Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй
орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан
нийлсэн 5 000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог
хийгээд буй. Уг арга хэмжээнд зориулж нийтдээ 40 тэрбум төгрөг
зарцуулахаар тооцоод байгаа гэх мэдээлэл байна. Хэдийгээр олон улсын
томоохон арга хэмжээ хэдий ч манай төр, засгийнхан хөнжлийнхөө хэрээр
хөлөө жийж, бэлтгэл санхүүжилтийг нарийн тооцоолон гаргах нь зүйтэй.
Дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээг улс орондоо зохион байгуулна
гэдэг нэр төрийн хэрэг. Гэвч өөрийнхөө боломж бололцооноос хэтийдсэн
зарлага гаргаж үргэлгэн загнах нь хэр оновчтой бол. Хамгийн эхний
ээлжинд гадны зочид төлөөлөгчид зориулсан машины асуудал толгой өвтгөж
байна. Албаныханы мэдээлж буйгаар АСЕМ-д зориулж 320-350 автомашин болон
тусгай зориулалтын 5-6 машин хэрэглэгдэх тооцоо гарчээ.
Үүнийг
зарим иргэд хэт чамирхах гэж байгаад өөрсдийгөө муухай харагдуулж
магадгүй гэх байр сууринаас хандаж байна. Өөрөөр хэлбэл үнэтэй дээд
зэрэглэлийн бенз машин унууллаа гээд монголчуудыг хэн ч сайхан амьдарч
байгаа гэдэгт итгэхгүй. Харин ч эрх баригчдыг улс орных нь нөхцөл байдал
хүндхэн байхад татвар төлөгчдийн мөнгийг үргүй зардалд зарцууллаа гэж
эгдүүцэх болов уу.
Мөн АСЕМ-д зориулж гаргаж буй бас нэг зардал нь Богд уулын хормойд
баригдаж буй АСЕМ виллаж юм. Тодруулбал энэ нь "АСЕМ Виллаж” гэх дээд
зэрэглэлийн байгууламж юм. Энэхүү барилга нь энэ жил болох АСЕМ-ын дээд
хэмжээний уулзалтад хүрэлцэн ирэх төрийн тэргүүнүүдэд зориулагдан
баригдаж байгаа.
Тус барилгыг MCS групп барьж байгаа бөгөөд
хэдэн төгрөгийн өртөгөөр барьж байгаа гэдэг нь тодорхой бус байгаа юм.
Мөн зочид төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зүйлээс авахуулаад маш
их хэмжээний зардал гарна.
Дээрээс нь нэмээд хотын иргэдийг АСЕМ-ын үеэр хотоос гарахыг зөвлөсөн нь
иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа юм. Эх сурвалжуудын хамгийн
сүүлд мэдээлж буйгаар АСЕМ-д зориулж олон тооны онгоц худалдаж авахаар
болжээ. Ойролцоогоор 40 орчим онгоц ашиглахаар төлөвлөсөн бөгөөд эрх
баригчид шаардлагатай онгоцуудыг өр, зээл тавиад ч хамаагүй ав гэх
зааварчилгааг өгчээ. Манайхаас өөр ямар ч улсад зээлсэн мөнгөөрөө
онгоцыг талх шиг авдаг газар байдаггүй. Бүгд эргэн төлөгдөх
нөхцөлтэйгөөр зээлж авдаг юм. Ямартаа ч АСЕМ-ыг зохион байгуулах нь зөв.
Гэхдээ
өөрсдийн нөөц бололцоонд байхгүй зүйлийг хийх гэж төсвөө хүнд байдалд
оруулах нь буруу юм. Ямар ганцхан АСЕМ-ыг зохион байгуулаад л Монгол улс
дампуурлаа зарлалтай нь биш дээ.
Өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед хөдөө хөхөрч гадаа гандаж яваа малчиддаа
ганц боодол өвс хүргэж өгөхгүй хэрнээ АСЕМ гэх өртөг бүхий үйл
ажиллагаанд дурлах нь ямар учиртай юм бэ. Зарим сумд өвс тэжээлгүй
болсноо зарлаад төрөөс тусламж хүсэхэд АСЕМ болох гэж байна гээд
буцаасан сурагтай. Одоогийн байдлаар 100 гаруй суманд өвөлжилт хүндрээд
байна, Ерөнхийлөгчөө.
Г.ДОРЖ
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15339
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих