Энэ удаагийн "Ярилцах танхим"-ын зочноор Баянгол дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Оросоог урьж АН-ын ҮЗХ болон улс төрийн намын шинэчлэлийн талаар ярилцлаа.
-ҮЗХ-ны хурал маргааш болно. Ялагдлын шалтгаанаа шүүн тунгаасан тул шинэчлэлийн асуудлыг хурцаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт намын гишүүдийнх нь дунд бий. Таны бодлоор АН энэ удаад шинэчлэгдэж чадах болов уу. Намын гишүүний хувиар байр сууриа тодорхой илэрхийлээч?
-АН сонгуульд ялагдсан нь том сануулга болж байна. Гэхдээ энэ нь ганц АН-ын ялагдлын асуудал биш юм. Манай улс төрийн тогтолцоонд байгаа эрх мэдлийн хямралын нэг шинж тэмдэг.
-Тэгэхээр улс төрийн тогтолцооны хямралаас болж танай нам хамраараа шороо үмхсэн гэж үү?
-Яг тийм. Сонгуульд ялалт байгуулж, Засаг төр байгуулсан аль ч нам энэ хямралын замыг урт болон богино хугацаанд туулж байна. Тэр нь АН байна уу, МАН байх уу гэдэг нь сонин биш. Сүүлийн 20 гаруй жил яг ийм үйл явц өрнөлөө. Өнөөдрийн хувьд ч адилхан. Улс төрд эрх мэдлийн хямрал үргэлжилж байгаа учраас 2020 онд МАН яг өнөөдрийнх шиг зовлонг амсана.
-Улс төрийн тогтолцооны гажуудал, хямралын гол учир шалтгаан нь юунд байна вэ. Улс төрийн намууд өөрсдөө хямралыг бий болгосон гэж ойлгож болох уу?
-Гол шалтгаан нь Монголын улс төр дэх эрх мэдлийн төлөөх шунал юм. Энэ шунал сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байна. Үе үеийн улс төрийн нам, улстөрчдийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн шунал, үүний зэрэгцээ тэрхүү эрх мэдлийг жам бусаар, зүй бусаар төвлөрүүлснээс үүдэлтэй хямрал Монголд нүүрлэчихсэн.
-Энэ байдал 20 гаруй жил үргэлжилсэн гэхээр тийм амархан эмчлэгдэхгүй бололтой. Тийм үү?
-Хэн нэг шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гарч ирлээ гээд тогтолцоо сайжрахгүй. Тэд хичнээн мундаг, сайн удирдагч байсан ч нэмэргүй. Мөн аль нэг намын мундаг дарга гарч ирээд ч үүнийг тийм амархан засчихгүй. Энэ улс төрийн эрх мэдлийн хямралын үзэгдэл нь нэлээн тогтвортой, ил далд хэлбэрээр бугшсан байна. Тэгэхээр өнөөдөр бид улс төрийн намын сонгуулийн ялагдлын талаар зөвхөн ярих биш улс төрийн тогтолцоонд байгаа эрх мэдлийн ялзралыг өөрчилж засах талаар ярих хэрэгтэй байна.
-Юуны түрүүнд намын шинэчлэлээс илүүтэй улс төрийн тогтолцоогоо өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бий болж. Гэхдээ яаж. Хүнийг эмчлэхийн тулд оношийг зөв тавьдаг шиг тогтолцооны гажуудлыг үндсийг зөв тодорхойлох хэрэгтэй байх?
-Яг зөв. Улс төрийн намыг бүрэн утгаар нь шинэчлье гэвэл улс төрийн тогтолцоог нэн тэргүүн эрүүл болгох хэрэгтэй. Тэгж байж энэ байдал өөрчлөгдөнө. Өнөөдөр ард түмэн бухимдалтай байна. Улс төрийн намууд ч гэсэн гүнзгий шоконд орлоо. Товчхондоо сонгуулийн дүнд ялсан нь ч, ялагдсан нь цочирдсон. Улс төрийн тогтолцооны ялзрал хямралыг бий болгож байгаа олон шалтгаан бий. Тэр болгоныг тоочих боломжгүй. Ерөнхийд нь гурван том эрх мэдлийн хямрал улс төрийн тогтолцоонд бий.
-Тухайлбал..?
-Нэгдүгээрт, төрийн дээд эрх мэдлийн хяналт, тэнцвэр алдагдсанаас үүдэлтэй хямрал. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг гурав хувааж, харилцан бие биедээ хяналт, тэнцвэртэй байхыг Үндсэн хуульдаа заасан. Гэвч манайд эсрэгээрээ.
-Гэхдээ онол практик хоёр үргэлж зөрчилдөж байдаг шүү дээ?
-Онолыг эсрэгээр нь хэрэгжүүлж, эрх мэдлийг хэт төвлөрүүлэхийн төлөө явсны горыг эрх барьсан нам амсдаг зовлон байгаа юм. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсныг бүгд мэдэж байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хяналт тэнцвэрийг алдагдуулсан. Энэ өөрчлөлтөөс болж Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг. Эсвэл УИХ нь Засгийн газрын гишүүдээсээ бүрдэх маягийн хэв шинж суучихсан. Нэг үгээр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа байхгүй болчихсон. Зарим үед Засгийн газрын бүрэлдэхүүнд нь цөөн тооны УИХ-ын гишүүн ордог ийм тохиолдол бий. Гэхдээ энэ нь хязгааргүй. Хэрэв хүсвэл Засгийн газрын гишүүд нь бүхэлдээ УИХ-аас бүрддэг ийм л байдлаар эрх мэдлийн хяналт хязгаар алдагдсан. Улмаар парламентын хяналт устсан гэж хэлж болно.
-УИХ нь Засгийн газрынхаа хяналтад орчихсон?
-Парламентын хяналт байхгүй болсон болохоор дур зоргоороо авирладаг Засгийн газартай. Ийм гаж тогтолцоо бий болчихсон. Үүнийг өөрчлөхгүйгээр улс төрийн намын шинэчлэлийн тухай яриад үр дүн бага байна.
-Ингээд ярихаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага дахин хөндөгдөнө. Та ч мөн өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бололтой. Ялангуяа 2000 онд хийсэн тэрхүү өөрчлөлтийг халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Би буруу ойлгов уу?
-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг даруйхан өөрчлөх ёстой. Ингэснээр УИХ нь хууль тогтоох, Засгийн газар нь гүйцэтгэх эрх мэдлийг жинхэнэ утгаар бий болгож, тогтвортой, хяналттай, тэнцвэртэй горимд нь оруулах учиртай. Энэ өөрчлөлтийг хийхгүй бол эрх мэдэл авсан улс төрийн хүчинд энэ хямрал зайлшгүй нүүрлэнэ. Мэдээж жижиг, том янз бүрийн шалтаг, шалтгаан зовлон тоочиж болно. Гол эх сурвалж нь тогтолцоонд байгаа улс төрийн эрх мэдлийн буруу жишигт байгаа юм.
-Тогтолцоонд нөлөөлсөн хоёр дахь хүчин зүйл нь юу вэ?
-Хоёрдугаарт, нам, төрийн эрх мэдэл нь хоорондоо хутгалдчихсан. Сонгуульд ялсан нам төрийн эрхэд орохгүй, хутгалдахгүй, мэдэхгүй, чадахгүй зүйл байхаа больсон. Өөрөөр хэлбэл, нам гэдэг байгууллага төрийн эрхийг барьж байна. Улмаар төрийн байгууллага нь намын салбар байгууллага мэтээр ажилладаг боллоо. Ингэснээр төр гэдэг байгууллага үнэн хэрэгтээ намжсан байгууллага болж хувирсан.
-Соци нийгмийн үе рүүгээ хальтирчихсан гэж үү?
-Яг тийм. 1990 онд улс төрийн нам нийгэм, төрийг жолоодогч, чиглүүлэгч байна гэсэн үзэл суртлыг халж, төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэдэг дэглэмийг сонгосон. Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр Монголд нам төрийн эрхийг барьж байна. Төрийн дээр нам гарчихсан. Тийм болохоор хуучин төрийг нам удирддаг энэ дэглэм рүү буцаад орчихлоо. Энэ тогтолцоо цаашид маш их буруу үр дагаварыг цаашдаа бий болгоно.
-Магадгүй намын дарга нь парламентыг дарга хийж эхэлсэн нь буруу жишгийн илрэл байж мэдэх юм?
-Тийм. Монголд асуудлыг хууль биш нам шийддэг болсон. Нам төрийн бүхий л албан тушаалыг мөнгө болгох хэрэгсэл болгож, тэрбум тэрбумаар нь худалддаг машин болж хувирсан. Бодит байдал дээр нам төрийг удирдаж байгаа нь Үндсэн хуулийн бус үйлдэл. Яагаад гэхээр төр гэдэг тусдаа институт. Харин нам бол улс төрийн байгууллага. Гэтэл энэ хоёр хутгалдсанаар цаашид Монголын төр, төрийн байгууллага өөрөө өөрийгөө удирдаж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээтэй байдал бий болчихоод байна. Цаашдаа төрийг төр нь биш нам удирдаад байвал Монголд том эрсдэл бий болно.
-Сонгуульд ялалт байгуулсан нам нь төрийн эрхийг жолооддог нь хуульчлагдсан арга биш гэж үү. Өөрөөр хэрхэх ёстой гэж?
-Сонгуульд ялалт байгуулсны дараа улс төрийн нам нь парламентад намын бүлгээ байгуулж үлдээгээд төрийн хэрэгт үүнээс цааш оролцох ёсгүй. Харамсалтай нь, манайд нам, намын Удирдах зөвлөл, Гүйцэтгэх зөвлөл нь шийдвэрээ гаргаж, тэрхүү шийдвэрийг төр хэрэгжүүлж байна. Уг нь нам сонгуульд яллаа. Парламентад намын бүлгээ байгуулж өглөө. Тэгээд буух ёстой. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам ард түмэн, олон нийттэйгээ ажиллах учиртай. Гэтэл эсрэгээрээ. Нам төрийн хэрэгт шууд болон шууд бусаар оролцсоноор төрийг өөрийг нь хямруулж, хүчгүйдүүлэх эх үндсийг бий болгож байна. Ингэснээрээ УИХ дахь намын бүлэг эцэстээ завсарын шинжтэй байгууллага болж хувирсан.
-Бодит байдал дээр намын бүлэг үүрэг даалгавар гүйцэтгэдэг "утсан хүүхэлдэй"-үүд гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ байдал бий амархан үгүй болж шинэчлэгдэнэ гэдэг юу л бол ?
-Цаашдаа Монгол Улсын төрийг улс төрийн намын хэт нөлөөллөөс салгаж авахгүй бол мэргэшсэн төрийн албан хаагчгүй, хүчгүй сул төр засагтай бид удаан хол явж болохгүй. Улс төрийн хямрал улам гүнзгийрнэ. Нам улс төрийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлэн ордог байгууллага болохоос төрийн эрх мэдлийг барьдаг байгууллага биш. Энэ хоёр байгууллагын эрх мэдлийг зааглаж, ялгаж өгөх хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг намаар дамжиж, сонгуульд орж ард түмнээс сонгогдсон хүмүүс хэрэгжүүлэх ёстой. Гэтэл намын Удирдах зөвлөл хэрэгжүүлж байна. Монголын улс төрд нам, төр хоёрын зохистой зөв харилцааны тэнцвэр чухал. Үүнийг шийдэх ёстой. Эцэст нь хэлэхэд, сүүлийн 20 жил үргэлжилсэн эрх мэдлийн тэмцэл хуулийн засаглалыг үндсэнд нь үгүй хийсэн.
-Хууль хэрэгжихээ больсон нь тогтолцооны гажуудалтай холбоотой гэж үү?
-Нийгмийн харилцааг хуулиар зохицуулдаг. Гэтэл өнөөдөр нийгмийн харилцааг хууль зохицуулж чадаж байгаа бил үү. Хуулийг дээдлэх зарчим алдагдлаа. Улмаар хуулийн зөрчсөн, нийгэмд дур зоргын үйлдэл цэцэглэж байна. Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэгжүүлж, чанд мөрдүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэсэн заалттай. Гэвч үе үеийн Ерөнхий сайд нар хуулийг чанд мөрдүүлэх чиглэлээр дорвитой алхам хийсэн нь ховор. Энэ бол үнэхээр харамсалтай зүйл. Хууль зөрчиж эрх мэдлээ хэрэгжүүлдэг явдал манай улсад хавтгайрсан. Энэ нь эрх мэдлийн хямралын нэг жишээ юм.
-Бүхий л гажуудлын үндэс суурь нь улс төрийн тогтолцоонд байгаа эрх мэдлийн хямрал бололтой. Тэр дундаа эрх мэдлийн төлөөх шунал. Энэ шуналыг яаж хязгаарлах вэ?
-Хамгийн гол нь Үндсэн хуулийн 2000 оны нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгоё. Тэр заалтыг хүчингүй болгох гээд байгаагийн шалтгаан нь энэ. Эрх мэдлийн зөв тэнцвэртэй хуваарилалт хийсэн байсныг эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх гэсэн шуналаас үүдэж гүйцэтгэх засаглал гэдэг хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй дур зоргоороо ажилладаг байгууллага бий болсон. Монгол Улсад парламентын хяналт гэж байхгүй. Засгийн газартаа хатуу шаардлага тавьдаг, хянаж шалгадаг байсан парламентад тун ховор. Энэ тогтолцооны өөрчлөлтийг хийхгүйгээр өнөөдрийн нэг намын ялагдал, хэн нь дарга болохоос хамаарч шинэчлэл хийгдэхгүй. Наанадаж дээр дурьдсан гурван асуудалд шинэчлэлт хийж байж улс төр эрүүл болох үүд нээгдэнэ.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН, МАН хамтан Засаг барьж байхдаа шийдвэрлэж чадаагүй. Хэдийгээр ажлын хэсэг гарган ажилласан ч ахиц гараагүй. Харин өдгөө нэг нам нь үнэмлэхүй ялалт байгуулчихсан. Яг 2000 он шиг. Хэдийгээр Үндсэн хуульд өөрчлөлт хийж болох ч үр дүнг нь олон нийт хүлээн зөвшөөрөх болов уу. Тэр дундаа бусад улс төрийн намууд?
-Аль нэг намын эрх ашгаас илүү улс үндэстний тусгаар тогтнол, төрийн төлөвшил, эрх мэдлийн зөв хуваарилалт чухал, нэн тэргүүнд тавих эрх ашиг. Үүнийгээ шийдэхгүй бол дараа дараагийн улс орны хувь заяатай холбоотой шийдвэрүүд бас л ийм замаар явна гэсэн үг. Иймээс улс үндэстнээ боддог бол улс төрийн хямралд хүргэж буй тогтолцоонд байгаа гажуудлыг засах ажлыг хийхээс өөр гарцгүй.
-Тэгвэл АН доторх эрх мэдлийн шуналыг хэрхэн тайлбарлах вэ?
-Мэдээж улс төрийн нам гэдэг хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг бүлэг хүний нэгдэл. Манай намд сайн ч, бас учир дутагдалтай зүйл ч их бий. Яг үнэндээ АН дүрмээ мартсан. Энэ олон хүчтэй сонирхолтой улстөрчид нэгдэж ажиллаж байгаа тохиолдолд нам дотор нэг л зүйл бүхнийг зохицуулах учиртай. Тэр нь намын дүрэм. Намын дүрмээ мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүйгээс болж хэсэг бүлэг фракцийн тоглоомын нам болж хувирсан нь үнэн.
-Намын дүрэм гээд яриахаар АН-д бас л асуудал болдог. Ер нь энэ дүрмийг хэдийнээс мөрдөж, хэрэгжүүлэхээ больчихов, таны бодлоор?
-Эхэн үедээ намын дүрмийн жижиг зөрчлүүд байсан. Сүүлдээ намын дүрмийг мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байх сонирхол, хандлага газар авсан даа. Дүрэмгүй тоглох зарчим үйлчилснээс болж АН-д шинэчлэлийн эрэлт хэрэгцээ үүссэн гэж харж байгаа.
-Дээр нь толгойгүй. Н.Алтанхуягийг ч, З.Энхболдыг ч намын даргаар хүлээн зөвшөөрдөггүй хэсэг бүлэг хүн бий. Намын Их хурлаар баталгаажаагүй албан бус дарга нар гэж цоллодог. Бас л нөгөөх мартагдсан дүрмийн заалт?
-Холбогдох дүрмийн заалтыг хүн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Нэгэнт Үндэсний зөвлөлдөх хороо шийдвэр гаргасан тохиолдолд мөрдөх шаардлага бас бий. Мэдээж шүүмжлэх, асуудалд эргэлзээтэй хандах нь хувь хүний байр суурь. Гэхдээ намын шинэчлэлээс гадна улс төрийн тогтолцооны шинэчлэл бас чухал. Энэ хоёр зүйлийг давхар ярихгүй бол намын шинэчлэл гэж дүрмээ өөрчлөөд хүмүүс солигдсоноор улс төрийн тогтолцоонд шургалсан хямралын шинж тэмдэг хадгалагдсаар байх болно. АН-ын хувьд шинэчлэл өөрчлөлтийг хамгийн сайн хийж чаддаг нам гэж боддог.
-Гэвч нөхөд тань өөр бодолтой явдаг. Тодруулбал, энэ намд ойрын хэдэн жил шинэчлэл огт хийгдээгүй гэж?
-Намын шинэчлэл гэдэг нэг талаасаа дүрмийн шинэчлэл. Сүүлийн 20 жил энэ нийгэмд явагдаж байгаа өөрчлөлт шинэчлэлээс хамгийн бага хөдөлсөн нь улс төрийн нам өөрөө. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс төрийн нам хамгийн бага шинэчлэгдэж, өчүүхэн салхи оруулсан. Тэгэхээр салхи агаарыг оруулах ёстой салбар нь улс төрийн нам. Иймээс ҮЗХ-ны 48 дугаар хурлаар АН-ын зургадугаар Их хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар товлосон. Энэ хурлаар нэгдүгээрт үзэл баримтлалын шинэчлэл хийнэ. Үндсэн дүрмээ шинэчлэх зорилго тавьсан.
-АН-ын гол шинэчлэл нь фракц. Хэдийгээр З.Энхболдын хэлсэнчлэн фракцгүй нам болох нь мөрөөдөл ч энэ чиглэлийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай юм биш үү?
-Дүрмээ мөрддөг болчихвол фракциас илүү дүрмийн зохицуулалтууд явна.
-Дүрмээр энэ бүхнийг шийдэх бололцоо бий гэж үү?
-Дүрмээр бүгдийг шийдэх бололцоотой. Учир нь дүрмээ мөрдөхгүй байгаа учраас хэсэг бүлэг фракциудын яриа, тохироо хүчтэй байдаг. Хэрэв дүрмээ жинхэнэ утгаараа нь өөрчилж, мөрддөг болбол бүх юм дүрмээрээ явагдана. Үүний тулд намын дүрмийн шинэчлэлийг сайн хийх ёстой. Гэхдээ ганц үндсэн дүрмээ өөрчлөөд өнгөрөх биш дагалдах олон салбар дүрэм журмыг шинэчлэх учиртай.
-АН дүрмийн нам болох ёстой гэж үү?
-Яг тийм. Нэг хэсэг фракцид найдаж явсан. Үр дүнд нь хад мөргөлөө. Дараагийн итгэж найдах зүйл нь дүрэм. Замын хөдөлгөөнд оролцож байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ л унших ёстой. Тэр дүрмээр бүгд зохицуулагдана.
-Дүрмийн шинэчлэлийг хийх өөр хэрэг. Харин түүнийг сахиж мөрдөнө гэдэг хамгийн чухал асуудал?
-Мэдээж хэрэгжүүлж, чанд мөрдөх сахилга бат бидэнд хэрэгтэй. Дүрэм мөрдөнө гэдэг сахилга баттай хариуцлагатай хүний үйлдэл. Баталчихаад маргааш нь урж хаяад дээгүүр нь алхвал ямар ч хэрэггүй.
-Тэгэхээр тэр дүрмийг яаж мөрддөг болгох вэ. Амаргүй даваа биз?
-Мөрдүүлэх шаардлагатай. Үүнээс өөр сонголт байхгүй. Чанд мөрдүүлэх баталгаа болдог байгууллага нь дүрмийн зөрчлийг шийддэг хяналтын хороо. Хяналтын хороог аль нэгэн фракци, хэн нэг намын дарга, хэсэг бүлгээс ангид хараат бусаар бие даасан, магадгүй арбитрын зарчмаар байгуулах ёстой. Улмаар тэрхүү хороо нь том, жижиг аль ч дүрмийн маргааныг ил тод, шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд шийдэх учиртай. Ингэж чадвал гишүүд дүрмэндээ, бас тэрхүү дүрмийг хамгаалдаг байгууллага байдаг гэдэгт итгэнэ.
-Хяналтын хороо өнөөдөр ч танай намд байгаа шүү дээ?
-Өнөөдөр дүрэм зөрчлөө, хууль бус үйлдэл хийлээ гэсэн гомдол хяналтын хороонд очдог. Гэтэл нөгөө маргааныг нь хяналтын хороо шийддэггүй. Дарж дарж байгаад хэрэгтэй үедээ аль нэг улс төрийн зорилгоор ашигладаг. Ингэснээр гишүүд ч хяналтын хороонд итгэхээ больсон. Дүрэм хэрэгжихээ больж, утгаа алдсан. Иймээс хяналтын хороо нь дүрмийн маргааныг шийддэг байгууллага тул шинэ түвшинд гаргаж тавих ёстой. Ингэвэл дүрэм хэрэгжинэ.
-Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ. ИЗНН орон нутгийн сонгуульд хамтарч ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Шинэчлэлийг дэмжиж байгаа аль ч улс төрийн хүчинтэй ямар нэгэн хэлбэрээр хамтарч ажиллахад бэлэн байгаа. Баянгол дүүргийн АН-ыг Орон нутгийн сонгуулиар дэмжиж оролцож байгаа улс төрийн намууд ч олон бий. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийн хэмжээнд Баянгол дүүрэг өндөр бүтээмжтэй ажилласан. Жишээ нь, сүүлийн гурван жилээр авч үзэхэд 377.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ хийсэн байна. Үүнийг өдөрт хуваавал нэг өдөрт 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Баянгол дүүрэгтээ авч чаджээ. Өнгөрсөн дөрвөн жил манай дүүргийн хувьд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт өрнөсөн жил байлаа.
-С.Эрдэнэ вангийн хошуу. Баянгол дүүргийг ингэж нэрлэдэг. Д.Оросоо гэж хүний нэр бооёо гэдэг шиг л явдаг юм шиг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Хүмүүс өөр өөрийнхөө өнцгөөс харж хэлж, ярьдаг байх. Энэ бол чөлөөтэй. Хүн өөрийнхөө үзэл бодол, итгэл үнэмшлээр асуудалд хандах нь чөлөөтэй шүү дээ. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргээ төлөөлөн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан. Залуу хүний хувьд дүүргийн Засаг даргаар ажиллаж, чамлахааргүй туршлага хуримтлуулсан. УИХ-ын сонгуулиар 68 дугаар тойрогт өрсөлдсөн. Олон хүний саналыг авсан.
Л.Нинжсэмжид
zuvsongolt.mn
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/5898
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих