг анзаарч байгаа байх. Харин Р.Будын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ж.Батсуурь юм.Энэ залуу АН-д хар багаасаа хүчин зүтгэсэн. Тэр сүүлийн жилүүдэд аймгаа хөгжүүлэх хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж зэгсэн сайн амжилт үзүүлж яваа. Тэгвэл МАХН-ынхан энэ хоёрын өөдөөс Сангийн сайд асан Ч.Улааныг тавьж магадгүй. Гэхдээ саяхнаас МАХН гурав дахь хүчний эвсэл байгуулахаа зарлаад байна. Хэрвээ "жижиг” намууд эвсэл болж сонгуульд оролцвол Ч.Улаан энэ тойрогт нэр дэвших "шаансгүй” гэх хүн ч тааралдана.
Зарим мэдээллийн хэрэгслүүд Дорнод аймагт АН-аас ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан П.Алтангэрэл, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар сойгдох мэтээр бичиж буй нь бодит байдалтай арай нийцэхгүй, ташаа мэдээлэл бололтой. 2008 онд Дорнодоос УИХ-д сонгогдож байсан П.Алтангэрэл нь цагаа тулахаар "Би сонгуульд өрсөлдөхгүй” гээд гэдийж байна. Түүнийг дорнодчууд тоохоо болиод удаж байгаа тул мань хүн нэрэлхсэндээ ингэж маягласан биз. Р.Бурмаа сайдыг нам нь хүчлэн байж Дорнод руу илгээвэл сонгогчдын ихэнх нь бас л хүлээж авахгүй болов уу. Учир нь тэр өнгөрсөн оны улсын их баяр наадмын өмнөхөн УИХ-ын чуулганаар "Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн тухай тогтоол батлуулсан нь олон хууль зөрчсөн, нутгийн иргэдийн ажил эрхлэлт, өмчлөл зэрэгт цав суулгах, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг сэвтүүлэх шийдвэр болсон гэдэг маргаан үргэлжилсээр байгаа юм. Энэ асуудлаараа Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн намар Халх гол суманд явж очиход нутгийн иргэд түүнийг эсэргүүцлийн лоозонтой жагсаалаар угтан, хөөж явуулсан юм. Урьд нь бас мань хүн аймгийнхаа АН-ын даргын суудлыг булаацалдан бөөн хэл аманд өртөж байжээ. Иймэрхүү бүтэлгүй үйлдлүүдээс нь болоод дорнодчууд Р.Бурмаад ихээхэн дургүй байгаа юм. Харин тус аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарт сонгогч олон түмэн нь ихээхэн найдлага тавьж байна. 1990 оны ардчилсан хувьсгалын галыг өрдөлцөж, АН-д хорь гаруй жил үнэнч яваа түүний хувьд "Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа” уриан дор нутгийн зөвлөлийнхөө шугамаар аймаг, сумдуудад"Сумын соёл”, "Чанарын дугуйлан”, "Хөдөө аж ахуйн парк”, "Засаглалын ил тод байдал”-ын талаар орон нутгийг хөгжүүлэх шинэлэг санаачлагуудыг дэвшүүлж буй нь хүмүүст илүү таалагдаж байгаа бололтой. Нөгөөтэйгүүр Д.Цогтбаатар нь удам угсаа,хувийн зан чанар, улс төрийн ноён нуруу сайтай, янз бүрийн хэл аманд өртөөгүй цэвэр улс төрч гэгдэж яваа аж. Тиймээс АН-аас түүнийг Дорнодын тойрог руу илгээх магадлал өндөр байна. Тэгээд ч МАН-д их хэмжээний мөнгө хандивлаж сонгогчиддоо ч мөн янз бүрийн том амлалт өгсөн Н.Номтойбаяр, тус намын гишүүнчлэлээс салж бие даан УИХ-д сонгогдсон Х.Болорчулуун нарыг дорнодчуудын дийлэнх нь ер олигтой үнэлэхгүй байгаа нь энэ тойрогт АН ялалт байгуулах боломжийг авчирах байх.
Хэнтий аймагт МАН-аас дархан аварга Б.Бат-Эрдэнэ урьдын адил нэр дэвших хүсэл тэмүүлэлтэй хэдий ч түүнтэй зуузай холбон давхих "морьд” аль хэдийнээс сурталчилгааны ажлаа эхлээд байна. "Их Засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Н.Учрал "Сумандаа сайхан амьдаръя” уриатайгаар өнгөрсөн саруудад тус аймгийн сум болгонд хүрч, рейтингээ чамгүй өсгөөд авав. НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нь "Намаас дэмжээд өгвөл би нутагтаа нэрээ дэвшүүлнэ” гэж ил цагаан зарлав. Хоёр мандаттай энэ тойрогт МАН-аас Ухнаагийн Хүрэлсүх нь бас сэм горьдлого тээж буй сурагтай. Тэгвэл Хэнтийд АН-аас одоо тус аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Ж.Оюунбаатар, залуу бизнесмен М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлэх бололтой. Гэхдээ цаана нь бас "Цагаан шонхор”-ынЧ.Энхтайван "Та нар намайг үл тоох болоогүй шүү” гэсэн шиг битүүхэндээ горьдож сууна. Хэнтийхэн түүний алдаа, оноог аль эрт дэнсэлсэн. Аль ч сум, багт яваад очиход нь хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. АН-ын томчууд ч түүнийг үгийг сонсдог. Ер нь "Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван бол хаана ч нөлөөтэй хэвээрээ ажээ. Харин Хэнтийгээс УИХ-д сонгогдсон Б.Гарамгайбаатарын хувьд энэ удаа намынхаа жагсаалт руу орох нь тодорхой болж байна. Гэхдээ АН-ын ҮЗХ нь хэрхэхийг шийдэх биз.
Б.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих