Ахмад настнуудыг хүндэлж, хүүхэд нялхсыг
хайрлаж ирсэн ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эх орон даяар шинэ
бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн
Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт Дархан-Уул аймгийн Ахмадын хороо болон
ахмадуудыг хямд өртөг бүхий найман хувийн зээлд хамрагдсан орон сууцтай
болгохоор ажил эхлүүлсэн "Сөгнөгөр хайрхан” ХХК-ийн хамт олноос заавал
дуулгах үг байгааг хэвлэлээр ийнхүү хүргэж байна.
"Сөгнөгөр хайрхан” ХХК нь Дархан-Уул аймгийн Ахмадын хороотой хамтран өндөр настан,ахмад дайчдад зориулж Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оны зургадугаар сарын 20-нд эргэн төлөгдөх нөхцөлтэй дөрвөлсөн гэрээ байгуулаад зээлийн баталгаа гаргуулахаар өдий хүртэл хөөцөлдөж байна. Энэ хугацаанд буюу 2013 оны зургадугаар сарын 25-наас өнөөдрийг хүртэл Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан нийт 42 удаа хандсан боловч хариу авч чадсангүй.Мөн шат дараалалтай дэмжигдэж болох бүхий л шатны холбогдох албан тушаалтнууд, албан байгууллага зэрэг 25 хүнд хандсан ч тодорхой хариу өгсөнгүй.
Бидний эхлүүлээд байгаа энэ ажлыг парламентад суудалтай бүх намын удирдлага үгсэн ярилцаж, эвсэн нэгдэж Дархан-Уул аймгийн ахмадуудын магнайг тэнийлгэхээр ариун цагаан сүү мэт сэтгэл гарган шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Учир нь энэ орон сууцанд орохыг АН, МАН, МАХН,ИЗНН-ын ахмад гишүүн, үйлдвэрчний эвлэлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин олон хүн хүлээж байгаа шүү дээ.
Дахин хэлэхэд, бид өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймгаас Их хуралд сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа болон Дархан-Уулаас сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, одоо Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн албыг хашиж байгаа Л.Гансүх нарт хандсан боловч олигтой хариу авалгүй өдий хүрлээ. Зээлийн батлан даалтын санд хандсан ч "Танайх хөрөнгөгүй шинэ компани байна. Тэгэхээр баталгаа гаргах боломжгүй” гэсэн хаалттай мэдээлэл авсан.
Бид бүхий л банкуудад хандсан. Тэд "Засгийн газраас ахмадуудыг найман хувийн зээлд хамруулах боломжгүй, төлбөрийн чадваргүй учир танай компани нь барьцаалах хөрөнгөгүй юм байна. Уг нь үнэхээр буянтай, боломжтой төсөл юм. Засгийн газар дэмжээд батлан даалтын санд хамрагдвал дэмжиж болох юм” гэсэн хариу өгөөд байгаа билээ. Түүнээс гадна аймгийн Засаг дарга С.Насанбат болон Засаг даргын Тамгын газар дэмжиж хөөцөлдөж байгаа юм. Төр, засаг маань шинэ компанийг дэмжин ажиллавал татвар төлөгч шинээр нэмэгдэнэ. Дархан-Уулын өндөр настнууд, ахмад дайчид маань байртай болж магнай нь тэнийнэ гэдгийг бодож үзээсэй.
Мөн "Сөгнөгөр хайрхан” ХХК өнөөг хүртэл энэ ажлыг эхлүүлэхээр төр, засгийнхаа амыг харж, хүлээж байгаа маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эх орондоо хийж бүтээхийн төлөө гэдгийг хэлэх байна. Учир нь манай компанийн эзэмшилд байгаа энэхүү 34 м/квадрат газарт Хятад улсын иргэн баар, ресторан, зочид буудал барья гэхэд нь бид өгөөгүй. Энэ газартаа эх орондоо, улс нийгэмдээ, ард түмэндээ эрэлт хэрэгцээтэй байгаа зүйлийг нь бүтээж өгч, хямд өртөг бүхий, найман хувийн зээлд хамрагдсан орон сууц барих боломж олгоно гэдэгт бид итгэж хүлээж байна. Зарим хувийн хэвшлийнхэнтэй зовлонгоо хуваалцахад "10 хувь амлахгүй болохоор наад ажил чинь яаж бүтэхэв дээ гэх юм”. Үүнийг бид ойлгохгүй байна. Хэн нэгэнд хувь өгнө гэхээр бидний барьж буй барилгын дээвэр дутна биз дээ. "Чанаргүй барилга, хүний амь” гэдэг асуудал эндээс л үүддэг байх. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёртоо хандаж байна. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд хоёрт 10 хувь өгье гэлтэй биш дээ, ард түмнээ бодож ухаалаг шийдвэр гаргаач ээ гэж хүсье. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хэвлэлээр ил захидал хүргэсний учир нь тэдний доод тушаалын хүмүүс бидний хүсэлтийг наагуур нь танилцуулаад байна гэж бид ойлгож байгаа юм.
"Сөгнөгөр хайрхан компани, Дархан-Уул аймгийн ахмадын хороо
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих