Дорнод нутгийн минь ард иргэдээ,
Эрхэм хүндэт наадамчид аа
Хүндэт зочид, гийчид ээ
Манай ард түмний уламжлалт төрт ёсны Үндэсний их баяр цэнгэл-Монгол наадмын мэндчилгээг Монгол улсын Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хот, аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийнхээ хоймроос Хотол олон та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Монголын тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байна.
Эрхэм хүндэт наадамчид аа,
Наадмын өмнөхөн Монгол улсын Үндсэн хуулийн дагуу 4 жил тутамд зохион байгуулагддаг ээлжит сонгууль болж иргэд сонгогчид маань өндөр ирцтэй, идэвхитэй оролцлоо, Түмэн олон маань төрийн эрх барих хууль тогтоох дээд байгуулага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад өөрсдийн элч төлөөлөгчөө сонгож, Улсын Их Хурал, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийж, Хурлын дарга, тэргүүлэгчдээ шинээр сонгон ирэх он жилүүдэд хийх ажлын гараагаа эхлээд байна.
Эрхэм хүндэт Миний нутгийн ахан дүүс ээ
Та бүхэн минь бидний ажлыг үнэлж дүгнэн, өргөн их итгэл дэмжлэгээ дахин үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хэдийгээр улиран одож буй ээдрээ төвөгтэй 4 жилийн сүүлийн 1 жилд нь аймгийн Засаг дарга хэмээх өндөр нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдон ажилласан боловч Та бүхнийхээ сонголтын үр дүнгээр байгуулагдсан аймгийн Хурлын төлөөлөгчдийн 97,1 хувийн саналаар улиран сонгогдож, өчигдрийн билэгт сайн өдөр Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын 9 тоот Захирамжаар аймгийн Засаг даргаар улиран томилогдлоо. Одоо бид бүхэнд ард иргэд, аймгийнхаа хөгжлийн төлөө эвийг эрхэмлэн, эрч хүчтэй ажиллах үүрэг ноогдож байгааг гүнээ ухамсарлаж, төр түмэн олныхоо төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна.
Наран мандах Дорнын уудам талд минь нартай хуртай дэлгэр сайхан зун болж байна.
Энэ жилийн наадмыг Дорнодчууд бид амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбарт олон арван сайчуул төрөн гарлаа.
Даян дэлхийн хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг Олимпийн наадам болох Рио-2016 зуны наадамд манай аймгийн 2 тамирчин бокс, хөнгөн атлетикийн төрлөөр оролцох эрх аваад байгаа нь Дорнодчууд бидний бахархал юм аа.
Үндэсний соёл, язгуур урлаг, Монгол ардын уртын дууны өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн Хөгжлийн сангийн дэмжлэгээр уртын дуучид, бөх, морь цоллоочдыг аймгийн төв, сум бүрт сургаж бэлтгэлээ.
Аймгаас маань 10 жилийн дараа Монгол улсын начин цолтон төрлөө. Эрхий мэргэн харваачдаас Улсын баяр наадмын Үндэсний болон буриад сурын харваанд амжилттай оролцож, улсын мэргэн, спортын мастер цолтнууд төрөн гарлаа. Мөн Улсын сайн малчин 4, Монгол Улсын гавьяат багш нэгээр нэмэгдлээ.
Дорнод нутгийн минь, цаашлаад Монгол улсын минь ирээдүй болсон Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээрээ улсдаа 2 дугаарт эрэмбэлэгдэж, гадаад хэлний хичээлээрэээ улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан байна, Мөн хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс манай хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Аймгаас дэвшүүлсэн ”Сурагч-гэр бүл-сургууль хамтдаа”, "Багийн спортыг дэмжих жил” зэрэг зорилтот жил болон хүүхдүүдийн маань хүмүүжил, сурлага, урлаг, спортын амжилт гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг тулгын гурван чулуу болсон Хүүхэд ,багш, эцэг эх нарын маань хамтын хичээл зүтгэлийн үр дүн ийнхүү гарсаар байна,
Хүндэт наадамчид аа
Бидний сайхан нутаг минь хөдөлмөрч бүтээлч иргэд, мэдлэг боловсролтой залуус, газар зүйн байршил, газар тариалан, газрын тос, эрчим хүч, инженерийн байгууламж гээд өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан тэргүүлэх хөгжилтэй аймаг болж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Монгол наадмын энэ өдөр үгийн сайныг хэлэлцэж, өв соёл, өрнүүн амжилтаараа бахархаж буй Та бүхэндээ хүчтэй бяртай, хараа цэц мэргэн, хүлэг морьд нь хурдан төгөлдөр сайхан наадахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ахмад буурлууд, аав ээжүүд, эмэгтэйчүүд бүсгүйчүүд, оюутан залуус, хүүхэд багачууд, нутгийн наадмаа зорин ирсэн уугуул нутгийнхан, нийт зочид төлөөлөгчид та бүхэн минь Дэлхийд ганцхан Монгол наадамдаа Дэлгэр сайхан наадаарай.
Дорнод аймгийн Баяр наадам ийнхүү нээснийг сонордуулъя
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих