
Төрийн эрх барих ээлжит дуудлага хуцалдаа улс төрийн тогоонд албан бусаар эхэлжээ. Дуудлага худалдаа хүчтэй эхэлж, энэ жил сонгогчдын санал хэд хүрэх нь одоогоор тодорхойгүй байна. Иргэдээ алагласан хэмээх олны шүүмжлэлийг хүртсэн АН, Ерөнхийлөгч хутгалдсаны дүнд хүүхэд бүрт 20 мянган төгрөг тараахаар болж, эхний нүүдлийг хийв. Эргэж буцсан энэ үйлдлийн дараа хоёрхон сарын өмнө баталсан төсвөө тодотгох шаардлага тулгарсан. Учир нь хүүхэд бүрийг гомдоохгүй гэвэл төсөвт 110 тэрбум төгрөг нэмэх учиртай. Гэвч тодотгол хийж сүржигнэх шаардлагагүй, энэ оны төсөвт ирэх наймдугаар сар хүртэлх мөнгө бий гэж тайлбарласан. Түүнээс цааш олгох мөнгөө яаж аргалах нь тодорхойгүй үлдэв. Сангийн яамныхан жилийн эцэст урамшууллын маягаар олгох үнэмшилгүй юм ярьж суугаа. Сонгууль дөхсөн учраас юу гэж байхгүй гэхэв.
Уг нь АН хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзаж, халамж шаардлагатай хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилт дэвшүүлж байсан нь саяхан. Халамж авч буй иргэдийн 28 хувь нь хангалттай орлоготой гэсэн судалгаа гарсан байдгийг сануулах хэрэгтэй юм боловуу.
Тэгвэл улс төрийн ууган хүчин МАН юугаараа дутах вэ, сурлагын дүн харгалзахгүйгээр оюутан бүрт 70 мянган төгрөг өгөхийг, 0-3 насны хүүхдэд сар бүр 30, бусдад нь 20 мянгыг олгоё гэсэн давсан санаа сэдэв. "Хүний хөгжил” сангаас өнгөрсөн хоёр жилд 18 хүртэлх насны давтагдсан тоогоор 2.5 сая хүүхдэд 280 тэрбум төгрөг олгосон талаар Бүртгэл, статистикийн газраас мэдээлсэн. Энэ хэмжээний мөнгөөр 500 цэцэрлэг байгуулсан бол нийгмийн тулгамдсан асуудлуудын нэгийг шийдвэрлэх байлаа. Дээрээс нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх асуудлаар тоглолт хийв. Хичээлдээ суудаггүй оюутанд 70 мянган төгрөг өгөх нь халамж биш дээд сургуульд бүртгэлтэйгийнх нь урамшуулал юм гэнэ. Сурч чадсан нь хөдөлмөрөө үнэлүүлж байгаа шударга тогтолцоо байх ёстойг нэр бүхий гишүүд хэлж байгаа. Эдгээрийг МАХН, ИЗНН зэрэг гуравдагч хүчнүүд тухай бүрт нь дэмжсэн ч хараахан өөрсдийн нүүдлийг хийсэнгүй. Харин ХҮН-ын шинэхэн дарга С.Ганбаатар тухай бүрт нь эсэргүүцсэн байдалтайгаар сонгуульд бэлтгэж байна. Тухайлбал, ипотекийн зээлийн амин сүнс болоод буй Иргэний хуульд өөрчлөлт оруулахыг тэрбээр эсэргүүцсэн байна.
Одоогоор сонгогчдын саналын төлөө үнэ хаялцах гол өрсөлдөөн хоёр том намын хооронд өрнөж буй бөгөөд хэн хэндээ мөчөөгөө өгөх янз алга. Улмаар үнийн санал дээд цэгтээ тулж, УИХ-ын дарга З.Энхболд банкирын үүрэг гүйцэтгэж, ипотекийн зээлийн хүүг бууруулах банк, барилгын салбарыг доргиосон амлалт өгаөө. АН даргын хувиар арилжааны банк, барилгын салбарынхантай нүүр тулан уулзсан нь олны итгэлийг төрүүлсэн. Улс даяар алга ташуулсан энэ нүүдэлд МАН барьцаж, арилжааны банкны хүүг бууруулах боломж бүрдсэн бол тэтгэвэр, малчид, цалин, жижиг дунд бизнесийн зэрэг бүх зээлийнхээ хүүг буулга, зээл төлөх хугацааг нь сунга гэдэг шаардлага тавьсан юм. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч тоо бодож чаддаг аж. Жилийн 30 хувийн хүүтэй малчны зээлийг нэг оронтой тоонд оруулахыг Монголбанк бус Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгав. Малчид Төрийн болон ХААН банкинд 240 гаруй тэрбум төгрөгийн зээлтэй. Тиймээс цар хүрээгээрээ хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлого юм байх. Цаагуураа нийслэлээс олон мандатгай хөдөө орон нутгийг онилсон нүүдэл байв.Тэгэхээр иргэдийн тулгамдсан асууцлын нэг арилжааны банкны хүү намуудын гол хөзөр байх төлөвгэй байна. Гэхдээ тэд арилжааны банкуудыг дур мэдэн гар дүрдэг Төрийн банктай нь ижил биш гэдгийг өнөөг хүртэл ойлгоогүй бололтой. Тэгэх эрх зүйн орчин ч байхгүй. Чөлөөт зах зээлтэй Монгол Улсад Монголбанкны бодлогын хүү л арилжааны банкинд нөлөөлдөг гэдгийг эрхбиш тэд мэдмээр юм. Мөн орон сууцны урт хугацаатай, малчны, тэтгэврийн зээл аль нь ч бай, арилжааны банкны хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргана.
Улс төрийн хоёр том хүчин сонгууль дөхөхөөр биедээ ахадсан мөнгө амлаж, ийнхүү сонгогчдын саналыг худалдаж авах үзэгдэл 2008 оны сонгууль гол үүрэг гүйцэттэсэн. Тухайн сонгуулиар амласан нийт мөнгөн дүн нь Монгол Улсын ДНБ-ээс их буюу 23 их наяд төгрөг байжээ. Тэгэхдээ эрдэнийн хувь, төрийн хишиг зэрэг гоё нэр өгч, Оюутолгой, Тавантолгой хөдлөөгүй байхад алаагүй баавгайн арьсыг хуваасан байдаг. Тавантолгойг тавьж БНХАУ-ын төрийн өмчит "Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээл өнөөдрийг хүртэл төлж, дуусаагүй байна. Улмаар МАН 1.5 саяын үнээр сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч, ялалт байгуулсан ч ард түмэн хожоогүй, улс орон хөгжөөгүй. Дараачийн сонгуульд АН мөн л багагүй амлалт өгч ялсан. Үр дүнд нь "Чингис”, "Самурай”, Димсан” бонд төрсөн түүхтэй. Мөн л монголчууцын амьжиргаа дээшилсэнгүй, Монгол Улсын өр үлэмж хэмжээгээр өссөн. Өөрөөр хэлбэл, өмнөх хоёр сонгуулиар амласан амлалтын горыг одоо амсч, хувийн хэвшлийнхэн мөнгө санхүүгийн хүндрэлийг яс махандаа шингэтэл ойлгож байна. Ирээдүйд ирэх өрийн дарамтыг хэлж мэдэхгүй сууна. Гэтэл дээрх үйлдлээс харахад, хавтгайрсан халамжийн бодлогоос улстөрчид сургамж аваагүй бололтой. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Сонгуульд л ялж байвал галав юүлсэн ч яахав гэсэн байдлаар хандаж байна” хэмээн ангийн нөхдөдөө уурласан нь ийм учиртай аж. Харин ард иргэд, тэд дундаа эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэн саяхны сургамжийг мартаагүй.
Хоосон амлалт, улстөрчдийн түүндээ хүрэх гэсэн мунхаглал Монгол Улсын эдийн засагт хүндрэлийн ул суурийг тавьсан гэж дүгнэсэн. Тэд "2008 оноос үүдэлтэй улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, түүнд суурилсан хавтгайрсан халамжийн тогтолцоо нь Монголын эдийн засгийн бодлого зохистой хэрэгжих боломжийг алдагдуулсан. Эдийн засгийн бууралт, валютын ханшны огцом хэлбэлзэл улс төрийн шалтгаантай” гэж байв. Тэгвэл эдийн засаг туйлдсан энэ үед төрийн түмэн салаагаараа мөнгө цацах нь Монгол Улсыг ямар байдалд хүргэх бол. Уг нь дотоод төдийгүй, олон улсын байгууллагаас төсөв мөнгөний бодлошо чангатгахыг удаа дараа сануулж буй. Монгол Улсын гадаад өрийг эдийн засгаа нугалчихсан байгаа.
Үүнээс онцлоход, "Jubilee debt campaign” байгууллагаас Засгийн газрын гадаад өр нь хямралд орох эрсдэлтэй 14 орны тоонд Монгол Улсыг багтаажээ. Олон улсын валютын сан ч Монгол Улсын нийт өрийг ДНБ-ий 180 хувьтай тэнцүү хэмээн зарласан бөгөөд өрийн хямралд орох эрсдэл өндөр гээд эрх баригчид бодлогоо улам чангатгах хэрэгтэйг анхааруулсан. Гэвч УИХ-ын гишүүд хоёрхон сарын өмнө төсөвг тунхагласан "Хасна, танана” уриагаа хэдийнэ мартжээ.
Сонгууль тойрсон мунхаглал намаасаа фракц, фракцаасаа хувь хүнд бүрэн халдварлажээ. Тойргоо тодорхойлсон заримынх нь хувийн тоглолт олон нийтийн сүлжээнд анхаарал татах болов. "Монголчууд бид азтай ард түмэн. Төрийн түшээд нь ус зөөх савнаас авахуулаад хананд өлгөх хуанли хүртэл бэлтгээд өгчихдөг”, "Гал бичин жилийн зурхай, Жанрайсиг бурхны хамт манай гэрт иржээ”, "Бусад тойргийнхон бэлэг тараагаад л байх юм. Манай тойргоос сонгогдсон гишүүд яасан юм бол оо” зэргээр улстөрчдийн хайр зарлалт ёс зүйгээ алджээ. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг нь сонгох, сонгогдох эрх буюу парламентын сонгууль. Харин үнэт зүйлийг эд, мөнгөөр хэмжих дуудлага худалдаа болгож хувиргасан нь харамсалтай.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Д.МЯГМАРДОРЖ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих