Таван хэмжээст ертөнц
/Гуравдугаар бүлэг/
Калил Жибраны "The broken wings” (Хугарсан даль жигүүр) номноос орчуулав.
Хэдэн өдрийн дараа нь би ном шагайхаас уйдан ганцаардаж эхлэв. Тэгээд сүйх тэрэг хөлсөлж аваад Фаррис Эффанди гуайнхыг зорин, замд гарлаа. Хүмүүс агаар салхинд гарахдаа очдог нарсан ойд тулж ирээд жолооч зам салж, хоёр талаар нь уд мод сүүдэрлэсэн нэг хувийн замаар эргэн явлаа. Зүлэг ногоо дуниартан, усан үзмийн ороонго саглайж, дөнгөж дэлбээгээ нээж буй цэцэгс өнгө өнгөөр алаглаж, үнэхээр сайхан байв.
Хэдэн хормын дараа хөлсний тэрэг цэцэрлэгийн голд торойх ганц байшингийн өмнө ирээд зогсов. Түмэн зүйлийн модод болон сарнай цэцэг, шар жасмин цэцгийн үнэр хамар цоргино. Би тэрэгнээсээ үсрэн бууж, тэр анхилуун цэцэрлэг рүү ортол намайг тосоод Фаррис Эффанди гуай ирж яваа харагдлаа. Тэрээр намайг дотно өөриймсөг угтан гэртээ оруулж, хүүтэйгээ уулзаж байгаа жаргалтай эцэг хүн шиг дэргэд минь ирж суугаад, миний одоогийн амьдрал, ирээдүйд яах, хаана сурч боловсрох гээд л намайг асуултаар булж гарав. Би их л нэр хичээн, чармайлт гаргасан маягтай хариулж байх шиг. Учир нь миний дуу өөрт минь хачин сүртэй хүнгэнэж сонстлоо. Тэгэхээр нь нэг л найдвар төрж, өөртөө итгэлтэй ч болох шиг, ёстой мөрөөдлийн тэнгист хөвж гарав аа. Яг тэгж байтал гоёмсог цагаан торгон даашинз өмссөн нэгэн үзэсгэлэнт бүсгүй хаалганы хамба хилэн хөшигний цаанаас цухуйж, намайг чиглээд ирлээ. Фаррис гуай бид хоёр суудлаасаа өндийв.
-Энэ миний охин Селма. Тэрээр ийн хэлээд охиндоо хандаж: "Хувь тавилан намайг эртний найзтай минь дахин учруулж, хүүтэй нь уулзууллаа” гэж намайг танилцуулав. Селма ийм гийчин гэрт нь ороод ирчихсэнд эргэлзэж байгаа аятай хэсэг зуур над руу ширтэв. Гараас нь атгахад гар нь цагаан сараана цэцэг шиг булбарай, зүрх рүү нэг л хачин хатгах шиг болох нь тэр.
Селма чимээгүй хүндэтгэл үзүүлэх учиртай тэнгэрийн шүтээнийг өрөөнд аваад ирчихсэн юм шиг бид хэсэг дуугаа хураав. Тэгтэл тэрээр энэ нам жимийг мэдэрч, над руу харан инээмсэглэж: "Аав маань залуу насаа, эртний өдөр хоногуудаа, мөн танай аавтай хамт өнгөрүүлсэн мөчөө надад мөн ч их ярьсан даа. Танай аав бас чамд тэгж ярьдаг байсан бол ч бид хоёрын уулзалт үүгээр ингээд ч дуусахгүй байх аа” гэлээ.
Охиныгоо ийм байдлаар ярихыг нь сонсоод настан ихэд бахархангуй харж: " Селма охин маань их уяхан мэдрэмжтэй хүн шүү. Тэрээр юм бүхнийг сэтгэлийн нүдээр хардаг юм” гэж ярилаа. Тэгснээ дахиад л залуу цагийн гэгээн дурсамжийнх нь жигүүр дээр эргэн аваачсан ямар нэг ид шидийг надаас олсон юм шиг яриагаа эвтэйхэн гэгч нь эртний сэдэв рүүгээ оруулчихав.
Би ч олон жилийн өмнөх өөрийнхөө түүхийг мөрөөдөн санаж байгаа юм шиг яриаг нь шимтэн анхаарахад тэрээр салхи шуурганд ажирдаггүй өвгөн мод үүрийн сэвэлзүүр салхинд ганхах зулзаган модыг нөмөрлөх мэт намайг онцгойлж буй нь илт.
Селма харин дуугүй л байлаа. Тэрээр хаяа нэгхэн эхлээд над руу дараа нь аав руугаа харах нь амьдрал хэмээх жүжгийн эхний бас төгсгөлийн ангийг үзэж байгаа мэт аж. Нэг өдөр тэр цэцэрлэгт яах ийхийн зуургүй өнгөрч, нэг л мэдэхэд жаргаж буй нарны адын үнсэлт Ливаны уулсыг шүргэн хүүшлэх нь цонхоор харагдлаа. Фаррис Эффанди гуай өөрт тохиолдсон явдлаасаа хүүрнэсэн хэвээр. Миний сэтгэл ч ярианд нь татагдан, өвгөний гуниг зовлонг нь баяр хөөрөөр солигдох хүртэл тийм шимтэн сонсож байлаа.
Угаас гоо сайхан гэгч өөрөө уруул нээж үг ярихаас хавьгүй эрхэмсэг тэнгэрийн хэл атал Селма гуниг дүүрэн нүдээр ажиглан, цонхны дэргэд үг дуугүй суусаар. Ертөнцийн хүн бүрийн мэдэх мөнхийн энэ хэл үнэндээ жижиг гол горхинууд өөр рүү нь хоржигнон цутгахын хэрээр гүн болж, гол мөрөнг өөртөө татахын хэрээр дөлгөөн болдог нуур лугаа аж.
Зөвхөн бид хоёрын сэтгэл л энэ гоо сайхныг ойлгон амьдарч, зөвхөн бид хоёр л өсөн дэвжиж чадах мэт. Үгээр илэрхийлж, нүдээр харах боломжгүй тэр мэдрэмж сэм сэмхэн харах нэгний болон шимтэн сонсох өөр нэгний аль алиных нь бодол санааг самууруулж орхилоо.
Газрын хэвлийгээс өндийх амьдрал цэцгэнд өнгө үнэрээ хайрладаг шиг жинхэнэ гоо сайхан гэгч сэтгэлийн ариунаас ариун газраас урсан гарч, биеийг төгс цогцлоох туяа ажээ. Жинхэнэ гоо сайхан гэгч хоёр биеийг холбох хайр хэмээх алдуурсан сэтгэлийн хөг аялгуу ажээ.
Тэр нэг өдрийн уулзалт хоёр сэтгэлд минь хүрсэн болов уу? Тэр нэг хүсэл тэмүүлэл түүнийг минь нартын доорх хамгийн үзэсгэлэнтэй болгож надад харуулсан уу? Аль эсвэл намайг хэзээ ч байдаггүй хий хоосон мөрөөдөл болох залуу насны охь дарсаар мансууруулж орхисон уу?
Залуу нас нүдийг минь сохолж, гэрэл гэгээг зөвхөн Селмагийн нүдээр л төсөөлдөг болгож, Селмагийн уруулын хөөрхөн, уран гоо галбирт нь зүгээр л нэг дасгасан юм болов уу? Бүр эсвэл Селмагийн гэрэлт царай, хөөрхөн төрх, үзэсгэлэн гоо нь нүдийг минь нээж, хайр гэгчийн баяр гунигийг хамтад нь харуулж өгсөн юм болов уу?
Энэ бүхний алин болохыг хэлэх хэцүү ч урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тэр л мэдрэмж, сэтгэлд минь аниргүйхэн үлдсэн тэр хайр, тэр хайраас үлдсэн баяр гунигийг л би тэр хоромд уясан мэдэрсэн билээ. Ийм янзаар Селматай уулзсан анхны өдөр өнгөрч, ингэж л би залуу насны ганцаардлаас ангижирч, хайр гэдэг эрх чөлөөний жагсаалд марш алхсан юм даа.
Хүмүүний хууль, байгалийн үзэгдэл хоёроор захирч үл дийлэх зам мөр болохоороо хайр өөрөө л зөвхөн эрх чөлөө ажээ.
Би явахаар өндийтөл Фаррис Эффанди гуай над руу дөхөн ирж, тайван гэгч нь ийн хэллээ.
"Одоо миний хүү манайх руу ирэх замыг мэддэг болсон юм чинь байн байн ирж, аавындаа байгаа хүн шиг тухалж байгаарай. Намайг аавыгаа гэж бодож, Селмаг дүүгээ гэж бод” гэлээ.
Тэрээр ингэж хэлээд өөрийнхөө энэ мэдэгдлийг батлан асуух гэсэн мэт Селма руу харлаа. Тэрээр эртний танилаа олж авсан хүн шиг над руу эелдэгээр толгой дохив.
Фаррис Карами гуайн энэ хэдэн үг намайг охинтойгоо дэндүү ойртуулах хайрын тахилын ширээнд залж орхих нь тэр. Энэ хэдэн үг нь сэтгэл хөдөлгөм эхлээд, уйтгар гунигаар дуусдаг аялгуу эгшиг мэт. Хоёр сэтгэлийг минь гэрлийн хаант улсад өргөж, галын дөлөөр төөнөх мэт. Аз жаргал гуниг зовлонг хоёуланг нь зэрэг уулгах хундага мэт байлаа.
Гэрээс нь гараад сэтгэл өмөлзөн эзгүйрэх тэр агшинд настан намайг цэцэрлэгийн зах хүртэл үдэж гаргалаа.
Ч.ӨЛЗИЙНЯМ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих