ТҮҮНИЙ ЖИНХЭНЭ НЭРИЙГ МА ЮНЬ ГЭДЭГ
Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд Ма Юнь төржээ. Тэрээр 1995 онд Америкт байхад нь нэгэн жуулчин эмэгтэй түүнд ЖЭК хэмээх нэр өгсөн гэдэг. Түүний нэрийг дуудахад түвэгтэй байсан учир Ма Юнь "Тэгвэл намайг дуудахад амархан англи нэр өгөхгүй юу" гэж. Хариуд нь жуулчин эмэгтэй "Миний аавыг Жэк гэдэг. Нөхрийг маань бас Жэк гэдэг. Жэк гэвэл ямар вэ" гэснээр Ма Юнь нэрээ Жэк Ма болгон өөрчилжээ.
ЖЭК МА ТӨРӨЛХИЙН АЗГҮЙ ХҮН БАЙВ УУ?
Ма тийм ч толгой сайтай хүүхэд байгаагүй аж. Дунд сургуулийн багш нар нь түүнийг хулигаан, хоёроос өөр дүн авдаггүй хэмээн ад үздэг байв. Дунд сургуулиа арайхийн төгсөөд Бээжингийн Их сургуульд элсэхээр явлаа. Толгой хоосон, халаас хоосон ч хичээл зүтгэлтэй байлаа. Эхний жилдээ математикийн шалгалтанд авах ёстой 100 онооноос Ма ганцхан оноо авсан ч шантралгүй дараа жил нь дахин өгч мөн л тэнцсэнгүй. Ийнхүү Бээжингийн Их сургуульд элсэх мөрөөдлөө орхин Ма төрөлх хот Ханчжоудаа эргэн ирж Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ.
Тэрээр 3 удаа коллежийн шалгалтад унаж, ажилд орох гэж 30 удаа өргөдөл гаргасан ч бүгд бүтэлгүйтсэн. Анх Хятадад KFC сүлжээгээ нээж байхад 24 хүн ажилд орохоор бүртгүүлж ,тэднээс 23 хүнийг нь сонгон авсан. Хачирхалтай нь хасагдсан нэг хүн нь Жэк Ма. Мөн цагдаа болох гэж, сахил санваар хүртэх гэж хэд хэдэн удаа оролдсон ч Жэк Маг л зөвхөн авдаггүй байсан. Харвардын их сургуульд элсэх гэж 10 удаа хүсэлт гаргасан ч мөн л хүлээж аваагүй.
1992 онд Ма найзуудтайгаа нийлж, Орчуулгын товчоо ажиллуулж эхэлсэн ч бас л бүтэлтэй байсангүй. Харин наймаа хийж эхэлснээр түүний азгүйтэл, бүтэлгүйтэл зэрэг арилсан гэдэг. Хувцас, эм, бэлэг дурсгалын зүйлс гээд юу ч хамаагүй зарж байлаа. Ингээд Ма АНУ руу очиж бяцхан интернэт кафе ажиллуулж эхэлсэн нь амьдралынх нь эргэлтийн үе болов.

"ХЯТАДЫН ШАР ХУУДСУУД" ЛАВЛАХААС ЭХТЭЙ БИЗНЕС
Жэк Ма нутагтаа буцаж ирээд "Хятадын шар хуудсууд" нэртэй лавлах нээсэн нь ашиг орлого сайтай байв. Энэ үеэс Жэк Ма жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан худалдааны интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төржээ. Тэрээр 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаад алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулав. Хятадын эрчимтэй өсч байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа ийнхүү эхлүүлжээ. Өнөөдөр түүний удирддаг групп есөн үндсэн салбар нэгжид хуваагдаж байна. Эдгээр нь:
1.Алибаба цэг ком- Alibaba.com
2. Таобао Арилжааны төв- Taobao Marketplace
3. Тималл- Tmall
4. ИТао- eTao
5. Алибаба үүлэн тооцоолол- Alibaba Cloud Computing
6. Жухуасуан- Juhuasuan
7. 1688 цэг ком- 1688.com
8. Али Експресс цэг ком AliExpress.com
9. АлиПей- Alipay
АЛИБАБА БА ХӨХ МӨРНИЙ МАТАР
Компаниа яагаад АЛИБАБА хэмээн нэрлэх болсон тухай сэтгүүлчид түүнээс асуухад "Би Сан Францискогийн нэгэн кофе шопд сууж байхдаа зөөгчөөс нь "Чи Алибаба гэж мэдэх үү?" гэж асуухад "Тийм" гэж хариулж байлаа. Тэгээд Алибаба гэж ер нь их гоё нэр юм байна , компанийхаа нэрийг олчихлоо доо гэж бодсон. Гудамжинд гараад тааралдсан хүмүүсээс "Алибаба ба 40 дээрэмчин, Сесами онгой" гэж мэдэх үү гэж асуухад тэд бүгд мэдэж байсан. Сесами онгой гэдэг шидэт үг надад эхлээд бяцхан бизнесийн санаа нээж өгсөн. Түүнийгээ ч Алибаба гэж нэрлэсэн. Тэгээд ч хэлэхэд хялбар. Харин одоо та нар хардаа, энэ нэрийг дэлхий даяар мэддэг шүү дээ" хэмээсэн байна.
Түүний хэлдгээр хүн бүрийн мэдэх энэ том худалдааны сайт 2012 оны 11 дүгээр сард цахим ертөнцөд нийт нэг их наяд юаны наймаа хийж, Жэк Маг "Их наяд юаны тайж" гэдэг алдар дагах болжээ. Түүнчлэн Жэк Магийн амжилтад хэрхэн хүрсэн тухай "Хөх мөрний матар" хэмээх баримтат кино хүртэл дэлгэцнээ гарч байв.
Э.Энхчимэг http://www.zuvsongolt.mn/page/newsmore/4383
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=18327
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих