Дэлхийг шуугиулсан Дональд Трампын ялалтын дараа ямар сонин үйл явдлууд өрнөснийг тоймлож байна.
- Израйлийн сайд Палестин улсыг байгуулах асуудал "дууссаныг” мэдэгдэв
Израйлийн Боловсролын сайд Нафтали Беннет бол барууны үзэлтэй улс төрч. Тэрээр Трампын ялалт Израйльд Палестины тусгаар улс байгуулах ойлголтыг бүр мөсөн устгах боломж олгож байна гэсэн юм.
- Америкийн томоохон хотуудад жагсаал болж, жагсагчид гал тавилаа
Америкийн баруун эргийн Калифорни, Орегон, Вашингтон мужийн хотуудад Трампын ялалтыг эсэргүүцсэн иргэд жагсаал хийн, гал тавьж, цонх хагалсан хэргүүд гарчээ.
- Санхүүгийн зах зээл доройтов
Хөрөнгө оруулагчид аюулгүй байдлаа бодон алт худалдаж авах болсноор валютын болон хөрөнгийн зах зээл уналтад оров. Мексикийн песогийн ханш эрчимтэй унасан бол Японы Никкей, FTSE зэрэг хөрөнгийн зах зээлийн индексүүд уналаа. Америкийн хөрөнгийн зах зээлд ч ийм үзэгдэл ажиглагдаж, энэ нь хөрөнгө оруулагчид тогтворгүй байдал ирж байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо.
- KKK бүлгийн тэргүүн асан Дэвид Дюк баярлаж байгаагаа хэлэв
Цагаан арьстнуудын үндсэрхэг үзэлтэй Ku Klux Klan бүлгийн тэргүүн асан Дэвид Дюк Трампын ялалтыг "миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан үйл явдал” гэж мэдэгджээ. Тэрээр "Трампыг сонгогдоход манай хүмүүс гол үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэж болохгүй!” гэсэн байна.
- Сэргээгдэх эрчим хүчний компаниудын хувьцааны үнэ уналаа
Трампын ялалттай зэрэгцэн Америкийн сэргээгдэх эрчим хүчний компаниудын хувьцааны ханш унаж эхэлжээ. Дональд Трамп цаг уурын дулааралд итгэдэггүй бөгөөд энэ бол Хятадууд АНУ-ын аж үйлдвэрийг унагахын тулд гаргасан цуурхал гэж үздэг юм.
- Зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ өслөө
Трампын ялалтын мэдээ гарсны дараа дэлхийн томоохон зэвсгийн үйлдвэрлэгч компаниудын нэг BAE Systems-ийн хувьцааны ханш дээд амжилт тогтоожээ.
- Оросууд Трампыг талархан хүлээж авав
Трампын ялалтыг Оросын парламентын танхим алга ташин хүлээж авчээ. Ерөнхийлөгч Владимир Путин шинээр сонгогдсон Трампад баяр хүргэсэн телеграф илгээсэн байна.
- Канадын цагаачлалын албаны вэбсайт ачааллаа даахгүй болж гацжээ
Олон тооны Америкчууд нэвтрэх болсноос Канадын цагаачлалын албаны вэбсайт ажиллагаагүй болсон байна. Маргааш нь тус вэбсайт эргэн ажиллаж эхэлжээ.
- Террорист байгууллагуудын тэргүүнүүд Трампыг сонгогдсонд баярлав
Аль Кайдагийн салбар Сири дэх Жабхат Фатах аль-Шам бүлэглэлийн төлөөлөгч Хамза аль Кариби твиттер хуудсандаа "Ардчилсан системийн давуу талд итгэдэг хүмүүст Трампын ялалт цохилт боллоо” гээд "Өнөөдрөөс эхлэн бид Барууныхны махинацийг тайлбарлах, ухуулах хэрэггүй боллоо. Зүгээр л Трампын ярьсныг давтахад болно” гэжээ.
Египетэд төрсөн жихадын номлогч Доктор Тарик Абдел Халем хэлэхдээ "Богино хугацаандаа Трампын ялалт бидэнд муу нөлөөтэй байж мэднэ. Гэхдээ урт хугацаанд харвал энэ нь Муслимуудад сайн зүйл, АНУ-ын доройтлын эхлэл юм” гэсэн байна.
Эх сурвалж: Independent
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих