Таныг болон Дорнод аймгийн МАН-ыг тойрсон сандал суудлын асуудал гараад багагүй хугацаа боллоо. Тантай холбогдох болсон энэ асуудал яг хэзээнээс, юунаас эхэлсэн юм бэ?
-Дорнод аймгийн ИТХ 35 гишүүнтэй. Үүний 18 нь МАН, 14 нь АН-ынх. Нэг нь ИЗНН-ынтөлөөлөгч. Хоёр бие даагчтай.АН-ын 14 дотроо гурав хуваагдчихсан. Тамгатай нэг хэсэг нь Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг намын дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр төлөөлөгчөөс нь эргүүлэн татах шийдвэр гаргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Аймгийн ИТХ-ын XIV хуралдаан өнгөрөгч оны 9-р сард болж, АН-аас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Ч.Энхболдоос ИТХ-д ирүүлсэн дээрх шүүхийн шийдвэр буюу төлөөлөгч Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг эргүүлэн татсан шийдвэрийг энэ үеэр уншиж мэдэгдсэн юм. Энэ үеэс асуудал хурцдаж эхэлсэн гэж хэлж болно. Шүүхийн тогтоолыг ИТХ дээр танилцуулж уншсан надад уншуулсан хүмүүс нь дургүй байх нь мэдээж. Үүн дээр дөрөөлж нөгөөдүүлтэй П.Мөнхтөр буюу Уулаа, М.Бадамсүрэн, С.Мөнгөнбат нар нийлж намайг огцруулах ажил зохион байгуулж, улмаар намаас хөөх хүртэл намын дүрэм зөрчсөн үйлдэл хийсэн. Ер нь манай намын Уулаа АН-ын дарга байсан Г. Болдбаатар нар өмнөх 4 жилд МАН-ын бодлогын эсрэг хамтран ажиллаж намын дарга Засаг даргыг, Намын гишүүн ИТХ-ын даргыг огцруулах удаа дараагийн үйлдлийг хийж ирсэн эртний хамсаатнууд. Хувийн эрх ашгаа аймаг орон нутгийн эрх ашгаас дээгүүрт эрэмбэлсэн нам дамнасан эдийн засгийн бүлэглэл бий болсон. Тийм учраас П.Мөнхтөрийг ИТХ-ын дарга болгохоор зүтгүүлсэн. Гэтэл энэ нөхөр Хурлын тамгыг авах мөртөө буцаад хуучин албан тушаалдаа буюу Чойбалсан хотын дарга болж байна. Энэ хэдэн нөхдүүд төрөөр дур хүслээрээ тоглож Дорнодын ард иргэдийг басамжилж байна.


-Чухамхүү яагаад АН-ын нэр бүхий нөхөдтэй нэгдэн, П.Мөнхтөр М.Бадамсүрэн, болон С.Мөнгөнбат нар таны эсрэг ийм юм хийгээд байгаа юм бэ?
- Би дээр өгүүлсэн, шалтгаан нь зөвхөн ашиг сонирхол нэгтэй улсуудын зорилгод тээг болсонд л байгаа юм. Манай намын гутамшигтай юм нь АН-ын Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг намаас нь хөөсөн намын шийдвэр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс татах шүүхийн шийдвэр нь гарчихаад байхад манай намын дарга М.Бадамсүрэн, Чойбалсан хотын намын дарга П.Мөнхтөр нарын нөхөд цээжээрээ хамгаалсан атлаа өөрийн намын гишүүн Р.Зоригтбаатар намайг намаасаа хөөж, хурлын даргаас огцруулж, төлөөлөгчөөс эргүүлэн татсан ийм хуйвалдаан найруулаад байгаа нь үнэхээр эмгэнэлтэй, гутамшигтай. Намайг зайлуулахын төлөө юуг ч хийхээс буцахгүй балмад авирласан С.Мөнгөнбатыгаа үүрэг гүйцэтгэснийх нь хариуд түүнд аймгийн Засаг даргын зөвлөх хэмээх албан тушаал өгч, хотын А зэрэглэлийн бүсэд хууль бусаар барьсан гражийн барилгынх нь газрын зөвшөөрлийг саяхан хотын дарга Уулаа буюу П. Мөнхтөр хотын ИТХ-аараа батлуулж бэлэг барилаа. Одоо энэ нөхөр аймгийн орлогч дарга болно гээд Засаг даргынхаа өрөөгөөр өдөр бүр орж байгаа сураг байгаа.


-Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд өөр бий юу?
-Энгийн иргэд мэдэхгүй болохоос энэ мэт эрх ашгийн сонирхолоо гүйцэлдүүлсээр байна. Д.Ганцогтыг гэхэд л Аймгийн БОАЖГ-ын даргаар бүтэн жил шахуу ажиллуулж толгойг нь илсээр. Хуулин дээрээ ИТХ-ын төлөөлөгч Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлыг хийж болохгүй гэж тов тодорхой заачихсан байдаг. Ер нь бол С.Ганбатыг Засаг дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан манай М.Бадамсүрэн шинэ томилгоонуудад дан АН намын хүмүүсийг томилоход нь дэмжсэн байдаг. Гэтэл манай намд залуу боловсон хүчнүүд байхгүй биш, байж л байсан. Чадварлаг залуус олон бий.
-Таныг огцруулах гол шалтгаан нь Баянтүмэн сумын нутагт "ТОУУ” гэх компанид хууль бус хайгуулын зөвшөөрөл өгсөн гэсэн яриа байдаг. Үнэхээр ийм юм болсон юм уу?
-ИТХ-ын даргад үнэндээ ийм эрх байхгүй шүү дээ. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрөө эцсийн шийдвэрийг гаргаж зөвшөөрөл өгдөг ганц хүн нь, ИТХ бол зөвхөн саналаа өгдөг л байгууллага. Тийм учраас тус компанид зөвшөөрөл олгох зорилгоор М.Бадамсүрэн өөрийн гарын үсэгтэй албан бичгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид рүү өгсөн байдаг. Тодруулж хэлбэл түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд зааснаар хайгуулын, ашиглалтын зөвшөөрөл олгох, эцсийн шийдвэр гаргах эрх нь Аймгийн Засаг даргад байдаг. Шийдвэр гаргахдаа АМГ, Сумын ИТХ, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид гэсэнгурван субъектээс санал авдаг. "ТОУУ” ХХК нь аймгийнЗасаг даргад хайгуулын тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт тавиад түүний дагуу аймгийн Засаг дарга Хурлын тэргүүлэгчдэд "ТОУУ” ХХК-ийн санал хүсэлтийг дэмжих талаар саналаа ирүүлнэ үү гэж хандсан. Энэ асуудлыгхэлэлцэхээр тэргүүлэгчид хуралдсан. 7 тэргүүлэгч хуралд оролцож, 4 нь дэмжихгүй байхад намайг хувийн сонирхлоор дэмжээд явуулсан гэж энэ нөхдүүд ярьдаг. Бодит байдал дээр 7 тэргүүлэгч байсан. Үүнээс нэг тэргүүлэгч "ДБЭХС” ТӨХК-ийн ойн баяр давхцсан учир албан ёсоор чөлөө аваад явсан. Албан ёсоор чөлөө авна гэдэг бол хүндэтгэх шалтгаан. Нэгжийн тухай хуулинд "Хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчийг зөвшөөрсөн, татгалзсан саналд тооцохгүй” гээд заачихсан байгаа. Ингээд 6 тэргүүлэгчийн санал гурав гурваар тэнцсэн.Тэнцсэн тохиолдолд анхны оруулсан саналыг хүчинтэйд тооцно гэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын журманд бичээстэй байдаг. Хурлын дарга хурлаар шийдсэн асуудлыг ёсчлон батлах үүрэгтэй болохоос дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй. Энэ бол хамтын шийдвэр байсан. Санал тэнцсэн гээд асуудлыг шийдэхгүйгээр иргэн эсвэл байгууллагыг хүлээлгээд байж болохгүй шүү дээ. Төрийн ажлыг гацаагүй явуулах, иргэдийн гаргасан санал хүсэлтэд шуурхай хариу өгөх хэрэгтэй биз дээ. Тэгэхээс хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан юм огтоос байхгүй гэдгийг дахин хэлмээр байна.

-МАН-аас таныг хөөсөн гэх нь үнэн үү?
-Дорнод аймгийн МАН-ын хорооны шийдвэр биш ээ. Дээрх нөхдийн миний эсрэг найруулсан хор, дүрэм зөрчсөн үйлдэл. Тэдний эл тэнэг үйлдлийг намын дээд шатны байгууллага болох МАН-ын Хяналтын Ерөнхий хороо буруу шийдвэр гэдгийг нотолж шийдвэрийг нь хүчингүй болгож тодорхой "үүрэг даалгасан” хэдий ч мань нөхөд улайран зүтгэж өөрсдийн шийдвэрээ зөв мэтээр харж, өнөөдрийг хүртэл эвлэрч чадахгүй байна. Эцэст нь намайг эзгүй хойгуур хүртэл өрөөний минь хаалга үүдийг эвдэн орж, хулгай хүртэл хийлээ шүү дээ.



-Та одоо цаашид яах бодолтой байна?
-Нэгдүгээрт МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд үүсээд байгаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, эцэслэн шийдэж өгөөсэй, хоёрдугаарт Дорнод аймгийн МАН-ын үе үеийн гишүүд, дэмжигчид маань нутаг орондоо болоод байгаа бусармаг хүмүүсийн дээрх үйлдлийг шударгаар дүгнэн цэгнэн дуу хоолойгоо өргөөсэй л гэж хүсэх байна даа.
Ярилцсан:Ш.Адъяамаа
Эх сурвалж:breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих