Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Инфляци буурсан үзэгдлийг янз бүрээр тайлбарлаж байна. Монголбанкны зүгээс ямар хүчин зүйлүүдтэй холбоотой гэж үзэж байна бэ?
- Инфляци буурахад бодитой нөлөөлсөн зүйл бол нийлүүлэлтийн гаралтай инфляци байхгүй болсон үзэгдэл. Энэ төрлийн инфляци нийт инфляцийн гуравны нэг хувийг эзэлдэг байсан. Мах, гурил, шатахууны үнийг хөөрөгдөж байгаад ашиг олдог байсан. Энэ үзэгдэл байхгүй болсон. Нэг ёсны нийлүүлэлтийн гаралтай сувгийг байхгүй болгосон. Хоёрт, цалин, тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө олгох амлалт өгөх, уриалах энэ бүхэн багассан. Өмнө нь цалин нэмнэ, түүнийг дагаад хүнсний үнэ өсдөг байсан. Жишээ нь, өргөн хэрэглээний барааны үнэ хоёр дахин өссөн тохиолдолд бага дунд орлоготой иргэдэд гурав дахин ачаалал үүсгэдэг байсан. Одоо энэ бүхэн арилсан. Гарсан энэ эерэг өөрчлөлт нь тогтвортой байдлыг бий болгож байна.
- Ипотекийн зээл одоо хэвийн олгогдоод явах уу?
- Ипотекийн зээл сая гаруй хугацаанд зогслоо. Энэ гацаа арилсны дараа хэвийн олгогдож байгаа. Одоогоор 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байгааг бидэнд ирсэн мэдээлэл харуулж байгаа. Арилжааны зургаан банкин дээр 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгосон байна лээ. Холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт орох замаар ипотекийн зээл олгогдож эхэлсэнтэй холбогдуулан Монголбанкнаас тодорхой хугацаанд баригдалгүй зээлийн мэдээллийг олон нийтэд мэдээлээд явна.
- Урьдчилгаа төлбөрийг 30 хувиас буулгах асуудал яригдаж байгаа. Зах зээлд хэрэгжээд яах боломжтой юу?
- Орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувиас бага байх нь Монголбанкны хувьд зохимжгүй гэж үздэг. Бид энэ байр сууриа хадгалж байгаа. Нийт зээл дээр ирж байгаа эрсдэлийн хэмжээ 70 хувиас илүү байж болохгүй. Моргейжийн тогтолцооны амин сүнс нь өөрөө энэ юм. Олон Улсын туршлагаар ч гэсэн харж болно. Хэрвээ 30 хувиас буулгах гэж байгаа бол үүнийг халамжийн бодлогын хүрээнд шийдэх асуудал нээлттэй. Засгийн газар, байгууллага, хувь хүн халамжийн бодлогын хүрээнд тодорхой түвшинд ямар хэлбэрээр шийдэх гарц үүсгэх нь тухайн шийдвэр гаргаж байгаа хүний асуудал болно гэж бид үзэж байгаа.
- Найман хувийн хүүг таван хувь болгох асуудал хэзээ эцэслэн шийдэгдэх бэ?
- Монголын эдийн засаг хавар, намар сэргэдэг мөчлөгтэй. Энэ үеүддээ аливаа зээлийн асуудлыг хөнгөлөх, тухайн зээлийн зээл олгох үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг. Тэгэхээр гурван сард таван хувь болгох асуудлыг бид цэгцлэхээр ажиллаж байна. Бусад төрлийн зээлийн хүү мөн энэ үеэр бууруулах ажлыг эрчимжүүлэхээр яригдаж байгаа.
- Бэлтгэл ажил хийгдээд эхэлсэн гэж ойлгож болох уу?
- Засгийн газартай бид хамтран томоохон тооцоо судалгаа хийж ажлыг эрчимжүүлнэ. Үүнтэй холбоотой 15 ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Ихэнх ажлууд нь ерөнхийдөө жигдэрсэн. Таван гэрээ өөрчлөгдөхийн зэрэгцээ засгийн газраас холбогдох журмандаа өөрчлөлт оруулах ажлууд хийгдэх юм. Моргейжийн найман хувийн зээлтэй иргэд таван хувь руу дагаад шилжинэ.
- Малчны зээлийн хүүг ерөнхий сайдын зүгээс сар шинийн баяраас өмнө буулгах чиглэл өгсөн. Яг хэдийгээр буурахаар байгаа бэ?
- Малчны зээлийг ойрын хугацаанд А данстай холбоотой үйлдвэрэлийн зээл хэлбэрээр хүүг нь бууруулах ажил хийгдэнэ. Зээлийн хүү одоогоор алижааны банкууд дээр сарын 2.5 хувь, жилийн 30 хувийн хүүтэй байгаа. Малчны зээлийн хүүг сарын 0.8 хув болголсноор 10 хувь руу орж ирэх боломж байгаа гэж бид үзсэн. Ингэснээр малчны зээлийн хүү гурав дахин бууна гэсэн үг. Одоогоор арилжааны банкуудаас 240 тэрбум орчим төгрөг малчны зээл хэлбэрээр гарсан байгаа. Цагаан сараас өмнө амжих эсэх нь засгийн газрын асуудал.
- Цалин тэтгэврийн зээлийн хүүг Монголбанкны зүгээс буурах боломжгүй гэж үзсэн хэрэг үү?
- Инфляци буурч байгаа учраас нийт зээлийн хүү буурах ёстой. Гэхдээ эдийн засагт ирэх үр өгөөжөө бодолцох үүднээс хэрэглээ, импортыг дэмжсэн зээлийн хүүг шууд бууруулчихаж болохгүй байгаа. Эхний ээлжинд хуримтлал, экспортыг дэмжсэн, ажлын байрыг нэмэгдүүлсэн зээлийн хүүг бууруулна. Бусад төрлийн зээлийг бодлогын инфляцийн түвшинтэй уялдаж буурах нь зүйтэй гэж харж байна.
- Зээлийн хүү буурахаар инфляци дагаад өснө гэх таамаг явж байгаа?
- Зарим хүмүүс зээлийн хүүг бууруулахаар инфляци буцаад өсчихвөл яах юм бэ гэж асуудаг. Өсгөж болохгүй зүйлийг бид өсгөж болохгүй. Инфляци өнөөдрийн түвшинд ирэх хүртэл бид маш их хөдөлмөрлөсөн. Тиймээс бид инфляцийг өсгөдөг хүчин зүйлүүдийг таслан зогсоож, тайрах учиртай. Инфляции өсгөдөг хамгийн том хүчин зүйл бол төсвийн алдагдал. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт, халамжийн бодлого тэргүүтэн эдийн засагт сөргөөр нөлөөлж, төсвийн алдагдал хэлбэрээр дараачийн онууддаа дарамт болдог. Бид үүнийг л засах ёстой.
- Малчдыг А дансанд үндэслэн үйлдвэрлэгч гэж үзснээр зээлийн хүү буурна гэлээ. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдийн зээлийн хүү дагаад буурах боломжтой юу?
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээ буюу үнийн сүлжээнд экспортын бүтээгдэхүүн нь багтдаг бол үйлдвэрлэгчийн авсан зээлийн хүү буурна гэсэн үг. Эсвэл үйлдвэрлэгч өөрөө ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлоход дамжиж буй тэр суваг дээр ажилладаг бол дэмжлэг очно гэж ойлгох хэрэгтэй.
- Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголбанкинд тушаагдах алтны хэмжээнд ахисан түвшиний өөрчлөлт авчирч чадах уу?
- Алтны тушаалт сүүлийн хоёр жилийн дотор нэлээд ахисан. Хуучин 2-40 тонн алт тушаагддаг байсан төгрөгөөр худалдан авах толтголцоонд дэвшил гарсан гэж болно. Бид 2014 онд 10 тонн, 2015 онд 14 тонн алт авсан байгаа. Энэ тоо цаашид өсөөд, 20 тонн руу хүрнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. Мэдээж 20 тонны тодорхой нэг хэсэг нь Гацууртаас орж ирэх алт эзлэх юм. Гацууртын ордын төслийг хэлэлцэхтэй холбогдоод бидний ойрын таван жилийн төсөөлөл шууд хамааралтай байгаа. тиймээс ч Монголбанкны зүгээс хэлэлцүүлгийн шатуудыг анхааралтай ажиглаж байна.
- Асуудлыг хэт их ултөржүүлснээс үүдэн эдийн засагт орж ирэх эерэг өөрчлөлтүүд хугацаа алдаж байгаа гэх хүмүүс ч байна. Монголбанкин дээр иймэрхүү нөхцөл байдал үүссэн зүйл байгаа юу?
- Гацуурт дээр улстөржих нь бас буруу биш гэж би хувьдаа харж байгаа. Улстөржилт гэж харахаасаа илүүтэй мэтгэлцээний үе шатууд явж байна гэж ойлгож байгаа. Бид нар аливаа нэгэн асуудлыг сайн хэлэлцэж ярьж, зөв бурууг нь мэтгэлцэж байж шийдэх учиртай. Ингэж байж асуудал маань өөрөө тогтвортой цааш үргэлжлэх өнгө төрхөө олно. Монголбанкин дээр өнөөдрийн байдлаар Гацууртын алт орж ирээгүйгээс үүдэн айхтар сөрөг нөлөө учирчихаагүй. Мэдээж ороод ирэхэд үр ашигтай байгаа нь бол тодорхой.
- Ярилцсанд баярлалаа.
Ж.Мядагбадам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих