УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа АН-ынхан олонх болж засаг байгуулах эрхийг "халааслав". Тэд МАХН-МҮАН-ын нэгдсэн "Шударга ёс" эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулж өнгөрсөн дөрвөн жилийг үдлээ. Тэгвэл 2012-2016 оны хооронд АН-ын удирдлагууд болох УИХ-ын дарга З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын олон алдаатай бодлого, шийдвэрүүд иргэдийг олонтаа гайхшруулж, итгэлийг нь эвдсэн. Тэгвэл иргэд маань эх орныхоо ирээдүй, аж амьдралынхаа хөгжил дэвшлээ шийдэх чухал сонголтын "босгон" дээр дээрх эрхмүүдийн өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаатай бодлогуудаасаа хамгийн ноцтой гэж үзсэн фактуудыг дахин сануулъя.
Н.Алтанхуяг:
Н.Алтанхуягаар тэргүүлүүлсэн Шийдлийн Засгийн газар гарсан даруйдаа Чингис бондыг босгож1.5 тэрбум ам.долларын өрөн-д монголчуудыг унагав. Авсан зээлээрээ ашигтай, хэрэгтэй төслөө санхүүжүүлэхийн оронд гудамж талбайд зам тавьж, гэрлийн шон хатгасаар хамаг мөнгийг нь үгүй хийв. Түүгээр ч барахгүй Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой эрхмүүд болох "баз хүргэн" "Нүүрс хөтөлбөр"-ийн Л.Гансүх, мөн хамсаатан "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх, "Орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр"-тэй холбоотойгоор түүнийг Ерөнхий сайд байхад нь Барилгын салбарыг хариуцаж байсан ТНБД О.Эрдэнэбүрэн, өөрийн охин А.Саранзаяа нар АТГ-т шалгагдаж, Л.Гансүх тэргүүтэй хүмүүс нь эхнээсээ шүүхээс ял авлаа. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хамгийн их "ороосон" асуудал нь хүргэн хүү Г.Дэнзэнгийн асуудал байв. Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очсоноор хэвлэлийн "баатар” болж олны анхаарлыг татаж эхэлсэн.
Өнгөрсөн оны наймдугаар сард Г.Дэнзэнг 17 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж цагдан хорьсон юм. Гэвч Г.Дэнзэн өөрийгөө гэм буруугүй хэлмэгдсэн хэмээн үздэгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн юм. Ингээд сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдсон Г.Дэнзэн батлан даалтад гарсанаасаа хойш одоо болтол олны өмнө ил гарсангүй.
Үүнээс харахад эрхэм Ерөнхий сайд асан маань төрлийн албаа онцгой сайн ажиллуулсан бололтой.
Э.Бат-Үүл:
Хотын дарга Э.Бат-Үүлтэй холбоотой маш олон алдаа дутагдал, асуудал ярьж болно. Тэдгээрээс нь шүүж өнөөдөр хамгийн ноцтой гэсэн гуравхан зүйлийн талаар л өгүүлье. Нэгдүгээрт түүний санаачлан хэрэгжүүлсэн хогны ногоон уут. Хогны уутыг анх 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг ажилд эхний жил 3 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Дараагийн жил нь хотын дарга хогны уутны төсвийг 4,5 тэрбум болгож өсгөөд оруулаад ирсэн ч эсэргүүцэлтэй тулгарсны хүчинд 2,7 тэрбумаар баталсан.
Ингээд хоёрхон жилийн дотор хогны уут гэх ямар ч хэрэггүй зүйлийн төлөө төсвөөс 5,7 тэрбум төгрөгөөр зарцуулав.
Гэвч уг хогны уут нь үр ашгаа өгөх нь байтугай хог дээр хог болж хотын гудамжаар нэг хөглөрч байсан цаг саяхан. Эцэст нь иргэд хотын дарга Э.Бат-Үүлийн дээрх ажлыг "60 жил арилахгүй хог нэмсэн ажил" гэж нэрийдсэнээр хоггүй улаанбаатар гэх үлгэр дууссан түүхтэй. 5.7 тэрбум төгрөгөөр хэд хэдэн сургууль, цэцэрлэг барьчих боломж байсан уу, гэвэл байсан. Гэтэл хотын даргын "муйхарлал" энэ бүгдийг үгүй хийж тав хоногийн насгүй ажил хийж төсвийн мөнгийг үрэн таран хийж орхисон нь үнэн.
Хотын даргатай холбоотой дараагийн ноцтой асуудал нь хүүгийнх нь асуудал. "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэж монголчууд ярилцдаг шиг Э.Чулуудай нь аавынхаа хамаг нэр нүүрийг барж, ёстой нүүр хийх газаргүй болгосоор өнөөдрийг хүрэв. Өнгөрсөн дөрвөн жилийн турш хотын дарга өөрийн хүүгийн "Гранд лайн" ХХК-д дахин төлөвлөлтийн ажлыг авч өгсөн талаарх шуугиан тасарсангүй. Ядархад яр гэгчээр Э.Чулуудай нь аавынхаа нэр нүүрийг "шороотой хутгаж" байж олсон ажлаа ч олигтой хийж чадахгүй баахан будилан тарж, араасаа баахан хэрүүл дагуулсан билээ. Ингээд хотын даргын ярьсан дахин төлөвлөлт дашийшог болов. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард оффшор данстай эрхмүүдийн мэдээлэл Монголыг байтугай дэлхийг "бужигнуулахад" нөгөө л хотын даргын хүүгийн нэр тэр дунд "цохиж" явах нь тэр. Ингээд иргэдийн "Үүл баатар"-таа итгэх итгэл бүр мөсөн мөхөж, хүлээлт нь нурааж орхилоо. Арга ядсан хотын дарга "Данс нээгээд нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол огцорно" гэж хэлсэн боловч саяхан хүүтэй нь холбоотой оффшор дансны асуудал дахин гарч эхлэв. Ийнхүү хотын дарга маань энэ дөрвөн жилийг ихээхэн ашиг сонирхлын зөрчилтэй л өнгөрүүллээ.
Мөн хотын даргын өнгөрсөн сонгуулиар өгсөн хамгийн том амлалт нь гэр хорооллын айлууд руу халуун, хүйтэн ус татаж "Ганнам хороолол" болгон гэдэг амлалт байлаа. Гэвч энэ бүх амлалт нь талаар болж гэр хорооллыг хаус болгох нь байтугай ганц худаг ч нэмэгдэж баригдахгүй байсаар дөрвөн жилийг ардаа үдлээ.
Эцэст нь дүгнээд хэлэхэд эрх баригчид төрийн албыг төрлийг алба болгож, ах дүү, хамаатан садан, охид хөвгүүддээ төрийн ажлыг даалгаж "тоглуулдаг" явдал гаарсан дөрвөн жилийг бид бүхэн нүдээр үзэж, чихээр сонслоо. Тэр ч бүү хэл хамсаатнуудынх нь хийсэн хэрэг, идсэн уусан мөнгө нь эхнээсээ хуулийн байгууллагуудын өмнө илчлэгдэж ял шийтгэлээ авав. Дараа дараагийн "нөхдүүд" нь аавынд очих магадлалтай тул эрх баригчид эвсэн хуйвалдаж өөрсдийгөө өршөөлгөх хуулиудыг ээлж дараагаар нь уралдан баталж нэрээ цэвэрлэж, идсэн ууснаа нууж чадсан.
Өнгөрсөн жилийн наймдугаар сард завсарлачихсан байсан чуулганыг хүчээр ээлжит бусаар хуралдуулж Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэх нуусан хөрөнгө, төлөхөөс зугтсан татварын асуудлуудаа цэгцэлсэн. Үүнийхээ дараа гэмт хэрэгтнүүдээ өршөөлгөхийн тулд Өршөөлийн хуул-ийг бараг бүтэн жил зүтгүүлсээр байгаад мөн л ээлжит бус чуулганаар хүчээр батлуулсан. Хэрээс хэтэрсэн дээрх үйлдэлд нь Ерөнхийлөгч хориг тавихад нь хүртэл түүнээс булзаж зугтах гэж оролдоод яалтчгүй үнэнд гүйцэгдсэн. Ганцхан жишээ дурдахад өнгөрсөн жилийн наймдугаар сард Өршөөлийн хуулийг батлагдсан даруйд "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх тэргүүтэй АН-ынхан суллагдсан байдаг.
http://www.zaluu.com/read/7b84ge0g
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих