-Та монгол судлал тэр дундаа нутгийн аялгууг хэзээнээс эхлэн сонирхож судалсан бэ?
-1971 онд УБДС(хуучин нэрээр)-ийг төгсөөд судалгаа шинжилгээ хийж эхэлсэн. 1975-1992 он хүртэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажилласан. Энэ хугацаандаа Монгол Улсынхаа бүх аймаг суманд очиж хээрийн судалгаа хийсэн. Ж.Цолоо, Д.Шагдарсүрэн, Х.Сумьяабазар, Г.Загдсүрэн нарын мундаг хүмүүстэй хамт Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж байлаа. Хээрийн судалгаанд явахын өмнө хэл зохиолын хүрээлэнгийн фондод байсан бичлэгүүдийг сонсч тухайн аймгийн ястнуудын хэл аялгуунд нь дасах бэлтгэл хийдэг байв. Тэгээд ч нутгийнх нь аялгуугаар ярихад хүмүүс их таатай ханддаг байсан. Буриадууд оршин суудаг Оросын газар нутгаар ч томилолтоор явж судалгаа хийж байлаа. Буриад аялгууг түлхүү судалж буриад аялгууны толь бичиг гаргасан. Хэл зохиолын хүрээлэн надад их боломж бололцоо өгсөн. Би Дорнод аймгийн Дашбалбар суманд өвөө, эмээ дээрээ өссөн учир буриад хэл, хэв заншилтайгаа үлдсэн гэж боддог. Тэр үеийн Чойбалсан аймагт үзэмчин, барга, харчин, хорчин, буриад гээд олон монгол угсаатан аж төрж байлаа. 1945 онд нүүж ирсэн улс яг үндсэн хэв заншлаараа, ахуй нөхцөлөө хадгалж үлдсэн байж. Миний аз таарч, хэлд орж байх үедээ тэр олон хэл аялгуу дунд өссөн нь хожим судалгаа шинжилгээ хийхэд их хэрэг болсон. Тэр үеийн улсын аман зохиол, утга зохиол нь ихээхэн хөгжсөн байсан санагддаг. Энгийн нэг гэрийн авгай бидний их сургуульд үзэж байдаг зүйлийг амнаасаа зүгээр л ундруулдаг байлаа. Х.Лувсанбалдан багш энэ салбарт ажиллахад их нөлөө үзүүлсэн. Багш хилийн гадна дотно байгаа бүхий л монгол угсаатантай уулзаж судалсан байдаг юм. Би энэ багшийнхаа л мөрөөр явсан хүн.
-Нутгийн аялгуу монгол хэлийг хэрхэн баяжуулдаг вэ. Нутгийнхаа аялгуугаар ярьдаг нэгнээ шоолох үзэгдэл гардаг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол хэлний хөгжилд нутгийн аялгуу их үүрэгтэй. Нутгийн аялгуу аль ч хэлэнд байдаг зүйл юм. Англи хэл гэхэд л маш олон нутгийн аялгуутай шүү дээ. Америк, их Британи, энэтхэгийн гэх мэт англи хэлний аялгуу байдаг шүү дээ. Тиймээс англи хэл олон салбарлаж, ихэд хөгжиж байна. Гэтэл бид салаа салбар аялгуугаа хассаар ганц халх аялгуугаар ярьдаг болох нь. Жижиг үндэстэн,угсаатны бүлгийн хэл аялгуу өдөр тутам хорогдож, мөхөх явц хурдасч байна. Бид уг нь ойрад, буриад, цаатан аялгуугаараа ярьж чаддаг байх хэрэгтэй юм. Энэ салаа салбар аялгуугаа бид хөгжүүлж байж монгол хэлнийхээ дархлааг хадгалж үлдэнэ. Нутгийн аялгуу бүр өөр өөрийн онцлог, ая эгшиг, хөгтэй. Нутаг нутгийн бөө нар нутгийн аялгуугаа хөгжүүлж байдаг соёлын төв нь юм. Нутгийн аялгууны үгсийг тухай тухайн хэлд хэрэглэж байгаад хэлний хөгжлийн явцад мартагнадаг ч ахин сэргэдэг. "Монголын нууц товчоо”-нд байгаа ихэнх үг нутгийн аялгууных байдаг. "Монголын нууц товчоо”-нд "Чингис хаан зээ тэл гэвээ” гэж гардаг. Тэл гэдэг нь буриад аялгуунд одоог хүртэл хадгалагдан үлдсэн "Тиймээ уухай” гэсэн утгатай үг. "Тугаарын түнхлэг горхиноо бүхүй иргэн” гэхэд л буриадууд өдгөө хүртэл тугаар гэж ярьж байна. "Зээгийн нөхөр зээрдийн мина” гэдэг нь ташуур байж байдаг. Ойрад аялгуундаа малиа гэдэг. Энэ мэтээр нутгийн аялгуунд язгуурын зүйлс хадгалагдан үлдсэн байдаг. "Монголын нууц товчоо”-г судалсан асар их судалгаа бий. Судалгаатай байлаа гээд бид орхиж болохгүй, дутуу дулимаг судалсан зүйл их байна. Монгол үндэстнийхээ ойрад, ордос, буриад зэрэг олон аялгуугаар гаргах хэрэгтэй байна. Би буриад аялгуугаар "Монголын нууц товчоо”-гоо буулгаж үзсэн. Болж байна билээ. Гэхдээ сайтар хянаж нягтлах хүн хэрэгтэй байна.
-"Монгол нүүдэлчдийн тайлбар толь” номыг"Адмон” компанитай хамтран гаргаж байгаа гэл үү?
-Энэ их чухал ажил. "Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийн нэгдүгээр дэвтрийг судлаач нартайгаа хамтран гаргасан. Тэргүүн боть нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Бүлэг бүрийг гэр барих, цуцах ёс, нүүх, ачаалахаас авахуулаад монгол үндэстэн, ястны хувцас, тэдгээрийн төрөл зүйл, мөн мал төллөх, бод малыг уналга, эдэлгээнд сургах зэрэг сэдвийн дагуу нарийвчлан тайлбарласнаараа энэ чиглэлийн анхны тайлбар толь болж байгаа юм. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү, цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэж мэддэг ч яг ямар учраас ийнхүү цээрлэдгийг ухаж ойлгодогггүй. Баяр, наадмын үеэр л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг, тусын талаар ч нарийн мэдэх хүн ховор болж. Энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй ёс, цээр, мартагдах шахсан монгол ухааныг "Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгаж өгсөн. Энэ бүхнийг уншиж, судалснаар гэрийн хаалгыг яагаад заавал урд зүгт харуулж барьдаг, ямар учраас дээлийн нударгыг залгаа оруулж оёдог гэх мэт монголчуудын байгаль, цаг агаартайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг мэдэж, ойлгох чухал ач холбогдолтой юм. Тиймдээ ч уг бүтээлээ бид малчдад гэхээсээ илүү монгол өв соёлоо ахуй амьдралдаа авч хэрэглэхийг хүссэн шинэ, залуу үеийнхэнд онцлон зориулж байна. Хоёрдугаар дэвтрийг нь цай идээ, зоог шүүс сэдвээр гаргасан. Гуравдугаар дэвтрийг нь баяр, найр наадам гэсэн сэдэвтэйгээр бэлтгэж байна. Энэ дэвтэр бараг бэлэн болж, эмхэлж цэгцлэх жаахан ажил үлдсэн. Уг сэдвийг би дагнан бичиж байгаа юм. Нутгийн аялгуу судалж, монгол орныхоо газар бүрээр явсан болохоор дагнаад бичиж байгаа хэрэг. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд туслах ажилтан байхдаа сурч мэдсэн зүйл багагүй. Мөн Өвөрмонгол, Буриадын ихэнх нутгаар явж судалгаа хийсэн учир хүнээс сонссон нь их. Үүнийгээ ямар нэг хэмжээгээр эвлүүлэн бичиж, номын мөртэй юм болговол ач тустай болов уу гэж бодоод л ажиллаж байна.
-"Айдура мэргэн”, "Хараацай мэргэн” гээд буриад туульсын ном гаргасан. Буриад туульсын онцлог нь юу байна вэ?
-Монголын бүхий л угсаатан туульсын их уламжлалтай. Хамгийн баялаг уламжлалтай нь буриад, ойрад юм. Ойрадын туулиа "Жангар”-аас эхлүүлээд бүгд мэддэг. Гэтэл буриад туульс ойрадаасаа дутахааргүй юм. Харин монгол судлал Орос оронд хөгжөөд үндэс суурь нь тавигдаж халимаг, буриадыг туулийнх нь талаас их судалсан байдаг. Буриад туульс буриад зоны аж төрж ирсэн ёс заншил, хэв суртал, зан үйлийг үе үеэр нь үргэлжлүүлэн өвлөн хадгалж дархалсаар ирсэн байдаг. Буриад туульсын зан үйлийн уламжлал нь үлгэр туульсын заншилт хэллэгээр дархлагдаж ирснийг задлан шинжилж судлах нь чухал байна. Үлгэр туульсын заншилт хэллэг хэмээгч нь зөвхөн энэ хүрээнд өргөн дэлгэр байдаг тогтмол хэлц бөгөөд зохиомжийн бүхий л хэсэгт хамаардаг уран яруу хэрэглүүр юм. Буриад туульс монгол туульс лугаа хүйн хэлхээ холбоотой боловч заншилт хэл-лэгээрээ өвөрмөц. Буриад тууль-сын онцлог нь эмэгтэй баатартай байдаг юм. Мөн явган үлгэр домгийн зохиомж ихтэй учраас үүнийгээ дэлгэрүүлээд хэм хэмнэлд оруулж дуу хууртай хоршуулаад хайлахаар жигтэйхэн урт тууль болчихдог юм билээ. Би "Айдура мэргэн”, "Хараацай мэргэн” "Хэрдээр мэргэн” туульсыг хэвлүүлсэн. Үүнийгээ үргэлжлүүлэн 13 тууль хэвлүүлэх санаатай байна.
-Монгол зан үйлийн аман яруу найргийн уламжлал гэсэн сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Энэ судалгааныхаа тухай ярьж өгнө үү?
-Монгол зан үйлийн аман яруу найраг урт удаан түүхийн явцад монголчуудын үүсгэн бүтээсэн зүйл болохоор тухайн зан үйл, ёс суртахуун, сэтгэл санаатай нийлэг хэлбэрээр аж амьдралын олон талд илэрч, соёлынхоо хэв загварын ерөнхий бүтэц дунд нягт харьцаа холбоотой тогтож ирсэн зүйл юм. Уг судалгааны ажилд монгол зан үйлийн хэсэг болох мэнд хүндийн, нялхсыг угтах, зоог шүүс хүндэтгэлийн, найр наадмын, хурим тойн, багш шавь барилдах, аж төрөх, мөргөл залбирлын зэрэг зан үйл багтсан. 2006 онд уг сэдвийг Хэл зохиолын хүрээлэнд хэлэлцүүлж, шинжлэх ухааны докторын зэргээ хамгаалж байлаа. Энэ судалгаа40 гаруй жилийн хөдөлмөр минь юм. Энэ сэдэв задарч"Монгол нүүдэлчний нэвтэрхий толь” болж байгаа хэрэг. Бид монгол гэж ярихаараа зөвхөн Монгол Улсаа ярьдаг. Найр наадмаа хийхдээ ч Монгол Улсаа л ярьдаг. Гэтэл хилийн гадна байгаа монгол үндэстнүүд маань үлдчихдэг. Тэднийг Монголдоо ирээд найр наадамдаа оролцоход чөлөөтэй болгох хэрэгтэй юм. Бүх монголчууд найр наадамдаа ирдэг болчихвол аялал, жуулчлал ч хөгжинө шүү дээ. Бид асар их зүйл хийх бололцоо бий.
-Та Монголын уламжлалт бөө мөргөлийн талаар бас судалгаа хийдэг. Энэ талаар сонирхуулна уу?
-Би их саваагүй хүн байж. Залуу байхдаа нэг бөө дагаж, эсвэл лам дагаж гүйгээд л явж дээ. Монголын уламжлалт язгуур соёлыг бөө мөргөлөөс эрж хайх хэрэгтэй. Бөө мөргөлийн зан үйл, эдлэл хэрэглэл, хувцаст монголчуудын язгуур соёл хадгалагдан үлдсэн байдаг. Үүнийг л гаргаж ирэхийн тулд бөөг судалж явсан юм. Бөө мөргөлд монгол зан үйлийн аман яруу найргийн үндэс байгаа хэрэг. Мал сэтэрлэх угтаа бөө мөргөлийн зан үйл юм. Бөхийн засуул бөөгийн түшээ шиг бөхөө оюун санааных нь хувьд засч, нутаг орных нь сахиус савдагт даатгаж, хүч чадлыг нь бөхөд оршоодог хүн юм. Үүнийгээ бид мэдэхгүй. Одоогийн засуул гэж бөхийнхөө малгайг барьсан хөшөө шиг л болсон. 1977 онд Буриадын алдарт Цэрэн зайрантай уулзаж, тэнгэрт хальтал нь цуг байж судалгаа хийж байсан.
-Монгол судлалын ирээдүйн чиг хандлагийг хэрхэн харж байна?
-Монгол судлал гадаадад үндэс сууриа тавьж, хөгжсөн. Бид алийн болгон гадаад хүнээр судлуулаад л тэднийг гайхаад байх вэ. Тэд бидний соёлыг ойлголгүйгээр буруу зөрүү бичсэн зүйл зөндөө. Бидний тухай бичсэн, эзлэгдсэн орны өширхсөн түүхчдийн хуудуутай тэмдэглэлүүд нь ч байна. Дэгсдүүлж, давсалж бичсэн нь ч байгаа. Өнөөдөр Боржигон судлалын төв, ойрад судлалын "Тод номын гэрэл төв”, Хотгойд судлалын төв, Буриад судлалын академи, Дархад судлалын нийгэмлэг, Барга судлалын төв, Үзэмчин судлалын төв зэрэг төрийн бус байгууллагууд бий болж, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон гадаадын судалгааны байгууллагуудтай хамтран түүх, утга зохиол, ястан угсаатны соёл, ёс заншил, аман зохиолын талаар эрчимтэй судалгаа хийж байгаа нь монгол судлалд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Ингэж монголчууд өөрсдийн ястан, угсаатны талаарх иж бүрэн судалгааг хийж чадах аваас монгол судлал жинхэнэ утгаараа хөгжиж, шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болох боломжтой.
-Монгол нүүдлийн соёл иргэншлийг яаж харж байна вэ. Бид суурьшмал иргэншил рүү их хурдацтайгаар шилжиж байна?
-Цаашдаа аль аль нь хослоод явах байх. Бид эртнээс л холимог соёл иргэншилтэй байсан шүү дээ. Ийм ч учраас аль ч талдаа хөрвөх чадвар сайтай юм. Болж өгвөл бид нүүдэлчин соёл иргэншлээ өргөмжилж, хадгалж үлдэх хэрэгтэй.
Б.Мөнх-Эрдэнэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих