"Наран туул” зах 3 дахь удаагаа шатсан нь олны анхаарлыг татаж байна. Тус захын торго, бөс барааны 127 лангуу шатаж, 176 түрээслэгч нарт их хэмжээний хохирол учирчээ. Түрээслэгчдийн хамгийн доод тал нь хоёр сая төгрөгийн бараа материал хадгалж байсан бөгөөд нэлээд хэсэг нь 10 сая орчим төгрөгийн бараатай байснаас одоо тэнд юу үгүй болоод байна. 2013 онд хүнсний худалдааны хэсэг нь 100 хувь шатсан байлаа. Энэхүү хохирлоо түрүүслэгчид өнөөдрийг хүртэл барагдуулж чадаагүй байгаагийн дээр уг галын хэргийг хууль хяналтынхан одоо болтол бүрэн шалгаж шийдвэрлээгүй байгаа ажээ. Тэгвэл "Наран туул”-ын босс Ш.Сайхансамбуу өчигдөр өөрийн цахим хуудсанд "Гал тавьсан этгээдийг би мэдэж байгаа. Надад өшөрхөөд ингэж байгаа бол шууд үзэх хэрэгтэй ш дээ” хэмээн жиргэсэн нь мөн л шуугиан тариад байна. Түүний хэлснээр бол "Нарантуул” захын бизнесийн өрсөлдөгчид нь ийнхүү удаа дараа галдан шатааж хортоолж байгаа бололтой. Үүнийг нь батлах мэт хохирол амссан зарим түрээслэгчид нь ч бас "Энэ бол гаднын санаатай халдлага” гэсэн юм. Энэ удаагийн галын дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Бөс барааны лангуу байрлуулсан 2 мянга гаруй метр квадрат талбайд цахилгааны шугам сүлжээ огт байхгүй хэсэг ч байдаг байна. Түүнээс гадна энэ хэсэгт камержуулалт бүрэн бус байсан тухай эх сурвалжууд хэлж байгаа ажээ. Мөн өөр нэг сонирхол татаж байгаа зүйл гэвэл Ш.Сайхансамбуугийн хүргэний хариуцсан гэх уг түрээсийн лангууны талбайд гарсан галын хохиролыг тус захын удирдлагууд хариуцахгүй гэсэн яриа гарчээ. Өчигдөр Ш.Сайхансамбуу нь зарим түрээслэгчдэд энэ тухайгаа хэлсэн гэнэ. Үүнийг сонссон түрээслэгчид нь нэлээд бухимдаж байгаа аж.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих