Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 6-ны өдөр "Хан
Ресурс” компанийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийж, Монгол Улсын Засгийн
газар болон "Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын
Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэжээ.
Эргэн санавал, Дорнодын ураны орд газарт үйл ажиллагаа явуулж байсан
Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс” компанийн лицензийг 2009 оны
долдугаар сарын 10-нд цуцласан юм..
Үндэслэл нь энэ компани нөхөн сэргээлт хийгээгүй гэв. Уг нь дээрх
дүгнэлтийг гаргасан манай МХЕГ-ын байцаагчид дөрөвдүгээр сард нь очиж
хяналт хийчхээд "Болж байна, сайхан байна...” гэж магтаж магтаж буцжээ.
Гэтэл тэрхүү ажилласных нь дүгнэлт улсын баяр наадмын өмнөхөн "цаас”
болохдоо ингэж шийдсэн байна. Тэр үед Ерөнхий сайд С.Баяр байв. МХЕГ,
Ашигт Малтмалын Газар, Цөмийн Энергийн Газар, бүр Ерөнхий сайд хүртэл
хандсан гэдэг. Манай хариу ойлгомжтой. Асуудал нэгэнт шийдэгдсэн, эзэн
нь юмаа мэдье гэсэн биз.
Гэвч эцэст нь лиценз цуцалсны цаад шалтгааныг манайхны учир мэддэг
улсаас хэн нэг нь "Хан ресурс”-ынханд хэлээд өгчихөж. Тэр нь улс төр,
хууль хяналт, бизнесийн хүрээнийхний барим тавим нотлон ярьдгаар Ерөнхий
сайд С.Баяр Орост айлчлахдаа амласнаа ийн биелүүлсэн болж таарав.
Тэрбээр Орост айлчлахдаа хамтдаа "Дорнод уран” байгуулж үзүүлээд өгье,
би дор нь шийдчихнэ гэчихээд ирсэн гэдэг.
Ингээд манай Засгийн газрыг гуйж гувшсаар, өмнө нь яажшуухан хамтарч
ажиллахаар тохирч байснаа сануулан хоёр жилийг үдэж. Тэгж тэгж анх
лиценз эзэмшин үйл ажиллагаа эхлэхдээ манай Засгийн газартай байгуулж
байсан гэрээнийхээ дагуу 2011 онд Арбитрын шүүхэд хандсан байна.
Манай улс өнгөрсөн хугацаанд Канадын хөрөнгө оруулалттай "Хан Ресурс”
компанитай хэд, хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард суусан ч өнөөг
хүртэл дорвитой шийдэлд хүрч чадаагүй байсан юм. Харин ч бүр эсрэгээрээ
олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу өдөрт 7000 орчим
ам.долларын хүү төлж, энэ нь жилээр бодоход 100 гаруй сая ам.долларын
"тооцоолоогүй” их өрийн дарамтыг бий болгоод байсан юм.
Э.Сүрэн
sonin.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=15458
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих