Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн тус айлчлал нь зургаадугаар сарын 14-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Айлчлалын үеэр талууд олон талт хэлэлцээрүүд хийж зарим баримт бичгүүдэд гарын үсэг зурцгаасан юм. Мөн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр орны бизнесийнхэнийг хамарсан томоохон хурал, семинарууд зохиогдлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь 25 жилийн дараа болсон ардчилсан сонгуулиас хойшхи Мьянмар улсад хийгдсэн гадаадын төрийн тэргүүний анхны айлчлал болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой байлаа. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг Франц тэргүүтэй зарим орны томоохон хэвлэлүүд сурвалжлахаар ирсэн байв.
Мьянмар нь цэргийн хатуу дэглэмд оршин тогтнож ирсэн бөгөөд 1990 оны сонгуулиар "Ардчиллын төлөөх үндэсний лиг” нийт 485 суудлын 392 суудлыг авч томоохон ялалт байгуулж байсан боловч цэргийхэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөлгүй өөрсдийн дарангуйллыг хэвээр үргэлжлүүлсэн. Харин өнгөрсөн жилийн 11 дүгээр сард болсон сонгуулиар 491 суудлийн дүн гарснаас Мьянмарын ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэй Аунг Сан Сү Чийгийн тэргүүлсэн сөрөг хүчин "Ардчилалын төлөөх үндэсний лиг” дээд, доод танхимын 390 суудлыг авч ялалт байгуулсан. Харин Үндсэн хуулийнхаа "Сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийт суудлын 25 хувь нь цэргийн мэдэлд байна” гэх заалтийн дагуу автоматаар 166 суудал цэргийн мэдэлдээ үлдсэн.Олон арван жилийн турш цэргийн хатуу дэглэмд байсан Мьянмарт өнгөрсөн 2010 оноос хойш ардчиллын бүдэг "гэрэл" тодорч эхэлсэн юм. Аунг Сан Сү Чий тэргүүтэй ардчилагчид зоригтойгоор хүний эрх, эрх чөлөөний тухай ярих нөхцөл бүрдсэн бөгөөд тэд манай улсаас өнөөг хүртэл ардчилалд суралцаж, туршлага хуримтлуулсаар ирсэн билээ. Энэ удаагийн ажлын айлчлалын зорилго ч энэ хүрээнд болж өнгөрсөн бөгөөд тус орны бизнесийнхэн, төрийн албан хаагчид, багш, оюутнуудад хандаж Ерөнхийлөгч ардчиллын үнэт зүйлсийн талаар лекц уншиж, уулзалтууддаа онцолж байлаа. Мөн айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улс төрийн итгэлцлэл, төрийн байгууллага хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, уул уурхай болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм.
Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийсэн айлчлалыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ МЬЯНМАРЫН НИЙСЛЭЛ НЭЙПИДО ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр Нэйпидо хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Нэйпидо хотын олон улсын нисэх буудалд угтах үеэр Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Төгсбилгүүн, Мьянмарын талаас Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн дарга Аунг Линн, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын ерөнхий захирал Ко Ко Найнг, Гадаад харилцааны яамны Улс төрийн газрын захирал Кяав Зеяа нар байлцлаа.



МОНГОЛ, МЬЯНМАРЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол, Мьянмарын бизнес уулзалтад оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж, бизнес эрхлэгчдийн түншлэл эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын түүх соёл, байгалийн баялаг гэх мэт салбарт адил төстэй зүйл их, цаашид харилцан туршлага солилцон хамтдаа өсөн дэвжих боломж бололцоо өргөн гэдгийг тэрбээр онцоллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧ "БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ЗҮЙ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ 2” СЕМИНАРТ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлал Нэйпидо хотноо үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч "Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялагийн сайд нарын олон улсын семинарт өнөөдөр оролцлоо.




ХОЁР ОРНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.



БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу нар хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
Ёслолын үеэр Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мьянмарын Шашны харилцаа, урлагийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.




МЬЯНМАРЫН ТӨРИЙН ЗӨВЛӨХ БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД АУНГ САН СҮ ЧИЙТЭЙ УУЛЗАВ
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ "Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын богино хугацаанд бид олон арга хэмжээнд оролцлоо.
Юуны түрүүнд түүхэн сонголтыг хийсэн Мьянмарын ард түмэнд баяр хүргэе” гэсэн юм. Мөн уулзалтын төгсгөлд тэрбээр удахгүй Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хэлэхдээ "Ардчиллыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Харилцан туршлагаа хуваалцан хамтран ажиллах нь хоёр талын харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн онцлов.



Г.Лхагваа
ZALUU.COM
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих