Хаврын халуухан улстөр өнгөрөгч долоо хоногийг ч тайван өнгөрөөсөнгүй. Том гэгдэх ах намууд олны анхаарлыг татахын зэрэгцээ АН-ынхан сөрөг цохилт хийн нийтийн анхаарлыг өөрсдөдөө татахыг хичээв.

Тодруулбал, Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан гуравдугаар сарын 1-нд МАН, МАХН-ын удирдлага, УИХ-ын гишүүд, дэмжигчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн.

Түүнчлэн "Эх орончид ба ардчилал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, цаашид МАН, МАХН нэгдэхгүй юм гэхэд УИХ-ын сонгуульд эвсэж орлцох боломж бий гэдгээ өрсөлдөгч намынхандаа анхааруулав. МАН, МАХН-ын дарга нар эвлэлдэн нэгдэх талаар нэг ч үг хэлээгүй ч тайзнаа ихэд дотноор тэврэлдэн гар барих нь хуучны нөхөрлөлөө сэргээх боломжтой гэдгийг батлахыг оролдон жүжиглэв.

Энэ сацуу мэргэжлийн уран бүтээлчдэд гологдохооргүй хийгдсэн нэгэн видео мэндчилгээ хүмүүсийн инээдийг барав. Хэргийн эзэн нь Баянгол дүүргийн Засаг дарга асан Л.Амгалан. Хөөрхий эмэгтэй хүндэтгэж явдаг хүнийхээ гэгээн дүрээр мэндчилгээ дэвшүүлэхээр болж, бор малгайдаа төрийн сүлдтэй таван хошуу байрлуулан их л донжтойгоор "Эх орончдын баяр”-ын мэнд дэвшүүлсэн аж. Харамсалтай нь гайтай хакерууд түүний малгайн өнгийг ногоон болгосноор хамаг хэрэг мандаж, намынхаа нэр хүндийг шалбаагт хутгаад амжлаа.

Мэндчилгээний зохиомжтой, зохиомжгүй бас зохистой эсэхийг нийгмийн сүлжээнийхэн хэлэлцэж байх үед АН-ынхан зүгээр суусангүй ээ. Тэд арай өргөн хүрээг хамрах утгаар нь АСЕМ-ийг онцолж, гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ийн нэрэмжит болгов. Хартай хүмүүс АН "Эх орончдын өдөр”-ийг баллуурдах гэж байна гэсэн бол хөөрхий үнэндээ 1996 оны энэ өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо АСЕМ-ын анхны хурал болж байжээ. АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрх авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдөр АСЕМ-ийн тухай анхны лекцээ уншив. Бүтэн цаг 30 минут үргэлжилсэн түүний лекц биднийг АСЕМ-д "ЗА” гэж хэлэхээс аргагүй болтол "сэнхрүүлэв”. "Юун АСЕМ, наана чинь улс орны нийгэм, эдийн засагтай холбоотой өчнөөн асуудал байхад” хэмээн унтууцсан хүн ч "Нээрэн, энэ чинь манай улсын хувьд нэр төрийн хэрэг юм биш үү” гэж бодохоор л юм болов.

Том, жижиг намуудын улс төржилтийн далд шалтгаан юу байв

Улс төрийн нам хүчнүүд тэр дундаа парламентад суудалтай намууд өөрсдөдөө зориулж Сонгуулийн хуулийг боловсруулан, баталдаг гэдэг. Гэтэл энэ бүр хэрээс хэтэрч АН энэ удаа тус хуулиас "сонгуулийн санал хураах өдрөөс зургаан сарын өмнө гар хүрч болохгүй” гэх утгатай заалтыг нь авч хаяж байгаад тухтай үзэхээр шийджээ.

Тодруулбал, оны өмнөхөн шуурхайлан баталсан Сонгуулийн хуульд дээрх заалт байгаагүйг хэнбугай нь асуудал болгон хөндөлгүй, батлаад явуулчихсан. Өдгөө УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, түүнийг нь Засгийн газрын хуралдаанаар оруулсан гэнэ. Засгаас дээрх төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд "Тусгайлан өгөх санал” алга гэсэн хариуг өгчээ.

Тэгэхээр тун удахгүй Сонгуулийн хуульд өөрчлөлт орж мэдэхээр байна. Парламентад суудалгүй болон олны нэрлэж заншсанаар жижиг намууд үүнд ихээхэн эсэргүүцэл үзүүлж байгаа. Гэхдээ амжилтад хүрэх нь юу л бол. Дайны хажуугаар дажин гэгчээр шинэ хийгээд жижиг намууд нь учир зүйгээ дотооддоо олж чадахгүй хуваагдаж эхэлсэн нь ёстой л тараа таниулж эхлэв гээч боллоо.

ИЗНН-ынхан АН-тай нэгдэх гэхээр зарим орон нутгийн гишүүд, дэмжигчид нь эсэргүүцэн, дуугарч эхлэв. Овоо гайгүй цэвэрхэн хүмүүсийг багтаасан гэгдээд байсан ХҮН-ынхан ч ялгаагүй хуваагдаж, талцан даргын суудлаа булаалдаж буй нь олонд тийм ч таатай сэтгэгдэл төрүүлсэнгүй. Ганц нам хоёр даргатай болж байгаа "үлгэр”-ийг ХҮН-ынхан харуулж, би, чи-дээ туллаа.

Сар шинийн баярын өмнөхөн Ерөнхий нарийн бичгийн даргаа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шинэ дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар нь бужигнуулаад байна гэх зэргээр үг, гомдол дайж, эцэстээ өмнөх генсек Т.Доржханд тэргүүтэн нь Б.Найдалааг даргаараа сонголоо хэмээн сүрийг үзүүлж байв. Тэгсэн дэд дарга С.Боргил нарын хүмүүс Намын төв хороо, Удирдах зөвлөлийн хуралдаанаа хийж бүх асуудлаа цэгцэлсэн тухайгаа мэдэгдэв. Энэ мэт үйл явдлууд Монголд намчирхал хэт газар авч, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэдгийг давхар бататгав.

Эдийн засаг хямрах эсэх нь сонин биш нийтэд таалагдах нь чухал

Улс төрийн намуудын тэмцлийн зэрэгцээ улсын ажил явагдсан хэвээр. Тэдгээрээс онцлоход Засгийн газар өнгөрөгч долоо хоногт хэд, хэдэн шийдвэр гаргаж, нааштай гэх эхлэлүүдийг тавьсан. Юутай ч ОХУ-д төлөх их өрийн хөнгөлөлтөөр үлдсэн 3.8 сая ам.долларыг төлж, Монгол Улсын нуруу тэнийсэн.

Үргэлжлэлийг http://politik.mn/post/7032 -аас уншина уу