Үүнийг бичигч миний! бие Увс аймгийн Тариалан сумын уугуул жирийн нэгэн бөгөөд Ю.Цэдэнбал гэж энэ аугаа хүн манай сумын ард түмний талаар хэрхэн санаа тавьж байсан болон өчүүхэн миний бие хоёр ч удаа ойр дэргэдээс харж ямар их энгийн хүн бэ гэдгийг биерээ мэдэрч, нүдээрээ харж билээ.Ю.Цэдэнбалын ээж, аав ч манай Тариалан сумын иргэдтэй ямар нэгэн хэмжээгээр холбоотой байсан байдаг.
Ю.Цэдэнбалын аав Юмжаа өөрийн мал хөрөнгө цөөнтэй байсан тул мал ихтэй айлын адуу.мал маллаж баруун зусланд айл дагаж нүүдэг байсан байна. Нэгэн ийм нүүдлээр 1920 оны үе юм уу Цэдэнбалыг 4-5 орчим настай байхад Юмжаа баруун зуслан нүүж Хархираан голоор гаталж байтал ачаатай тэмээ хөл алдаж ачаан дээр сууж явсан хүү усанд урсахад нь манай Тариалан сумын иргэн Хархираан ерөнхий даамал "Сахалт хар’’ Жуудгай гэдэг хүн голоор гаталж байсан айлуудад тусалж байгаад Цэдэнбалыг уснаас шүүрч авч аварсан гэдэг.
Хархираан ерөнхий даамал одоогийн сумын даргаас ч өндөр эрх мэдэлтэй тэр нутагт тариа тарьж байгаа бүх хүмүүст Хархираа голын усыг хуваарилж тариа тариулдаг хүн байсан. Дашрамд дурдахад Хархираа гол маш ширүүн урсгалтай, айлууд зуслан өөд нүүх үеээр Хархираан уулсын мөнх цас хайлж голын усны төвшин нэмэгдэж нүүдэлчдэд жил бүр иймэрхүү бэрхшээл их учирдагюм.
Цэдэнбал дарга 1966 онд Увс нутагт очихдоо тэр үед Түргэн суманд намын үүрийн дарга байсан сүүлд Монгол улсын гавъяат усжуулагч болсон Ж.Янжив /манай сумын уугуул/ Түргэн сумын нутаг Их улаан давааны хөтөл дээр даргыг Бөхмөрөн сум явах замд үдэж байхад нь Цэдэнбал дарга Хархираан эхний мөнх цаст уулсыг ажиглан харж байгаад бага насандаа Хархираан голын усанд урсаж аврагдсаныг аав, ээж нь өөрт нь хэлж байсныг дурсаж ярьсан гэдэг.
Ю.Цэдэнбал нам, төрийн тэргүүний өндөр дээд албыг хашиж байхдаа ч Тариалан сумын хотон ард иргэдийн талаар байнга санаа тавьж байсан юм. Үүний тод жишээ гэвэл, Ю.Цэдэнбал өөрийнхөө амины 37 ижилтэй азаргатай адуугаа 1957 онд Тариалан сумын "Туяа” нэгдэлд нийгэмчилсэн нь манай сумын ард иргэдиин амьдралын сайн сайхны төлөө байнга санаа тавьж байсны нэг илрэл юм.
Мөн энэ үед манай сумын ард иргэдийн дунд гэр оронгүй ядуу зүдүү айл их байсан тул Тариалан сумын дарга, Улсын бага хурлын гишүүн байсан Ж.Бадарч агсан Ю.Цэдэнбал даргад хүсэлт тавихад маш хурдан арга хэмжээ авч Намын Төв Хорооны улс төрийн товчоо, СнЗ-ийн тогтоол гаргаж 1956 онд гэр орон муутай 70 өрхөд берзентэн гэр олгуулж байсан байдаг.Мөн 1972 оны 1-р сард Ж.Янжив Тариалан сумын намын дарга байхдаа Цэдэнбал даргатай биечлэн уулзаж сумын иргэдийн амьдрал, ахуйг танилцуулж СнЗ-ийн тогтоол гаргуулж сумын төвд 18 айлын орон сууц барих, 24 айлд шинэ гэр ,3000м бор эсгий олгуулах, 10 хүүхдийг их, дээд сургуульд явуулж үндэсний боловсон хүчин бэлтгүүлэх зэрэг шийдвэр гаргуулж холбогдох байгууллагуудад үүрэг өгч байсан байдаг.
Ийнхүү Ю.Цэдэнбал Монгол орноо нийгмийн хөгжлийн хоцрогдлоос гаргахын төлөө цаг наргүй ажиллахын зэрэгцээ тухайлсан нэг сумын төлөө хэрхэн санаа тавьж байсан нь манай Тариалан сумын талаар түүний авч байсан арга хэмжээнээс харагддаг.
Ю.Цэдэнбал дарга, миний аав Б.Буянт хоёр нас чацуу бөгөөд тэдний багын амьдрал адил төстэй санагддаг юм.Аав минь хошууны сургуульд хоёр ч удаа түр хугацаагаар сурч байсан гэдэг боловч их залуудаа нас барсан тул чухам хэдэн онд сурч байсныг мэдэхгүй юм.Аав минь 15 настайдаа сумын бичээч, дараа нь сумын түр сургуульд багшилж байсан. Энэ бүхэн аавтай минь адилхан санагдаж энэ сайхан хүнийг ойрхноос харахыг хүсдэг байлаа.
Би бага насандаа ааваасаа хагацаж цаашид суралцаж чадаагүй тул "Туяа” нэгдлийн барилгын салбарт ажиллаж байгаад 1965 оны намар Ховд аймгийн театрын дэргэд сумын кпубийн эрхлэгч нарыг бэлтгэх нэг жилийн курсэд ирж энд баруун дөрвөн аймгийн 40-өөд хүн суралцсан юм. Өвөл нэгдүгээр cap гараад Ю.Цэдэнбал дарга Ховд аймагт ирэх болсон тул Ховдын театр соёлын ажилтны курсэд сурч байгаа бид бүхнийг оролцуулаад томоохон хэмжээний концерт бэлтгэж тоглуулсан юм.
Театрын тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй сайхан болж би хамгийн сүүлийн найрал хөгжимтэй хоор дууны урд бүжиг, биелгээний номерт тоглоод концерт төгсөж хөшиг хаасны дараа Ю.Цэдэнбал даргын сэтгэл нь их хөдөлчихсөн тайзан дээр гарч ирээд маш их баяртайгаар урьд нь бүжиг хийсэн залуучууд биднийг бүгдийн тэвэрч үнсээд, хөгжимчид, найрал дуучидтай бүгдтэй гар барьж баяр хүргэж дунд нь суугаад зураг авахуулж байсан юм.
Ийнхүү соёлын сургуульд сурч том театрын жүжигчдын дунд тоглолтод орж, урьд өмнө нь зөвхөн барааг нь харахыг хүсдэг байсан тэр том хүнд тэврүүлэн үнсүүлсэн минь бага залуу насанд тохиолдсон хамгийн баяртай мөч байлаа. Ю.Цэдэнбал дарга бүх жүжигчид, театрын удирдлагатай маш энгийн, элэгсэн сайхан харьцаж баяр хүргээд явсан нь концертод алдаа гарах вий гэж айж байсан жүжигчид, багш нарыг баярлуулж байсан нь санаанаас гардаггүй юм.
Дараагийн нэг сайхан учрал бол цэргийн алба хаахдаа Ю.Цэдэнбал даргын хамгаалалтад байсан явдал юм. Миний бие 1967 онд цэргийн албанд явж НАХ Яамны харъяа 05-рангид очиж нэг жил бага даргын сургуульд төгсөөд тусгай хорооны 1-р ротод салааны орлогч болж, Монгол Улсын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргын харуулын захирлаар очсон юм. Улсын тусгай хамгаалалттай газар тэр тусмаа Ю.Цэдэнбал даргын харуул хамгаалалтад өндөр шалгуураар цэргүүдийг авдаг байсан гэдэг.
Чухам намайг ямар шалгуураар тавьсныг мэдэхгүй, бага даргын сургууль төгсөөд ангийн даргын тушаалаар Ю.Цэдэнбал даргыг 1968 оны тавдугаар сараас 1970 оны зургадугаар сарын дунд хүртэл бүтэн хоёр жил нэг cap өдөр тутам аюулгүй байдлыг харж хамгаалах нэр хүндтэй үүргийг хүлээж билээ. Даргын байрны дотуур комиссар харуулын захиралтай байнга холбоотой байж дарга өглөө ажилд явах, гэртээ буцаж ирэх, өглөөний гимнастик хийх бүрийд харуулын захирлыг дуудаж давхар хамгаалалт хийдэг байсан.
Дарга өглөө эрт ажилдаа явж оройд голдуу 22, 23 цагт юм уу заримдаа шөнийн 01,02 цагт гэртээ ирдэг байлаа. Хичнээн орой ирсэн байсан ч өглөө яг 06 цагт хашаан дотроо 20 минут орчим гимнастик хийдэг. Биднийг хамгаалалтад байхад Ю.Цэдэнбал 53, 54 насны ид сайхан ажил хөдөлмөрийн оргил үе нь байжээ.
Учир нь би хоёр жил гаруй хугацаанд хашаа, байранд нь хамгаалалт хийж байх үед Ю.Цэдэнбал даргыг гэртээ амарч өнжиж байна гэж ер сонсож байгаагүй. Амралтын өдөр байсан ч дарга ажилтай байгаа гэнэ гээд өглөө гараад орой ирдэг байсан юм. Гэр орноор нь хүмүүс ховорхон ирнэ. Баяр ёслол ч юм уу зарим онцгой үед Улс Төрийн Товчооны гишүүд ирдэг.
Ирэх хүмүүсийг комиссар харуулын Захиралд урьдчилаад мэдэгдцэг. Тэдгээр хүмүүс яг цагаа барь жирээд 2 цаг орчим байгаад зэрэг тараад явдаг байв. Ах дүү нараас нь Төв номын санд ажилладаг Цэнд гэж дүү нь хааяа алхаж ирнэ. Дүү нь байсан ч заавал комиссараас асууж зөвшөөрөл авч дошогшоо оруулдаг хатуу зарчимтай байсан. Даргын хашаанд Нэлгэр гэдэг эмэгтэй дүү нь хоёр хүүхэдтэйгээ 2 өрөө байранд амьдардаг байсан юм. Эхнэрийнх найз орос хүүхнүүд үе үе ирдэг.
Тэр үед даргын том хүү Владислав нь Орост сурдаг байсан бөгөөд амралтаар гэртээ ирсэн үедээ найзуудаа дагаж гадуур явж комиссарууд араас нь харуулдах гэж нэлээд ажил болдог байсан. Бага хүү Зоригоод гэрээр нь орос багш ирж хичээл заадаг, хашаан дотор жаахан дугуй мөсөн талбай бэлдэж тэндээ багштайгаа тэшүүрээр гулгаж нэлээд цаг авдаг байлаа.
Ю.Цэдэнбал даргын ар гэрийн амьдрал нэг иймэрхүү байдпаар өдөр бүр үргэлжилдэг байсан юм. Миний бодоход 1960-аад оны сүүл үед Монгол орон хөгжлийнхөө шинэ үе рүү дөнгөж орж эхэлж байсан бөгөөд Улаанбаатар хотоо хөгжүүлэх улс орныхоо ирээдүйн хувь заяааны төлөө бүтэн нэг өдөр амрах ч завгүй өдөр, шөнөгүй нойр, хоолоо хасан ажиллаж байсныг харуул, хамгаалалтанд нь хоёр жил гаруй ажиллаж ойроос харж байсны хувьд мэдэх юм.
Ю.Цэдэнбал улс орны тэр их ажлын хажуугаар харуулын цэрэгтээ ч анхаарал тавьж шинэ жил, улсын их баяр наадам, Октябрийн баярын өдрүүдэд харуулын цэргийн тоогоор тусгай бэлэг бэлдэж бидэнд өгдөг нинжин сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Тэр үед гадуур байдаггүй ховор жимс, үнэтэй сайхан чихэр бэлгэнд өгнө. Тиймээс дээрх гурван баяр болохыг харуулын цэргүүд хамгийн их баяртаа угтаж төрийн тэргүүн Ю.Цэдэнбал даргын гарын бэлгийг авч байсандаа би одоо ч баяртай байдаг юм.
Өчүүхэн миний бодоход 20-р зууны эхэн үеийн хоцрогдол хэвээрээ байсан Монгол орныг 1940- 1984 оны хооронд 44 жил удирдахдаа боловсрол, эрүүл мэндийн бүрэн бие даасан тогтолцоотой, бүх нийтээрээ бичиг үсэгтэн болж, хүн ард эрүүлжиж, ажил орлоготой хот, хөдөөгүй хөгжил нь жигдэрсэн, өмнөхтэй харьцуулахад танигдахын аргагүй Монгол орон болсныг Бал даргын олон жилийн нөр их хөдөлмөртэй холбохгүйгээр төсөөлөх аргагүй юм.
Цэдэнбал дарга 44 жил төр, засгийн өндөр албанд байхдаа төрсөн нутагтаа дөрөвхөн удаа очсон. Жилд нэг, хоёр удаа Орост голдуу явж хагас, дутуу амарч байсныг нь одоо үеийн төр, засгийн өндөр албан тушаалтнуудын гадаад, дотоод айлчлал, олон арга хэмжээнд байнга оролцож байгаа хүмүүстэй харьцуулахад үнэхээр өрөвдмөөр дүр зураг харагддаг.
Энэ их хүний ажиллаж хөдөлмөрлөж байгаа үлгэр жишээг ойроос харж байсан миний бие ч сурах, боловсрох өндөр шаардлага өөртөө тавьж ажиллан зохих боловсрол эзэмшин олон жил намын ажил хийж,1990 оны анхны ардчилсан сонгуулиар сумынхаа ард иргэдийн итгэл хүлээж АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ үндсэн хууль батлалцах гавъяатай үйл хэрэгт оролцов.
МАХН-ын 22-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, Увс аймгаас сонгогдсон төлөөлөгчид бидний санал, санаачлагаар Цэдэнбал даргынхаа намын шийтгэлийг арилгаж, гишүүнчлэлийг сэргээсэн нь буурал даргынхаа хийж явсан ажлын ариун үйлийг сэргээхэд бидний оруулсан бага ч болов буян болсон болов уу гэж бодох юм.
АИХ-ын депутат асан,
Үндсэн хууль тогтоогчдын холбооны гишүүн Б.Мөнгөн
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19214
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих