Засгийн газар өнгөрсөн Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох журмыг эцэслэн баталлаа. Энэ сарын сүүлээр олгогдож эхэлнэ гэгдэж байсан таван хувийн асуудал хаврын чуулганыг хүлээх, бүр бүтэхгүй байж ч магадгүй гэх дуулианаар Монголбанк гэнэт түргэн авч, нэг удаадаа асуудлыг ингэж намжаав.
Тодруулж хэлбэл, өнгөрсөн долоо хоногт Өргөдлийн байгын хороо банкны салбарынхантай ипотек, малчны, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж, нөхцөлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр банкны салбарынхан ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох, цаашлаад зээлийн хүүнүүдийг буулгах чадамжгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр Төв банкнаас цаасан мөнгө хэвлэх асуудлыг ч сөхөх учиртайг сануулаад амжсан.
"Ер нь бол ядуурал, мөнгөний хомсдол сэлтээ засгийн газар хариуцах учиртай. Банкны салбар өнгөрсөн жил 960 тэрбумын алдагдалтай ажилласан. Бид эдийн засгийн тооцоо судалгаагүй амлачихсан улстөрчдийн мэдэгдлийг гүйцэлдүүлэх албагүй" гэх утгатай үг өгүүлбэрийг банкны салбарынхан тун ч зоригтойгоор дуугарч байсан. Мэдээж энэ үг хэвлэл мэдээллийнхний чихний хажуугаар өнгөрчихгүй.
"Таван хувь ер нь бол бүтэхгүй" гэх мессежийг хэвлэлийнхэн шүүрч авангуут засгийн газарт сэрүүлэг хангинаж, таван хувийн асуудлыг дахин сөхөхөд хүрсэн байна. Ингэснээр Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулах, бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэсэн шийдэлд засгийн газар хүрсэн байна.
Өөрөөр хэлбэл, засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдан газраа байраар сольсон иргэддээ жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгох юм. Мөн гэр хороололд баригдсан орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн хувьд ч ийм зээлд хамрагдах боломжтой аж. Гэвч гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хичнээн орон сууц баригдаж байгаа, ашиглалтад орсон нь хэд билээ гэдэг нь өнөөдрийн бодох асуудал юм.
Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээлснээр 2013-2014 онуудад дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 4000 орчим айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад заримынх нь барилгын ажил удааширч, саатсан тохиолдол бий. Тодруулж хэлбэл, 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 582 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу дээрх орон сууцанд 300 гаруй өрх орсон байна.
Улмаар гэр хорооллын хөгжлийн газраас өнгөрсөн онд нийт 7000 айлын орон сууцны барилга эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдээлсэн. Үүнээс 2500 орчим айлын орон сууц ондоо багтааж ашиглалтад оруулна гэж онцолсон нь бий. Тэгэхээр одоо зах зээл дээр дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан барилгууд маш бага нь тодорхой харагдаж байна.
Гэтэл эзнээ хүлээсэн байрны тоо 18.400-д хүрчихээд байгаа. Үүний ердөө 10 хүрэхгүй хувийг нь дахин төлөвлөлтийн байр эзлэж буй.
Тэгэхээр таван хувийн зээлэнд хамрагдахыг хүссэн иргэд "Баганат өргөө”, "Гангар Инвест” "Monnis Urban Development”, "Бүрд констракшн” зэрэг цөөн хэдхэн барилгын компанийн барьсан барилгуудаас сонголтоо хийх нь. Эдгээрээс одоо зах зээл дээр "Хангай", "Цагаан хуаран" , "Баганат өргөө" зэрэг тоотой хэдхэн компаниуд ашиглалтад орсон байраа борлуулж байна. Цаашид шат дараатай энэ тоог нэмэгдүүлнэ гэгдэж байгаа ч баталгаагүй. Тэгэхээр иргэдийн сонголт хумигдаж, дахин төлөвлөлт авсан хэдхэн компаниуд монополи эрхээр байраа богино хугацаанд борлуулахаар харагдаж буй юм.
Эдийн засагчид найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг цаашид урт хугацаанд олгогдох боломжгүй гэдгийг тодорхой зарлачихсан. Тэгээд ч сонгуулийн дараа ямар ч улстөрийн шийдвэр гарчих эрсдэлтэй тул зээлэнд орох иргэдийн хувьд яаравчилж буй нь үнэн. Ийнхүү хүлээлт үүсгэж, байранд орох хүсэлтэй хэн бүхнийг баярлуулсан таван хувь эцэстээ ийм гомдмоор хувилбараар гарч ирэв. Цаашлаад өмнө нь зээлэнд орсон иргэдийн зээлийн хүү буурахгүй. Урьдчилгаа хөдлөхгүй. Яг ийм байдлаас таван хувь руу зүтгэх гарц л иргэдэд байна.
Ж.Мядагбадам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих