Тэр л зун уншсан яруу найргийн номныхоо тоог одоо сайн санадаггүй юм. Зууг бол лав уншсан санагдана. Байшингийн сүүдэрт гудас дэвсээд өдөржин яруу найраг уншиж хэвтдэгсэн. Гэхдээ тэдний цонх руу байн байн харц нисгэнэ. Зарим мөр бадгуудыг чангаар уншина. Түүнийг сонсож байгаа гэдэгт итгэдэг байлаа.
Удалгүй би тэднийд орж суугаад номнуудаа дэлгэж түүнд шүлэг уншиж өгдөг болов. Зуны чийглэг униар хаалгаар шахам хөшилдсөн ногоон өдрүүдийн аагим халууныг сэтгэлдээ хачин сэрүүхэн өнгөрөөж байлаа. Ээж нь намайг байнга л хялалзаж харна. Хичнээн хэцүү байсан ч би үл тоож байв.
Эмээ минь эсгэж байгаа дээлнийхээ торгоны хээг тааруулах гэж суухдаа "хаараа юу торгон хамжаарыг ээ, харанхуй л шөнөөр шаглаад оёсийм, аа хө" хэмээн дуулж сууснаа, намайг харж:
- иш, миний борхүү...
-яаав, эмээ
-миний хүүг тоохооргүй сайхан охин юм даа гэхэд нь нүүр улаа бутарч дэмий л мэдэн будилж
-та чинь юу яриад байна даа хэмээж билээ.
Өглөө эрт түүний ээж гэрт орж ирэв. Өчигдөр гэрт нь надаас өөр гадны хүн орж ирээгүй гэнэ. Маш үнэтэй маргад эрдэний зүүлт нь алга болжээ.
Хүү минь чамайг л авсан гэж байна даа. Миний хүү аваагүй биз дээ?
- би түүгээр чинь юугаа хийдэг юм. Эмээ маргад эрдэнэ гэдэг нь алтнаас үнэтэй эрдэнэ юм байх даа. Эмээ мөрөө хавчснаа:
-бүү мэд гээд толгой сэгсрэхэд сүйжин ээмэг нь санжигнаж байв. Торгоны хээ мөргүүлж суугаад:
-миний хүү өнөөдрөөс тэднийхээр орохоо боль. Хаяа муутай онцгүй айл байна гээд " унаа юу сайтай морийгоо нь болбол унаад ир дээ Момо минь дээ хө, арван лангийн санхьюу гөлөм нь..." гээд дуулж эхлэв.
Эмээг "сэтгэл гэдэг маргад эрдэнэ ч байна уу, чандмань эрдэнэ ч байна уу зүүлтээс үнэтэй. сэтгэлээ л хайрлаж хямгадаж яв" гэхэд олон улаан эрвээхий зурсан цагаан даашинзтай тэр минь " ээж, таны маргад эрдэний зүүлт энд байна" хэмээн хашгирах сонсогдож билээ.
Пүрэвхүү БАТХУЯГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих