"Алтан үеийн” алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийг тэргүүлж яваа нь үнэн. Залуу халуун насандаа их удирдагч Ю.Цэдэнбал агсны дүрийг бүтээж, Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан тэрбээр өдгөө 60 насны босгыг алхаж буй нэгэн. СУИС-д багшилж байх үедээ өөрөөсөө арав гаруй насаар дүү, оюутан бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон гэгддэг эрхэм уран бүтээлч маань төдий л удалгүй хэнз үрийн зулай үнэрлэж байлаа.
Өдгөө бяцхан үрсээ өсгөн тун ч жаргалтай амьдарч буй Ц.Төмөрбаатарын анхны эхнэр н.Сараа нь Америкт харь хүний гэргий болоод чамгүй олон жилийн нүүрийг үзжээ. Тэдний дундаас төрсөн ганц хүү Т.Анар нь сүүлийн үед дэлгэцийн урлагт хүчээ үзэж, аавынхаа шийрийг хатаах мундаг жүжигчин гэгдэж яваа юм билээ. Тэрбээр өнгөрсөн жил аав болон үеэл ах Ц.Төмөрхуяг, өөрийн бяцхан охинтойгоо хамт "Зангараг” уран сайхны кинонд тоглосон гэдэг.
Ийнхүү уран бүтээл хийгээд хувийн амьдралаа подхийтэл төвхнүүлсэн Ц.Төмөрбаатар гавьяат саяхнаас МАХН-д элссэнээ зарлаж, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хажуунаас салахаа болив. Бүр хамтдаа өлсгөлөн зарлаж, төв талбай дээр суулт хийсэн мань эр өөрийн цахим хуудсанд "Би хэрэв их хурлын сонгуульд нэр дэвшвэл ямар вэ. Эх орон, газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө авилгач, хулгайч, урвагч нартай шантрахгүйгээр тэмцмээр байна” хэмээн асуулга бичээд авсан. Тэр ч байтугай, уран бүтээлээ хийгээд явахгүй улс төрд хошуу дүрлээ хэмээн буруутгасан нэгэн сэтгүүлчийг зад загнаж "Урлагийн хүн гэхээрээ улс төрд орж болдоггүй юмуу. Энэ улс орны амьдрал чинь урлагийнханд ч хамаатай хэрэг” гэж ихэд бухимдана лээ.
С.Цахиур
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих