АНУ-ын Лас Вегас хотноо болж буй "Memoriad-2016" оюуны олимпийн "Flash Numbers" буюу харааны ой тогтоолтын төрөлд Их мастер С.Цогбадрах 486 цифрийг тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ.
Ингэснээр тэрээр оюуны олимпийн хос алтан медальтай Монголын анхны тамирчин болж байна.
"Флаш тоо” төрөлд 2012 онд тэрээр 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтын эзэн байсан.
Маш хатуу дүрэмтэй энэ төрөлд хоёрдугаар байрт Германы тамирчин Кристиан Шафер 408 цифр, Олон улсын Их мастер Э.Пүрэвжав 232 цифр алдаагүй санаснаар хүрэл медалийн болзол хангав.
Мөн тэмцээний цээж бодолтын "Mental Addition", "Mental Calendar" буюу "Хүн Хуанли" төрлийн дүн гарлаа.
"Mental Addition" төрөлд манай тамирчдаас Д.Биндэръяа, Б.Энхлүүн, Б.Хангал, Д.Гэрэлт-Од, Б.Бат-Эрдэнэ нар амжилттай оролцсоноос Б.Биндэръяа 10 бодлогыг 3 минут 40 секундэд алдаагүй бодсоноор мөнгөн медалийн болзол хангажээ.
Харин "Хүн Хуанли" төрөлд Д.Биндэръяа /8 нас/, Б.Энхлүүн /7 нас/, Б.Хангал /11 нас/, Д.Гэрэлт-Од /8 нас/, Б.Бат-Эрдэнэ /12 нас/ нар амжилттай оролцсоноос хамгийн бяцхан тамирчин Б.Энхлүүн 60 секундэд 63 өдрийг алдаагүй тооцоолж бодсоноор мөнгөн медалийн болзол хангав.
Хоёр дахь өдрийн байдлаар Монголын тамирчид 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль буюу нийт 10 медалийн болзол хангаад байна.
Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Ж.Болор
montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих