Та бид ухрах уу, урагшлах уу гэсэн чухал сонголтын өмнө ирээд байна.
Харин хэн нь ухрааж, хэн нь урагшлуулдгийг одоо л эргэн санах учиртай. Төрийн эрх барьж байгаа намын явуулж буй бодлогын зөв, бурууг ард түмний амьдралаар л дүгнэдэг. Иргэн нэг бүрийн амьдралд бага ч болов ахиц гарч гэмээнэ эрх баригчдын бодлого зөв байгааг илтгэх учиртай. Гэтэл өнөөдөр иргэн таны, миний амьдрал дордсон уу гэхээс дээрдсэнгүй. Эцсийн дүндээ АН засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаад олон ч ухралт хийж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэв. Ард түмэн килограммын эдийн засгаас грамм руу шилжсэн. Тэр бүү хэл, зарим айл талхаа хувааж авч байгаа нь хэний гавьяа вэ. Төрийн эрхэнд гарсан нам ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх үндсэн үүрэгтэй. Тэд иргэдээ ажил, орлоготой, амьдрах таатай орчинтой байлгах бодлого боловсруулах учиртай. Гэтэл АН засгийн эрхэнд гарснаас хойш энэ бүхэн лөөлөө болж, төрийн бодлого үндсэндээ алдагдсан нь бодит үнэн. Гэсэн атлаа "Энийг бас тэрийг хийж бүтээсэн, засч янзалсан” гэх. Тэгвэл энэ бүхнийх нь хариуд асуух асуулт надад байна. Ердөө л хэдэн замын уулзвар засах, гуравхан сарын настай цэцэг тарих, хэдэн тэрбумаар наадамлахын төлөөнөө л эдийн засгаа унагачихаж байгаа хэрэг үү. Энэ чиь тэгээд ёстой ариун явдал юм уу. Өнөөдөр засгийн эрхэнд АН байгаа учраас, тэд өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг газрын диваажин болгосон мэтээр ярьж байгаа учраас ам асууя. Өнөөдөр эрх баригчдын хийж, бүтээснийг ярина гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй ижил зүйл болох учраас АН дөрвөн жилийн хугацаанд ямар ухралт хийж, хөгжлийг хэрхэн ухраасныг хамтдаа харъя.
Дөрвөн жилийн өмнө 17.3 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 0.1 рүү ортол нь унагаж, ухраасан
Монгол Улс цөөхүүлээ учраас уг нь сэргэж хөгжихөд тийм ч хэцүү биш гэдэг. Үнэхээр л дээдсүүд нь идэж уухаа багасгаад бодлогоо зөв явуулаад гуравхан сая ард түмэндээ өөрийн хүүхэд шиг хандчихвал дорхноо сэпхийгээд л ирнэ. Гэтэл АН засаг барих хугацаандаа өөрийн хүүхэд шиг үзэх нь бүү хэл хүний хүн мэт, хөндий хүйтэн хандаж ирэв. Энэ нь эргээд ард түмэнд хүнд буулга болон очив. Ардын намын үед эдийн засаг маш өндөр өсөлттэй болсныг нь зөв бодлогоор үргэлжлүүлсэн бол, улс оронд хоноцын биш өөриймсөг сэтгэлээр хандсан бол өнөөдөр байдал арай л өөр байх байлаа. Түүхэндээ хоёр дахиа төрийн эрх барих болсон даруйдаа АН ёстой л юм үзээгүй царайллаа гэж ярих нэгэнтэй олонтаа таарч байв. Аргагүй шүү дээ, тэд засаг тэргүүлж эхлэнгүүтээ төрийн албан хаагчдыг толгой дараалан халж, хэлсэн үгнээс нь гардагггүй утсан хүүхэлдэйнүүдээр дүүргэсэн нь хэн бүхний нүдэн дээр ил өрнөсөн процесс. Ингэж л тэд төрийн албыг төрлийнх болгосон. Энэ нь эргээд төр хүчгүйдэх, мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орох, ингэснээр иргэдэд хэрэгтэй биш халтай шийдвэр гаргасаар ирсэн нь эдийн засгийг ингэтэл доош нь татсан хэрэг. 17.3 хувийн өсөлтийг тасралтгүй уруудуулсаар оны эцэст 0.1 хувьд хүргэх прогноз гараад байна. Эдийн засгийг ингэтэл доош нь татсан хэрэг. Ингэж тэд урагшлах биш ухралт хийсэн.
Иргэн бүрээ 15 сая төгрөгийн өртэй болгож ухраасан
2012 оноос хойш Монгол Улс өр, зээлийг хэмжээ хязгааргүй, бүр хяналтгүй авсан байдаг. Харин үр дүнд нь манай улсын гадаад өр өнөөдөр 22 тэрбум ам.долларт хүрчихээд байгаа. "Чингис”, "Самурай” бондын мөнгө, Хөгжлийн банкны 580 сая ам.доллараас авахуулаад гаднын орнуудаас тэрбум тэрбумаар нь зээлсээр өдий хүрсэн. Үүнээс зөвхөн Хөгжлийн банк болон Монголбанкаар дамжуулан 7.2 тэрбумын зээл авч, хөгжлийг арагш татсан байх юм. АН ингэж их өр, зээл авснаар Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болгосон. Хэдий бидний авдаг цалингаас энэ мөнгийг авахгүй ч иргэн та бидний төлдөг татварын хэмжээг бага багаар өсгөж, буруу бодлогын алдаагаа засахын тулд иргэдийнхээ халаас руу гар дүрнэ л гэсэн үг. Ингэж иргэн бүрийг өртэй болгосынхоо хариуд "Зүгээр ээ, бидний үр хүүхэд төлчихнө шдээ” гээд сууж байх жишээтэй. Гэтэл өнөөдрийн та бид ирээдүйн үр хойчдоо дааж давахгүй өр биш өв хөрөнгө л үлдээх учиртай сан.
Харин энэ их мөнгө хаашаа орчихов.Тэд зам уулзвар зассан л гэдэг. Гэтэл нэгдүгээрт эргэн төлөгдөх, бондын мөнгөөр хэзээ ч энэ мэт хашаа хайс засах жижиг ажлыг хийдэггүй гэдгийг дэлхий нийт бодит практикаар батлан харуулчихсан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөгдөх зээлийг богино хугацаанд үр өгөөжөө өгөх үйлдвэрлэлд зарцуулдаг жишигтэй. Гэтэл АН-ынхан концертын өмнөх бэлтгэлд огт оролцоогүй, ердөө л концерт дуусав гэж хэлсэн төдий. Зөвхөн замын тухайд өмнө нь эхлүүлсэн, бүр зураг төсөл, ТЭЗҮ гэх мэт явцын дундахь бүх л нарийн ширийнийг нь гүйцээгээд ердөө хучихад үлдсэн байсныг л гүйцээсэн байдаг. Нэг ёсондоо хоол хийхийн тулд хүмүүсээр төмсөө арилгуулж, гурилаа зууруулж, баасыг нь базуулчихаад яг аягалах болохоор л гардсан хэрэг. Өнөөдөр АН-ынхны хийж бүтээсэн гэж яриад байгаа бүхэн цоо шинэ зүйл огт. Төрийн ажил угаас залгамж чанартай үргэлжилдэг. Энэ ч үүднээс өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн бүхнийг гүйцээснээс өөрцгүй. Цаашлаад нэг айлд өргүй хүн гэж байхаа больсон. Адаглаад хоёр хүний нэг нь ямар нэгэн хэлбэрээр өр, зээл авсан байх жишээтэй. Энэ бол амьдрал хэцүү байгаагийн бодит илрэл.
Ахмадуудын 90 хувийг тэтгэврийн зээл авахад хүргэж, ухраав
Ингээд ч зогсохгүй нийт тэтгэвэр авагчдын 90 хувийг тэтгэврийн зээлэнд унагаж, ухраасан даа. Өнөөдрийн байдлаар манай улсад 254.9 мянган хүн өндөр настны тэтгэвэр авч байна. Үүнээс нийт тэтгэвэр авагчдын 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 280 орчим мянган төгрөг авч байгаагаас 86 орчим хувь нь тэтгэврээ урьдчилж авсан буюу зээлтэй болсон дүн мэдээ гарчээ. Гэтэл эрх баригчид сүүлийн гурван жил ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй. Угаасаа төсөвт тэтгэврийн нэмэгдлийг даах ачаалал ч байхгүй байв. Гэтэл сонгуулиас ердөө 2-3-хан сарын өмнө гэнэтхэн тэтгэвэр нэмсэн нь цэвэр сонгуулийн шоу байлаа. Гэсэн атлаа нэг ахмадад очих нэмэгдэл нь дунджаар 20-хон мянган төгрөг байх жишээтэй. Хэдий эрх баригчид үүнийгээ их юманд үзэж байгаа ч ахмадууд арай өөр бодолтой явна лээ. "20 мянгаар нэмсэн ч яалаа, нэмээгүй ч яалаа, ингэж нэр зүүхийн оронд нүдэн балай чихэн дүлий гурван жил хаясан шигээ орхичихгүй” гэж гомдоллох хүнтэй олон л таарсан. Харин энэ бүхний гарцыг Ардын нам арай өөрөөр харж, томъёолж байна. Тэд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ахмадуудын асуудлыг чухалчлан оруулсан бөгөөд Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого буюу "Ач санах” хуулийн төслийг батлан хэрэгжүүлнэ гэжээ. Энэ хуулийн тухайд хэдийнэ бэлэн болсон бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад өргөн бариад байгаа ч түүний шүүгээнд тоосонд даруулсаар удаж буй. Цаашлаад Ардын намныхан ахмадуудын зээлийн хүүг бууруулах санаачилгыг эртнээс гаргаж, ажил хэрэг болгохыг эрх баригчдаас шаардсан. Бэлэн болсон энэ тооцоолол хөтөлбөрөө ч ажил хэрэг болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
АН ингэж л иргэн бүрийг төдийгүй ирээдүй хойч үеэ дааж давахгүй их өрөнд унгаж, ухраав. Бүр болоогүй ахмадууд хүртэл тэтгэврээ зээл авахаас аргагүй болтол нь эдийн засгийг унагааж, зогсолтгүй ухарсаар дөрвөн жилийг барав.
С.БУЯН
/ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих