Японы мэргэжлийн сүмогийн Аки башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Өчигдөр дээд зиндааны барилдаанууд хурц өрсөлдөөнөөр дүүрэн байж үзэгчдийг шуугиулав.
Аки башёгийн гуравдахь өдөр ёкозүна Харумафүжи маэгашира Окиноумитай барилдан уналаа. Энэ башёд аварга, арслангуудын эрлэг болж буй Окиноуми Харумафүжи аваргад барьцaa ахиулах боломж өгсөнгүй, өөрөө шахаж татан ёритаоши мэхээр 3 дахь даваагаа авчээ.
Тэгвэл эхний хоёр өдөр даваа авч чадаагүй Какүрюү жижиг биетэй эвгүй өрсөлдөгч Ёшиказетэй барилдан ээлжит даваагаа авлаа. Хурдан шаламгай барилдаантай бөхчүүдийн барилдаан шуурхай өндөрлөж, Ёшиказе дэвжээний захад халтиран унасанаар барилдаан өндөрлөв.
Дөрвөн озекигийн барилдаан бас үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн. Тэрүнофүжи озеки эхэлж дэвжээнд гарч өмнө нь 2 унаад байсан Шодайг ерикири мэхээр түрэн гаргасан юм. Харин Котошёогикү Такаясуд шилдэж татуулан унасан бол Точиношин озеки Кисеносатог тахимдан давлаа. Точиношин босохдоо шууд зайлсан ба Кисеносато тэнцвэрээ олж тогтсон ч гүрж бөх тахимдан дайрч гүйцээчихэв. Харин озеки Гойёдо л Точизаныг даван том цолтонгуудаас босоо үлдлээ.
Манай маэгашира цолтонуудаас Тамаваши, Такайнова, Кёкүшюүхо нар өрсөлдөгчдөө унасан бол Чиёошома, Араваши нар өрсөлдөгчөө давсан байна.
Озеки Гойёдо тэргүүтэй таван бөх 3 даваатай тэргүүлж байна. Ийнхүү Хакүхо аваргын эзгүйд Ази башё хурц өрсөлдөөнтэй өрнөж байна.
Ч.Амар
zaluu.com


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих