УИХ-ын чуулган өчигдөр шөнө хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай асуудлыг хэлэлцсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганаар Шинэ Засгийн газрын бүтцийг танилцуулж, 1238 хүнийг цомхотгож, оронд нь 340 хүн тэднийг орлож ажиллана гэх мэдээллийг хийсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын бүлгийн байр суурийг илэрхийлж, шинэ бүцтийг буюу давхар дээлийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Үүний дараа Ж.Энхбаяр гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нарын хооронд нэлээд ширүүн маргаан өрнөв.
Ж.Энхбаяр: С.Эрдэнэ гишүүнээ Монголын нийгэм удахгүй өөрийг чинь танина
Ж.Энхбаяр гишүүн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэд хандан "Оруулж ирж байгаа хуулийн төсөл танай Засгийн газраас олон зүйлээрээ давуу талтай. 19 сайдтай байсныг 16 болголоо. 16 давхар дээлийг 6-7 болгон оруулж ирлээ. Данхайсан төрийн бүтцийг чинь цомхотгох гэж байна. С.Эрдэнээ сайдыг сайдын үүрэг гүйцэтгэгч болчихоод Монгол Улсын бүхий л дүүрэг, аймгийн Нийгмийн халамжийн газрын дарга нарыг өөрчилж байсныг санаж байна л даа. Бид одоо таныг ийм дүр гаргаад байхаар гайхаад байх юм. Удахгүй ил болно за юу” гэхэд С.Эрдэнэ гишүүн нэлээд бухимдаж гүтгэж байна хэмээв.
Үргэлжлүүлэн Ж.Энхбаяр гишүүн "Нотолно, нотолчихно за юу, С.Эрдэнэ ээ. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй мэдэв үү. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Тэгэхээр битгий олон юм ярьж бай. Наад улс төр чинь явахгүй ээ. Сонин биш байна. Ард түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүтцээ батална” гэв.
-С.Эрдэнэ: Олонх нь цөөнхдөө хүндэтгэлтэй хандъя-
Харин С.Эрдэнэ гишүүн "Олонх, цөөнх хэн хэндээ хүндэтгэлтэй харьцъя. Ж.Энхбаяр гэж залууг мэдэхгүй юм байна. Мөнхийн заваан хар, хэл амаар дайрч, гүтгэж байх юм. Би чиний Хандгайтад барьсан Батлан хамгаалахын байрыг чинь ярьдаггүй ш дээ. Хүүхэд залуучуудын гулгадаг талбайг хаагаад чи хэдэн тэрбум төгрөгөөр баахан модон амбаар барьсан юм билээ. Энийг чинь би хууль шүүхийн байгууллагын нотлогоо байхгүй учраас ярьдаггүй юм. Чи бол барин тавин хүн дайрч л байдаг. Ер нь залуучууддаа хандаж хэлэхэд амандаа орсноороо нэгнээ дайрч болохгүй шүү. Ялангуяа олонх болсон үедээ цөөнхдөө бүдүүлэг үг хэллэг бага хэлээрэй. Хэт эрдсэн, бардсан байр сууриар асуудалд ханддагаа боль. Та нарт дуртайгаараа Засгийн газраа барих эрх чинь байна. Гэхдээ эргээд ард түмэн та нараас хариуцлага нэхнэ шүү”гэх хариултыг дайлаа.
Мөн тэрээр "Өнөөдөр ахмадуудаас суралцаач ээ. Энд олон хашир улс төрчид байгаад баяртай байна. Бид алдсан оносон ч хариуцлагаа сонголтоороо хүлээсэн. Өнөөдөр 65 суудал чинь ард түмний 50 хувийн саналыг ч аваагүй ш дээ. Та нар олонх биш шүү. Хэтэрхий битгий бярдаарай. Өнөөдөр оруулж ирж байгаа бүтцээс чинь хүүхдийн мөнгө, хөгжлийн асуудлыг залуучуудтай хольж болохгүй. Насанд хүрсэн хүн, хүүхэд хоёрын хөгжлийн бодлогыг адилтгах боломжгүй. Энэ асуудлаа эргэж хараарай. Мөн төрийн алба хаагчдыг хомроголон халахаа болиорой. Тэр 60 мянган ажилгүйчүүдийг хааш нь хийх гэж байгаа юм. 1300 хүн гэж байгаа ч энэ тоо өснө. Би мэдэж байна” гэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих