Монгол цэргийн өдрийг угтан "Амьдралын тойрог” булангаа Д.Сүхбаатар
жанжны нэрэмжит Зэвсэгт хүчний 015 дугаар ангиас бэлтгэхээр зорин очсон
юм. Эх орноо батлан хамгаалах үйлсэд бие сэтгэлээ зориулан зүтгэж яваа
мөрдэс нэгт алба хаагчид, хугацаат цэргийн байлдагчдын нэг өдрийн ажил,
амьдралтай танилцахаар зорьсон нь энэ.
Өглөө бүр төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулснаар
ажлаа эхлүүлж, хугацаат цэргийн албан хаагчид оройн тоо хийсний дараа
төрийн дууллаа эгшиглүүлэн, төрийн далбаагаа буулгаснаар нэг өдрийн ажил
нь дуусдаг цэргийнхэнд атаархах сэтгэл төрснөө нуух юун.
Учир нь энгийн бид хааяа нэг хурал цуглаан, тэмцээн наадам дээр "Төрийн
дуулал” эгшиглэхэд бараг л нулимс унатал огшиж, тэндээс их эрч хүчийг
авдаг. Харин цэргийнхэн өдөр бүр эх орноо элгэндээ тэвэрч, зүрхэндээ
тээж зогсдог гэхээр үнэхээр сайхан санагдана.
95 жилийн түүхтэй энэ ангид Дамдины хүү алба хааж байсан түүхтэй.
Тиймээс Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Д.Сүхбаатар жанжны нэрэмжит
болгожээ. Ангийн хаалгаар ороход л бүх зүйл нь эмх цэгцтэй харагдана.
Хашаагаа десант ногоон өнгөөр будаж, ангийнхаа танилцуулга, онцлог
бүхнийг самбар үзүүлэнгээр дэлгэн харуулжээ.
Зэвсэгт хүчний 015 дугаар ангид өнөөдрийн байдлаар зургаан аймаг,
нийслэлийн есөн дүүргээс татагдан ирсэн цэргүүд алба хааж байна. Аливаа
зэвсэгт хүчний байгууллагад цэргийн тоо нууцын зэрэглэлд байдаг учир
батальон, рот, салаа цэрэг гэж ярьдаг байна.
ТӨРИЙН ДУУЛЛАА ДУУЛЖ, ТУГАА МАНДУУЛСНААР ШИНЭ ӨДӨР ЭХЭЛНЭ
Цэргүүд өглөө бүр гүйж дасгалаа хийснээр нэгэн шинэ өдрийг угтана.
Байрандаа ирж ороо цэмбийтэл хураах цэргүүд тэмцээн уралдаанд оролцож
буй баг тамирчид шиг сэтгэгдэл төрүүлэх аж. Ёотон шиг хэлбэрт оруулан,
бүтээлэгний судлыг нь хүртэл тааруулан нэгэн жигд хураасан ор цэргийн
байрны гол чимэг. Өглөөний үзлэгтээ орчихоод хоолны байр руу
жагсаалаараа алхах цэргүүдэд атар талхыг дөрөв хуваасантай тэнцэхээр
хэмжээтэй, хаана ч зарагддаггүй шинэхэн "цэрэг” талх, масло, элсэн
чихэр, төмөр тавагтай будаатай шөлийг өглөөний хоолонд бэлтгэжээ.
Хоолондоо цаддаггүй, муу хоолтой, тураалд ордог гэсэн ойлголт энд
хэдийнэ үеэ өнгөрөөжээ. Цэргүүдийн ихэнх нь 2-4.2 кг-аар жин нэмсэн гэж
байв. Өдөрт дөрвөн удаа амт чанар сайтай халуун хоолоор дайлуулдаг
цэргүүд хоол бүрийн дараа аяга тавгаа хураачихаад "Сайхан хоолоор
дайлсанд баярлалаа” гэж зэрэг хүнгэнүүлээд гарч одно.
Ажилчдын автобус ирж, хугацаат цэргийн албан хаагч, ахлагч, офицер,
энгийн ажилчид талбай дээр жагсан өглөөний нэгдэлт хийнэ. Өглөө бүр анги
бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж өдрийн хийх ажил, үүрэг даалгавраа
танилцуулж, төрийн дууллаа дуулан, соёмбот тугаа мандуулснаар Зэвсэгт
хүчний 015 дугаар ангийн энэ өдрийн ажил эхэлсэн юм.
Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч нь хурандаа С.Түвшинбаяр.
Тэрээр ОХУ болон АНУ-д сургууль төгссөн, Ирак, Баруун Сахар, Афганистан,
Гүрж зэрэг оронд олон улсын ажиллагаанд оролцсон энхийг сахиулагчдын
нэг. Монголын Зэвсэгт хүчний хоёр дахь ренжер юм байна. С.Түвшинбаяр
хурандаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа
бөгөөд удахгүй эх орондоо ирэх юм байна. Тиймээс манай сурвалжлах
багийг ангийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирагчийн
нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Буянтогтох хүлээн авч,
ангитайгаа танилцуулсан юм.
Ц.Буянтогтох: МАНАЙ АНГИ ЭНЭ НАМАР 95 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭНЭ
-Манай анги 1921 онд Жанжин Дамдины Сүхбаатарын санаачилгаар
байгуулагдсан түүхтэй. Энэ намар бид 95 жилийн ойгоо тэмдэглэх гэж
байна. Ангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, тулгамдаж байгаа асуудлаа
шийдвэрлэх талаар олон арга хэмжээ зохион байгуулж байна. Хамгийн
түрүүнд офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагчдын ажиллаж, амьдрах
орчин нөхцлийг сайжруулахаар Мэдээлэл, соёлын төв цэргийн байранд
урсгал засвар хийж тохижууллаа. Энэ ажлыг Зэвсэгт хүчний жанжин штабын
ар талын газар, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачид засч бидэнд
хүлээлгэн өгсөн.
Хугацаат цэргийн албан хаагчид өөрсдийн хүсэл сонирхлоор ирдэг учраас
цэргийн сахилгын зөрчил гардаггүй. Дээд боловсролтой залуус ч олноороо
цэргийн албанд ирж байна. Залуус урдаа зорилго тавьж ирдэг болсон нь
олзуурхууштай санагдаж байгаа.
Манай албан хаагчдаас олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож
байгаа. Тэд гадаадын армийн туршлагыг анги байгууллагадаа
сурталчлах, албан үүрэгтээ хариуцлагатай болж, мэргэжил мэдлэг, хэлний
мэдлэг нь дээшилсэн байдаг. Мөн биеэ авч явах соёл, харилцаа нь хүртэл
өөрчлөгдсөн байдаг. Ер нь цэргийн алба бие бялдрын төдийгүй сэтгэлзүйг
нь төлөвшүүлж, мэдлэг боловсрол, чадвар нь сайжирдаг. Манай ангийн
хугацаат цэргүүд зэвсэг засварын бага мэргэжилтэн болж халагддаг юм.
Цаашид ахлагчийн албанд элсэх хүсэлт тавьдаг. Өнгөрсөн жил 12 хүүхэд
ахлагчийн албанд элсэх хүсэлт тавиад суралцаад, одоо албаа хааж байна.
БҮХ ЗҮЙЛ ЦАГ ХУГАЦААГААР ХЭМЖИГДЭНЭ
Өглөөний анги нэгтгэлийн дараа цэргүүд жагсаалын зэвсэггүй, зэвсэгтэй
ажиллагаа хийсэн юм. Дараа нь цэргүүдийн ном уншлагын цаг болов. Тэд
цэргийн ерөнхий мэдлэг, бие бялдарын хүмүүжил зэрэг сэдэв, утга
агуулгатай ном уншиж байв. Тухайн өдөр дэд ахлагч А.Анхбаатар жагсаалын
даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байлаа. Жагсаалын дарга нь ротод орж
гарч байгаа хүмүүсийг бүртгэх, цэргүүдийн хувцаслалт, цагийн хуваарь
зэрэгт хяналт тавих үүрэгтэй ажиллана. А.Анхбаатарын хувьд БХИС-ийн
ахлагчийн сургуулийг төгсөөд өнгөрсөн долдугаар сард энэ ангид
томилогдон иржээ. Тэрээр "Би багаасаа л цэргийн хүн болохыг мөрөөддөг
байлаа. Цэргийн албанд ирснээр эр хүн хатуужиж төлөвшдөг. Мөн цагаа
баримталж сурна. Хүнээс үг дааж сурна гээд маш их зүйлийг сурч байна”
гэв. Хөц будаатай ногоотой шөл, цуйван, нормын талх, чихэртэй цайтай
үдийн хоолны дараа соёл амралтын өрөөндөө өдрийн амралтаа өнгөрүүлж буй
байлдагчидтай ярилцсан юм.
Байлдагч Н.Отгонням:
-Би Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдаж ирсэн. Ирэх есдүгээр сард
халагдана. Аливаа ажилд ороход цэргийн алба хаасан эсэхийг чухалчлан
үздэг болсон байна. Олон аавын хүүхэдтэй мөр зэрэгцээд хатуужих гээд л
явж байна. Энэ албанаас эр хүн болоод л гарна даа.
Байлдагч Д.Алтангэрэл:
-Би компьютер программ хангамж мэргэжлээр төгссөн. Баянзүрх дүүргээс
татагдан ирсэн. Биеийн хөгжлийн дасгалуудыг их сурч байна. Мөн зөв
хооллолттой боллоо. Үүнийгээ дагаад эрүүл мэнддээ их анхаардаг болсон.
Ард байхдаа их л эмх цэгцгүй байжээ. Амьдралдаа нэг том дэвшил хийж
цэргийн албанд ирсэндээ баяртай байна. Олон аавын хүүхдүүдтэй мөр
зэрэгцэн эх орныхоо өмнө тангараг өргөнө гэдэг миний хувьд бахархал
байлаа.
Байлдагч Д.Түвшинтөгс:
-Би өнөөдөр ротын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байна. Хүнд машин механизм
ашиглалтын инженер мэргэжлээр төгсөөд цэргийн албанд ирсэн. Зарим хүн
нэг жил цэргийн алба хаахад цаг алдахын нэмэр гэж ярьдаг. Энэ маш буруу
ойлголт. Бид энд цэргийн хүн болж ирснээр бүхэл бүтэн амьдралын ухааныг
сурж байна. Аливаад хариуцлагатай, хүний үг дааж сурсан гэлээ.
Энд бүх зүйл цаг хугацаатай. Бидэнд удаан ярилцаж суух цаг хугацаа
байсангүй. Байлдагчид соёл хүмүүжлийн хичээлдээ орох цаг нь болсон
байв. Цэргийн алба гэдэг эр хүнийг жинхэнэ эр хүн болгож, эх орноо
хамгаалах эр зоргийг нь хурцалж өгдөг тийм сайхан нандин алба юм. Үүнийг
цэргүүдийн ярианаас мэдэрч байв.
ХАМГИЙН ОЛОН ХАРУУЛТАЙ АНГИ
Мөн ангийн зарим албаар орж ажил байдалтай нь танилцсан юм. Зэвсэгт
хүчний 015 дугаар ангийн харуулын алба одоогоор хамгийн олон хүнтэй. Бид
Төвийн харуулын салаан захирагч, хошууч Д.Лувсандоржтой ярилцсан юм.
Тэрээр "Би Зэвсэгт хүчинд 29 жил ажиллаж байна. Сүүлийн есөн жил нь 015
дугаар ангид өнгөрлөө. Би ардын армийн 150 дугаар ангид цэргийн албанд
татагдаж ирээд цэргийн нэгдсэн дээд сургуульд сонсогчоор орж байлаа.
Төгсөөд Зүүнбаян буюу ардын армийн 126 дугаар нэгтгэлд мотобуудлагын салаан захирагчаар ажлын гараагаа эхэлж байсан. Цэрэг арми хүний бие бялдрыг хөгжүүлнэ, хамт олонч болгон төлөвшүүлдэг сайхан алба юм. Энэ дашрамд Монгол Улсын Батлан хамгаалахын салбарт хүчин зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүндээ Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе” гэлээ. Харуулын салааныхан 2014 онд харуулын хотхоноо байгуулж бусад ангиудад танилцуулсан байна. Энэ талаар салаан захирагчийн орлогч, сургагч ахлагч Г.Алтанбагана "Зэвсэгт хүчинд харуулын алба нь өндөр хариуцлагатай чухал алба байдаг. Дээр үеэсээ ч харуул занги хэмээн нэрлэж ирсэн. Тиймээс бид хотхоноо байгуулсан. Энэ нь харуулд анх ирж байгаа алба хаагчдад хийх ажлыг нь дадлагаар үзүүлэх зорилготой юм.
Өөр ангиудад очиж үзэхэд яг манайх шиг хотхонтой газар байдаггүй юм
билээ. Мөн манай харуулын салааны 70 гаруй хувь нь Олон улсын энхийг
дэмжих ажиллагаанд оролцсон байна. Цаашид бид нохойн аж ахуй гэдэг зүйл
бий болгох төлөвлөгөөтэй байна. Харуулын үүрэг гүйцэтгэхэд нохой их
чухал. Тиймээс миний хувьд нохойтой харуул бий болгох талаар судалж
байгаа” гэсэн юм. Г.Алтанбаганын хувьд энэ ангид 2006 оноос хойш
ажилласан. Харуулчин, харуулын ахлах хийж байгаад одоо салаан
захирагчийн орлогчоор ажиллаж байгаа юм байна.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХЭМЖЭЭНИЙ "СУПЕР АХЛАГЧ” 015-ЫНХ
Зэвсэгт хүчинд техникийн бүрэн бүтэн байдал нэн чухал. Тэгвэл тус
ангийн гол зангилаа болсон хэсгийг авч яваа алба бол Суурин ба
хөдөлгөөнт засварын төв юм. Тус төвийн дарга, хошууч Д.Гочоосүрэн "Би
1996 онд Дорноговийн Даланжаргалан суманд анх агуулахын даргаар очсон.
Түүнээс хойш Зүүнбаян, 165 дугаар ангид ажиллаж байсан. Цэргийн амьдрал
их сайхан л даа” гэж байв. Мөн тус төвийн ахлах ахлагч П.Отгонбаяр,
Д.Цолмон, н.Дамдинпүрэв, Х.Норжмаа зэрэг хүн ажил үүргээ амжилттай хийж
гүйцэтгэж байгаа хэмээн дарга нь магтаж байсан. Мөн техник шалгах байрын
дарга, бэлтгэл ахмад Г.Дамдинбазар нь тус ангид олон жил ажиллаж байгаа
юм. Тэрээр "Би 26 жил цэргийн албанд зүтгэж байгаа, бэлтгэл офицер
хүн. Зэвсэгт хүчний 015 дугаар ангид 14 жил ажиллаж байна.
Ажил үйлчилгээнд гарч байгаа авто техникийг шалгаж, жолооч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. 1980 онд Цэргийн ерөнхий дээд сургууль төгсөөд Ардын армийн 134, 208, 201 дугаар ангиудад ажиллаж байсан. Эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж байгаа энэ сайхан залуучуудтай гар сэтгэл нийлэн ажиллаж байгаадаа бахархдаг” гэсэн юм. Түүний дараа цэргийн ангиудын нэр нүүр болж ангиа төлөөлөн томоохон тэмцээн уралдаанд оролцдог баг бүрэлдэхүүнтэй уулзлаа. Сургагч ахлагч С.Батбилэг нь 2012 онд Зэвсэгт хүчний тэргүүний офицер ахлагч шалгаруулах тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэн армийн хэмжээний супер ахлагч болсон.
Тэрээр 2003 онд энэ ангидаа хугацааны цэргээр ирж байжээ. Тэгээд
дэвшиж, шат шатны сургалтад сууж явсаар одоо сургагч ахлагч цолтой
ажиллаж байна. Зэвсэгт хүчний цэрэгжилтийн өвөл зуны спортын тэмцээнд
алгасахгүй оролцдог байна. Мөн эрчүүдтэй мөр зэрэгцэн албаа амжилттай
гүйцэтгэж яваа ахлах ахлагч Г.Гэрэлтуяатай уулзлаа. Тэрээр цэрэгжилтийн
буудлагын спортоор 1999 оноос эхлэн хичээллэсэн. Мөн энэ ангидаа 17 жил
алба хааж байна. Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллана гэдэг эмэгтэй хүнд
хэцүү даваа. Гэсэн ч тэрээр 2001 онд зэвсэгт хүчний гурван төрөлтийн
тэмцээнд орж, 97 буудан спортын мастерын болзол хангажээ.
ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ЭР ЦЭРГҮҮД БИДНИЙ БАХАРХАЛ
Цэргүүдийн оройн зугаалга гэдгийг энгийн хүмүүс тэр бүр мэдэхгүй. Харин
цэргүүд жагсаалаараа талбай тойрч дуу дуулж алхана. Хөлөө нийлүүлэн,
дуугаа дуулан алхаж байхад олон зүйл бодогддог гэсэн. Эх орны, эр
цэргийн олон сайхан дуу, ээжийн дуу ч дуулна. Орой бүр дуулдаг хэр нь
зарим нэг нь нулимс унагана. Хайртай хүмүүсээ бодон алхах тэднийг дуу,
алхаа орчныг цуурайтуулдаг юм билээ. Оройн тоо хийж, өнөөдрийн ажлаа
дүгнэн, маргаашийн төлөвлөгөөгөө ярьж, төрийн дууллаа дуулж төв талбай
дээр мандуулсан тугаа буулгаснаар энэ өдрийн ажил дуусна.
Унтаж амрах команд авсан цэргүүд маань "Амар” тушаал аван орондоо
ороход цагийн зүү 23:00-ийг зааж байлаа. Байлдагчид маань орондоо ороод
хайртай хүмүүсээ бодон, тэднийхээ тухай шивнэлдэж байгаад бөх
нойрондоо автана. "Нөхөр дайчид сайхан амраарай” гэснээр бид
сурвалжлагаа өндөрлөж, гэрийн зүг хүлгийн жолоо залсан юм.
Цэргийн амьдралаар амьдарч, цэргүүдтэй хамт өнгөрүүлсэн нэгэн өдөр
өнгөрлөө. Үг хэл, үйлдэл бүхэн нь дэг журам. Бахархмаар, сайхан
сэтгэгдэл үлдээсэн байлдагчид олон зүйл бодогдуулж байв.
Хүү төрлөө гэхэд цэргийн бүртгэлтэй эр хүн ирлээ гэж бэлэгшээдэг ёс
монголчуудад бий. Эр хүний заавал биелүүлэх ёстой үүрэг хариуцлага бол
эх орноо хамгаалах. Энэ ариун үүргээ нэр төртэй биелүүлж буй Зэвсэгт
хүчний 015 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Монгол цэргийн өдрийн баярын
мэнд хүргэе. Та бүхний сэтгэл халуун, зүтгэл шулуун, итгэл мөнх байх
болтугай.
Х.Монголхатан Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих