ЯГ УЛСЫН ҮНЭ ТАРИФААР ТООЦООД ҮЗСЭН БИ 400-500 САЯ
ТӨГРӨГИЙН АЖИЛ ХИЙСЭН
Эх Монгол орны минь Зүүн хаяа дэрлэсэн хөнх цэнхэр Буйр нуур,саа мөнгөн Хэрлэн,дайн тулааны домог түүхт Халхын голын сав газар, хязгааргүй үргэлжлэх Мэнэнгийн шаргал тал гээд л манай улсын зүүн хязгаар Дорнод нутаг үнэхээр гайхалтай.
Энэ нутагт хүн зон Халх,Буриад,Барга,Үзэмчин гээд олон ястан оршин амьдрах агаад тэд гайхалтай хөдөлмөрч хүмүүс байдаг бүлгээ. Тэр л хүмүүсийн нэг нутгийн зон олны нэршсэнээр "Худгийн” хэмээгдэгч Д.Батаа гуайн тухай энд өгүүлэх гэсиймаа.
Эдүгээгээс 65 жилийн тэртээ 1949 онд Д.Батаа гуай мэндэлжээ.Хар багаасаа ажил хөдөлмөр хийж бусдын тусын тулд өөрийгөө зольж ирсэн энэ эрхэм хүнтэй хэд гурван үг хөөрөлдөж суухад нэн таатай. Насаараа л худаг,ус дагаж,хүн мал ундаалж явсан болохоор түүний амнаас худаг ус л гарна.Тэнд тийм худаг байдаг засаж сэлбээтэхвэл дороо устай юмсан,энд нэг худаг байсныг тоноод дуусгаж шинэчлэвэл сайхан худагтай болох газар,гээд л ойр орчмын нутаг усныхаа хаана ямар худаг байдаг ямарыг нь засах,аль газарт шинэ худагтай болгох зэргийг байнга ярьж явах.Бас хэрэгжүүлж амжих.
Уг нь мэдэл сүр,албан тушаалтай нь жаахан дэмжээд.дэмнээд өгвөл усгүй,худаггүй гэгдсэн олон газрыг устай,худагтай болгоод хүн,малыг ундаалахсан хэмээх чинхүү хүсэл эрмэлзэлтэй нэгэн аж.
Тэрээр 1965 оноос улсад ажил хийж эхэлсэн бөгөөд 1970 аад оноос ус худагтай холбогджээ.Дорнод аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажилчин, засварчин,мужаан,жолооч, өрмийн мастер,бригадын дарга зэрэг ажилд тасралтгүй 45 жил зүтгэсэн байна. Олон хүний хүсэлт гуйлт,хүлээлт шахалтын үндсэн дээр 1992 оноос өөрөө худаг усны бригад байгуулжээ. Ийнхүү Дорнод,Хэнтий, Сүхбаатар аймгуудын олон сумдын сумдын өвөлжөө хаваржааг худаг устай болгосныг нутгийн зон олон өнөө хэр бахархан ярьцгаадаг. Гүн өрмийн,богино яндант,уурхайн худаг,гар худаг гээд нийтдээ 80 орчим их бага худаг засварлан сайжруулж,заримыг шинээр гаргажээ..
Батаа гуйи хэлснээр Дорнод аймагт л гэхэд статистик мэдээллээр аймгийн 14 сумын хэмжээнд инженерийн хийцтэй 3400 худаг байгаа бөгөөд үүний 500-гаад нь алдаг оног ажиллагаатай ба , үлдсэн 2900 худгийг дахин ашиглаж болохгүй хэмээн акталсан байдаг аж.
Мань хүн үүнд харамсч ажиллуулж болох учиртай олон худаг байх ёстой.Яахаараа огт ажиллагаагүй байдгийм гээд өөрийн биеэр өөрийн аймгийнхаа бүх сумаар тойрч бэдчин явсаар огт өөр судалгаа тооцоо гаргасан байдаг ажээ.
Батаа гуайн 7 хүүхэдтэй. Одоо ач зээ гээд улам л олон болж байгаа гэнэ. 70 дөхсөн энэ эрхэм их хөнгөн шингэн.50 гарч буй эр хар хүн шиг л ануухнаараа.Дуудлага өгч худгаа засуулахыг захиалсан нэгэн айлын гадаа,аргалын утаа үнэрлэсэн шиг өвгөний яриаг сонсож суув.
Эдгээр худгийг сэргээн засварлах ажил хийгдэхгүй,ойрын жилүүдэд тус худгуудыг хөрөнгө гарган засварлаж ,хүн амын ундны усны хэрэгцээ,малчид тариаланчдын хөдөлмөрийн үйл ажиллагаанд их хувь нэмэр оруулах хүчин зүйл гэдгийг тооцох тал дээр хангалтгүй байгаад ахмад хүний хувьд сэтгэл дундуур явдаг гэнэ. Түүний хэлснээр шууд засварлаад ажиллуулж болох 400-500 худаг лавтайяа байна. Улсын хэмжээнд аваад үзвэл 30-40 мянган худгийг сэргээн засварлах шаардлагатай гэлээ. Хөрөнгө мөнгө нь байвал одоогийн худаг ус засварын үнэ ханшнаас даруй хоёр дахин бага үнээр дээрх худгуудыг сэргээн засварлаж чадна гэнэ. Нэг худгийн засварын мөнгөөр би хоёр худаг сэлбээд ажиллуулах болно гэлээ.
Тэрбээр нэг худаг гаргах хөрөнгөөр 3-4 худаг засах боломжтой.400 худаг засварлаж ажилд оруулбал 1500 өрх айл,200 мянган мал амьтан усны гачаалаас гарах юмаа гэдгийгзүгээр л монгол хар ухааныхаа тооцоогоор тэнэг л биш бол хэнд ч ойлгомжтойгоор нүдэнд харагдтал,гарт баригдтал тайлбарлан таниулах ажээ. Шинээр худаг ус гарагх нь хэрэгтэй л дээ.Гэхдээ хуучин усны судал судас дээр байгаа худгуудаа ажилтай болгоё оо л гээд байна. 100 худаг шинээр гаргах мөнгөөр 500 худаг засварлаад ашиглах болно л гээд байгаа юм.
Одоо юу юугүй өвөл боллоо. Энэ намрын ажил ингээд дуусах нь шиг байна. Ирэх хавраас ажил ундарна. Тэгэхээр бид өвөлд нь тооцоо судалгаагаа сайтар хийгээд,төлөвлөгөө төсвөө гаргаад хавар ажлаа эрт эхэлчих юм бол олон худаг засаж чадна. Би нэг 3-5 хүнтэй бригадтай л хүн шүү дээ.
Худаг усаа сайн засаж бэлтгэл хангахгүй бол өвөл хаврын улиралд мал усгүй болно.нуур цөөрөм хөлдөнө. Тэр үед л ус хэрэгтэй болно. Худгаа засварлаад явахад дандаа айлын гадна байгаад байхгүй,дан платка майханд эрүүл агаарт эрдэнэт усаа уусан шиг зун намрыг өнгөрөөдөг.
Худаг айлаас 5-10 км,уулын шилд ч байж л байдаг. Эвдэрсэн худгаас ус гарахгүй,айлаас хол, ажилчдынхаа хоол унд хийхээс эхлээд байнга л устай харьцаж байдаг болохоор,хүйтэн сэрүүнд ус хөлдөнө,хүмүүс маань даарна хөрнө зутарна гээд бэрхшээл бий. Гэхдээ залуучууддаа өөрийн мэддэгээ ярьж зөвлөөд хамтарч ажиллаад болж байна аа болж байна.
Бидний засч байгаа энэ худгийг засаад дуусахад 5 айлын 4000 мал устай болно.1 худаг засахад 2-3 айл ер нь бол байна шүү.Би хааяа захиалга дуудлагаар Сүхбаатар,Хэнтий аймаг явдаг. Итгээд худаг засаж устай болгоод өгөөч гэхэд үгүй гэдэггүй засаад л өгдөг. Захиалга бол байна шүү. Эхлээд захиалгаа худгаа очиж үзнэ. Насаараа хийсэн ажил болохоор бага зэрэг туршлага ч энэ тэр байдаг л байх. Гэвч мэдэхгүй чадахгүй юм зөндөө л гаралгүй яахав. Манай залуучууд сайн шүү. Хамгийн гол нь хийж байгаадаа сэтгэлтэй улс даа. Тийм байж л гараас доиун юм гарна.
Аймагт шинээр худаг гаргаж буй улсууд байнааа. Харин хуучин худгийг засварлаж байгаа нь харагдахгүй л байна.Хуучин худаг одоо болохоо больж элэгдэлд орж эхлээд байна. Редуктор яндан хоолойг засаад тордвол дахиад 5-10 жил ажиллах худаг олон бий.
Худгийн кольцо,онгоц,тоног төхөөрөмжийг хийдэг цех,худгаа бүрэн тоноглочихдог болчихвол ч...
Энэ ганцхан миний ажил биш .... Улс анхаарч үзээд орон нутгийг дэмжвэл маш том ажил шүү.хуучин худгуудыг сэргээвэл 30-40 мянган худаг монгол улсын хэмжээнд гарна.Энэ бол их нөөц .
Хүн юм хийх тусмаа улам л туршлагажаад,ухааждаг юм уу даа.Худаг устай болгоод өгөхөөр хүмүүсийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тэднийг хараад бид бас хөөрнө,омогшино.Мөнгө сэтгэл хоёр нийлмэл юм ,ганц мөнгө,ганц сэтгэл юм болохгүй. Хүн сэтгэлээсээ ажилаа хичээж хийгээд ,сэтгэлээр баян байвал мөнгөөр баян байж болно шүү. Орой үдшийн цагаар амраад сууж байсан ч энэ хэдэн залуучууддаа мэддэг чаддагаа ярьж л суух.
Дээр үеийн бидний кашка худаг гэж нэрлээд байдаг богино яндант уурхайн худгийг энэ айлд засаж өглөө. Мориор эргүүлээд ус нь асгарч хүнээ ховоо татаж зовоохгүй устай болсондоо айлынхан баярлаж байнаа. Өвгөн Д.Батаа гуай өөрөө ч нэн баяртай сэтгэл хангалуунаар ийн өгүүлрүүн.”... Энэ миний засварласан 80 дахь худаг юм. Аав минь худаг ус гаргаж хүн малыг ундаална гэдэг чинь буянтай ажил гэж хэлдэгсэн. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг.Түүний хүч юм уу миний сэтгэлсанаа өөдрөг,бие тэнхлүүн,ажил үйлс бүтэмжтэй,амьдрал тэгш, аятай сйхан байна гэж боддог шүү.” хэмээснээ”Дээх нь манайд хэдэн оюутан хүүхдүүд ирээд намайг”Бид хөгжлийн эзэд” гэсэн зөвөлгөөнд уридаг юм байна Тэр болгон элдэв хурал зөвөлгөөнд оролцох биш дээ. Хаа нэг таарч байгаа нь тэр.
Тэнд миний ажлыг үнэлцгээлээ.Тэгсэн яг улсын үнэ тарифаар тооцоод үзсэн би 400-500 сая төгрөгийн ажил хийсэн байнаа. Сүүлийн хэдхэн жилд шүү дээ.Урд өмнө нь ингэж нь хийсэн ажлаа тооцоолж үзээгүй л дээ. Дуулаад сэтгэл аятайханл санагддаг юм билээ. Сэтгэлээсээ ажиллавал бүтээл,амжилт гардаг гэдгийг ойлгож л байна. Д.Батаа гуайн яриа энэ хүрээд завсарлав.
Тэрээр өөрийнхөө хүсэлт,өргөдөл,гаргасан тооцоо судалгаагаа дээш нь яам тамгын газарт уламжилж өгөхийг Умард говийн гүвээт –Халхын дундад талын сав газрын даргад хүссэн гэнэ. Дэмжиж тусална хэмээн найдаж суугаагаа хэлж байна лээ.
Батаа гуайнхаа хаягийг тэмдэглэлдээ үлдээлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг.Жуковын 2-11 тоотод оршин суугч өндөр настан Д.Батаа утас:95587963
Дорнод аймгийн Худгийн Батаа буюу Дэчингийн Батаа гуайн тухай Дорнод аймагт болсон Усны сав газрын захиргаадын Зүүн бүсийн зөвөлгөөний үеэр уулзаж ярилцах завшаан тохиолоо.
Тэмдэглэсэн:Д.Пүрэвсүрэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих