Төв Азийн нүүдэлчид тэртээ 5000 жилийн өмнө гаршуулж гэрийн тэжээмэл болгосон аймаар амьтны тухай эрт цагийн судар номноо тэмдэглэсэн байдаг.
"Хэвтэхдээ хоёр шатлал дамжих бөгөөд залааны хоёр, өвдөгний хоёр, тойгны хоёр, өвчүүний нэг нийт долоон сайраараа газар тулж өвлийн хүйтний хөрсөн дээрх 60-70 хэм хүйтэн, зуны 30-40 хэм дулаанаас биеэ хамгаална. Туулай мэт сэтэрхий уруултай, өргөс ихтэй бутлаг ургамлаар хооллох үед нь баруун зүүн хоёр уруул нь тус тусдаа хөдөлнө. Үхсэн нэгнийхээ шарилыг хараад нулимс бөмбөрүүлэн гашуудах агаад, сэг зэмээс нь машид сэжиглэн үтэр түргэн холдоно. Бусад ан амьтан үхсэн ижил төрлөөсөө үл сэжиглэх атал энэ амьтан өөр. Энэ ааш зан нь талийгаачдаасаа цэрвэдэг хүн төрөлхтөнтэй нэгэн адил. Ус уулгахгүй, өвс идүүлэхгүй хуурай өлсгөлөнгийн нөхцөлд байлгахад 70 хоног, ус өгөхгүй зөвхөн өвс өгөхөд 78 хоног, өвс өгөхгүй зөвхөн ус өгөхөд 130 хоног амьдрах чадвартай” гэх мэтээр өгүүлжээ.
Анх уншиж байхад Хятадын луу, Оросын хоёр толгойтой бүргэд шиг домгийн амьтан бололтой гэж бодогдоно. Гэтэл зүгээр л манай тэмээний тухай бодитоор өгүүлсэн юм билээ. Тодруулж хэлэхэд, "Camel" тамхины хайрцган дээр зураг нь байдаг ганц бөхт саран тэмээ (Camelus dromederlus)-ний тухай бус хоёр бөхт монгол тэмээ (Camelus bactrianus)-ний тухай гэж ойлгоорой.
Египетээс олдсон хадан дээрх тэмээний сүг зургийг ойролцоогоор 3-5 мянган жилийн настай, энэ нь хамгийн эртнийх гэсэн ойлголт хэсэг хугацаанд ноёлж байв. Гэтэл Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд Цэнхэрийн агуйн хананд буй тэмээний зураг шинжлэх ухааны судалгааны эргэлтэд орсноор хамгийн эртнийх гэсэн цаг хугацаа нь наад зах нь 10 мянган жилээр урагшилсан юм. Хойд Цэнхэрийн агуй нь одоогоос 15-40 мянган жилийн тэртээ бидний өвөг дээдэс амьдарч байсан гэр билээ. Түүний хананд тэмээн хяруул, арслан заан зэрэг амьтны сүг зурагтай зэрэгцээ тэмээнийх бий. Харахад, ширээ бөхтэй тэр тэмээ сүүлээ моодойлгон, хоёр чихээ соотойлгож шөмбөгөр толгойгоо өргөн ямар нэгэн чимээг анирдан чагнах мэт зогссон байдаг. Монголчуудын Тэмээ судлалын эхэн үеийн тухайд өгүүлэхэд, 1700-гаад онд бичсэн "Тэмээний сан”, "Тэмээний золиг” судар. 1900-гаад оны төгсгөлөөр оточ Цэвэлванчигдоржийн зохиосон "Сүрэг малчин дор тус хүргэж үйлдэхийн уг тэтгэх аргууд”, мөн говийн Дорж мээрэнгийн "Малчнаа сануулах сэдэв”, "Говийн эмчилгээний тухай” зэрэг номыг дурдаж болно.
Манай улс 1950-иад оны дундуур нийт 856 мянган тэмээтэй байжээ. Тухайн үед Өмнөговь 196 мянган тоо толгойгоор хамгийн олон тэмээтэй аймаг, Номгон сум 10 мянга гэсэн үзүүлэлтээр хамгийн олон тэмээтэй сум хэмээн гайхуулж явжээ. Үүнээс хойш тэмээн сүргийн тоо хорогдсоор байсан бөгөөд төр засгаас тэмээн сүргийг өсгөх, тэмээчдийн ажил үйлсийг дэмжих талаар онцгойлон анхаарал тавихаас аргагүйд хүрсэн байна. Ингээд дээд газраас 1973 онд "Тэмээн сүргийг өсгөх талаар авах арга хэмжээний тухай” тогтоол гарч тэмээ өсгөсөн сумуудыг урамшуулах "Мөнгөн буйл” шагнал бий болгосон түүхтэй. Үүнээс улбаатайгаар 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн баяр наадам болж албан ёсны анхны "Тэмээний уралдаан” болсон. Уг баярын хөтөлбөрт буйл зорох, бурантаг томох тэмцээн багтсан байлаа. Наадмын үеэр тэмээн сүргээ түм буюу 10 мянгад хүргэсэн Өлзийт сумынхныг мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнасан.
Тэмээ уралдсан тэмээч-дийн анхны баяр наадмаас хоёр жилийн дараа 1975 оны арванхоёрдугаар сард Улсын тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөгөөн Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хөл нүргээнтэй ёслол төгөлдөр болж, дуучин П.Адарсүрэн "Тэмээн дээрээс наран ойрхон”дуугаараа анхлан ая барьсан.
Энэхүү дууны шүлгийг Жан.Шагдар найрагч зохиож, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн ая хийсэн билээ.
Сонирхуулахад Өлзийт нутгийн унаган хүү, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа найрагч 1973 онд болсон Тэмээний анхны уралдааныг шүлэглэж сурвалжилсан юм. Уншигчдадаа уг уран бүтээлийн хэсгээс толилуулъя
Тэмээний уралдаан
(тэмээчдийн баярын сурвалжлага)
Телевизийн дэлгэц дээр
Тэмээний уралдаан гарав.
"Дундговь аймгийн Өлзийт сум” гэж
Дуу хуур уянгалав.
Өлзийт сумын нутаг
Өөш Манханы говь харагдав.
Хөнжлийн хөх уул
Хөндөлсөнхөн үзэгдэв.
Бууран тэмээт, Шар-Уул
Буурал Угалз, Цагаан суварга
Багын сайхан нутаг минь
Байгаа янзаараа харагдав.
Сумын төв үзэгдэнэ.
Сургууль, эмнэлэг харагдана.
Орчин үеийн загвартай
Орон сууцны байшингууд үзэгдэнэ
Тэгтэл
Тэнгэрийн хаяа алслан
Уралдаж яваа тэмээдийн бараа
Улам улам жижигрэн харагдав.
Зураг дүрс тодрон
Нэг нь нөгөөгөөр солигдож
Зуун тэмээний уралдаанд
Говь нутаг цэлийв.
Телевизийн дэлгэц дүүрэн
Тэмээний туулай хамар
Хоёртунгалаг нүд Холын их тэмүүлэл үзэгдэв.
Тэмээ тэмээнийхээ хойноос Тэшин тэшин гарав.
Тэгшхэн талын зоон дээгүүр Нисэн нисэн гарав.
Дөрвөн тавхай нь Жирэлзэн жирэлзэн өнгөрөв. Дөрөөн сэнж
Гялалзан гялалзан өнгөрөв. Тэртээгийн уул Хэвтэн налан өнгөрөв.
Тэмээчний жаалууд Босон суун өнгөрөв.
Гэнэттэггэл Сумын төв гарч ирлээ.
Гэр майхан Олон хүн гарч ирлээ.
Танихаас
Хамгийн түрүүнд Тавхай гуай Тамхиа бас мартаагүй Татсаар үзэгдэв.
Гэтэл дэргэд нь Гэндэн гуай зогсож байна.
Энгэр дээрээ Сүхбаатарын одонтой Элбэг сайхан мишээж байна...
Б.Ерөнтэй /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих