Нүүдэлчин монголчууд хүн төрөлхтөний түүхэнд өвөрмөц баян уламжлал, оюун сэтгэлгээ, ур ухааны өндөр их соёлыг цогцлоон буй болгосон түүхтэй. Монгол хүн адууг хүслийг хангагч эрдэнэ, хүний дотно нөхөр, наадам цэнгэлийн бахархал хэмээн ойлгож, адууны хөхөл сүүлээр туг сүлд, хуур хөгжмийн чавхдасыг хялгасаар нь хийх зэрэг адууг эрхэмлэх зан үйл арвинтай. Энэ ч утгаар нүүдэлчин монголчуудын өвөрмөц ахуй, соёл гадныхны анхаарлыг гойд татдаг. Сар шинийн өмнөхөн гадны хэвлэлүүдэд монгол морины зураг шуугиан тарьсан гэх мэдээллээр бид "Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаа бэлтгэлээ.

Энэ сарын 11-ний өдөр Их Британийн "The Thelegraph” сонины "Өдрийн зураг” буланд дэлхийн 19 зураг нийтлэгдсэнээс хоёр дахь нь монгол адууны зураг байжээ. Намирсан цайвар дэлтэй монгол адуу олны анхаарлыг ихэд татаж, тус улсын хэвлэлүүдийн нүүрийг дараалан чимжээ. Тухайлбал, Их Британийн "The Daily Mail” сонин олны анхаарлыг татаад буй монгол адууны зургийг нийтэлсэн. Британичууд шарга азарганд "Ellie Gelding” хэмээх хоч хүртэл өгөөд амжжээ. Учир нь шарга азаргыг эдүгээ нэрд гараад буй поп дуучин Элли Гоулдингтэй тун адилхан хэмээн тус улсын сонин, сайтуудад мэдээлсэн байна. Үнэхээр зургийг нь зэрэгцүүлээд үзвэл монгол адуу шаргал үст дуучин бүсгүйтэй тун адилхан харагдаж байсан гэжээ.
"The Daily Mail” сонинд "Поп од Гоулдингтэй усны дусал мэт адил адуу” гэсэн нийтлэл гарсны дараа дуучин бүсгүй өөрийн твиттер хуудаст дахин нийтлэн, өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн аж. Намирсан цайвар дэлтэй монгол адууны энэхүү гайхамшигтай зургийг "Аян трэйвел” ХХК-ийн захирал Чойжилжавын Батзаяа Хэнтий аймагт болсон өвлийн адууны баярын үеэр хальснаа буулгажээ. Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа толилуулъя.
Ч.БАТЗАЯА: ШАРГА АЗАРГАНЫ ЗУРАГ МИНЬ БРИТАНИЙН САЯ САЯ
УНШИГЧТАЙ СОНИН, САЙТАД НИЙТЛЭГДЛЭЭ
-Сайхан шинэлж байна уу?
-Сайхан шинэлж байна.
-Таны авсан гэрэл зураг Британи даяар нэлээн шуугиан дэгдээсэн мэдээлэл цацагдлаа. Энэ шарга адууны зургийг хэзээ, хаана авсан бэ?

-Хэнтийн Батноровт, сар шинээс өмнөхөн их хүйтрэх үеэр (I/16) авсан зураг.
-"The Daily Mail” сонины цахим хуудаст шарга азарганы зураг нийтлэгдсэн байсан. Энэ зураг анх Британийн ямар хэвлэлд гарсан бэ?
-Анх "The Telegraph” сонин "Өдрийн зураг” буландаа дэлхийн 19 зураг нийтэлж, 2-т нь шарга азарганы зургийг сонгосон байсан. 1800-гаад оноос гарч эхэлсэн, маш олон уншигчтай дэлхийн тэргүүлэх сонин шүү дээ. Тэндээс "The Guardian”, "The Sun”, "The Telegraph”, "Daily news” зэрэг сая сая уншигчтай, дэлхийн тэргүүлэх сонин, сайтууд авч нийтэлсэн байсан.
-Таниас зөвшөөрөл авсан уу?
-Английн хэвлэл мэдээллийн агентлагтай хийсэн гэрээний дагуу нийтэлсэн.
-Та гадны агентлагтай хамтарч ажиллаад хэр удаж байна вэ?
-Жил болж байна.
-Нууц биш бол нэг зургаа хэдээр үнэлдэг вэ?
-Дэлхийн жишиг бий л дээ. Хэвлэлийн агентлагтай тодорхой хувь тохироод, гэрээ хийж ажилладаг. Сонин, сэтгүүл, сайтад тавигдах тусам урамшуулал авдаг.
-Шарга азарга танайх уу?
-Үгүй. Би завханы хүн. Батноровт гэрэл зурагчид өвлийн адууны зураг авах арга хэмжээ зохиосон. Батноров эртнээс адууны соёл, мөнгөн эдлэлээрээ алдартай сум. Тожил хийц гэж энэ сумын брэнд бий.
-Та мэргэжлийн зурагчин уу?
-Үгүй ээ. Би аялал жуулчлалын мэргэжилтэй.
-Хэд дэх жилдээ зураг авч байгаа вэ?
-10-аад жил болж байна. Монголын онцлог, ялгарлыг харуулсан нүүдэлчин ахуй амьдралын зургийг голчлон авахыг эрмэлздэг.
-Мэргэжлийн зурагчдын авсан зургаас ялгарахааргүй гоё зургууд байх юм?
-Монгол орноо, монгол ахуй соёлоо гадныханд гэрэл зургаар сурталчлан таниулахыг хүсдэг. Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг болохоор Монголоо сурталчлах талаар илүү их анхаарч ажиллаж байна.
-Таны авсан зургуудыг гадныхан их сонирхдог болов уу?
-Тийм ээ. Угаасаа монгол хүн, монгол ахуй өөрөө их өвөрмөц. Ялангуяа мал аж ахуй, нүүдэлчний соёл гэдэг бидний ялгарал шүү дээ. Гадны жуулчид манай наадам, бүргэдийн ан, цаатны зургийг үзээд Монгол орныг биширдэг.

-Шарга азарганы зургийг яг одоо Британид нэрд гарч байгаа дуучин бүсгүйн зурагтай адилхан хэмээн шуугин хэлэлцсэн юм билээ?
-"Fifty shades of Grey” киноны "Love me like you do" дууг дуулсан шаргал үстэй дуучин бүсгүй Ellie Goulding-тэй адилхан харагдаж байна гэсэн мэдээлэл хэвлэгдсэн. Нийтлэл гарсны дараа дуучин бүсгүй өөрийн твиттер, инстаграм хуудастаа мөн дахин нийтэлж, өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг нь сая сая фэн нь үзсэн байна. Шарга морины зургийг сонинд тавигдсаныг хараад, дуучныг Монголд ирж шарга азаргатай клипээ хийгээч хэмээн намайг уриач гэсэн хүмүүс таарсан нь хөгжилтэй санагдсан.
-Өмнө нь таны авсан зургууд гадны хэвлэлүүдэд гарч байсан уу?
-Миний түрүүчийн зургууд "Yahoo news” тэргүүтэй дэлхийн хэмжээний 30 гаруй сайтад гарсан. Миний авсан зургуудыг www.facebook.com/Ch.BatzayaPhotography хаягаар сонирхож болно.
-Монгол орноо гадныханд сурталчлан таниулах ажилд тань өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Монгол түмэндээ бичин жилдээ давхин ирж буй адуун сүрэг шиг хийморилог байж, амжилт арвин, бүтээл ихтэй байхыг ерөөе!
Д.ЭРДЭНЭТУЯА



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих