"Өргүй Монголын төлөө нэгдэцгээе 218.1” үндэсний хөдөлгөөнөөс ам.долларын ханшийн өсөлт, иргэдийн хохирлын асуудлаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж, олон нийтэд хандаад байгаа билээ.
Тус хөдөлгөөний гишүүн Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, хохирогч иргэдийн төлөөлөл Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс нарын байр суурийг хүргэе.
Ц.Түвшинтөгс: Ханшийн өсөлтөөс иргэд хохирсон
- Манайхан гэрээгээ харалгүй гарын үсэг зурчихдаг юм байна. Би ч адил. Гэрээ нь ч үнэндээ мань мэт уншаад бас ойлгохгүй юм билээ. Энэ бас бодууштай асуудал.
- Би 2011 оны есдүгээр сарын 28-нд энэ банкнаас зээл авсан юм. Тухайн үед ам.долларын ханш тогтвортой байна гэсэн мэдээлэл өгч, би урьдчилгаа 25 сая төгрөгөө бэлнээр өгөөд зээлээ ам.доллараар авах болсон юм. Зээл авсны дараачаас ам.долларын ханш өсч эхэлсэн. Иймээс мэргэжлийн хүмүүст хандсан. Тэд "Наадах чинь төвөгтэй гэрээ байна шүү” гэсэн. Ингээд өмгөөлөгч аваад анхан шатны шүүхэд хандаад явж байгаа.
-Ам.долларын ханш өсөх явцад би зээлээ төлсөөр байсан. 2014 онд ханш хамаагүй өсч байна, иймд "Монгол төгрөг рүү шилжүүлж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан юм. Гэтэл байдаггүй. 2015 онд ханш дахиад өслөө, би хүсэлт өгсөн ч шийдээгүй. 2016 онд дахиад ханш өслөө, цалин өсдөггүй. Би хүсэлтээ дахиад тавьсан. Өнөөдөр бахь байдгаараа байж байна. Тэгээд би түрүүнд хэллээ, аргаа барсан учраас өмгөөлөгч аваад шүүхэд хандаад явж байгаа.
-Ам.долларын ханшийн өсөлт, иргэдийн хохирлын асуудлаар "Өргүй Монголын төлөө нэгдэцгээе 218.1” үндэсний хөдөлгөөн байгуулагдсаныг сонсоод очиж уулзсан. Тэнд надтай адил зовлонтой маш олон хүн байсан. Хэд хэдэн цуглаан хийсэн. Би өөрт тулгарсан бэрхшээлээ ярьсан. Тэр үеэс эхлэн тэдэнтэй хамтраад, асуудал тавиад явж байна.
-Хохирогчдын зүгээс та л биднийг төлөөлж дуу хоолой болж өгөөч гэж хүсэлт тавьсан. Бас өөрөө ч хохирч яваагийн хувьд дуугарах шаардлага тулгарч байна.
-Ганц ам.долларын ханшаас болсон юм биш монгол төгрөгийн сулрал гээд асуудал байна. Хувь хүмүүсээс гадна аж ахуй нэгжүүд ч өр зээлтэй байна. Үүнийг иргэд сайн ойлгоосой. Тэгэхээр Иргэний хуулийн 218 буюу төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтаа хэрэгжүүлчихвэл мөн ч олон хүний нуруун дээрээс ачаа авах юм байна гэж ойлгож байгаа.
-Олны анхааралд өртүүлэх гэж хуулийн заалтаар нь нэрлэсэн. Хугацааны хувьд бид сонгуулийн өмнө хөдөлгөөнөө байгуулсан. Хууль түших юм бол Иргэний хуулийн 218 гэдэг заалт маш тодорхой. Энэ бол төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг тодорхойлж өгсөн заалт. 218.1 гэсэн заалт нь төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж байгаа. Одоо бол төгрөгийн ханш хэчнээн хувиар уначихсан. Эсрэгээрээ ам.долларын ханш өсчихсөн. Ханш гэдэг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн валюттай харьцаж байгаа ойлголт. Хуулийн ийм боломж байхад банкууд ард иргэдээ дээрэмдэж болохгүй. Төр тэдэнд дээрэм хийх боломж олгож болохгүй.
Үүнийг бид өнгөрсөн хавраас эхлэн дуугарсан. Эрх баригчид янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн учраас бид идэвхтэй үйл ажиллагаагаа түр зогсоосон. Сонгуулийн дараа хөөснөөс салж бодит амьдралыг харах байх гэж хүлээсэн. Гэтэл асуудлыг шийдсэнгүй. Харин ч лавширсан учраас саяхнаас асуудлыг дахин сөхөж тавьж байна. Эрх баригчдын чихнээс татаж, энэ ажлыг хийгээч гэж байгаа юм. Хууль нь байна шүү дээ. Би түрүүнд хэлсэн, Иргэний хуулийн 218.1 гэсэн заалт маш тодорхой. Хуулиа хэрэгжүүлэх ёстой.
-Маш олон хохирогч, зээлдэгч бидэнтэй нэгдэж байгаа. Хамгийн гол нь аваагүй зээл, түүнээс мөнгө хүүлж байгаа луйврыг зогсооё. Хууль хяналтынхан санаатай, санамсаргүйг мэдэхгүй арилжааны банкуудын талд шийдвэр гаргаж байгааг зөв голдрилд оруулъя гэж шаардлага тавьж байгаа.
-Банкууд арилжааны байгууллага. Гэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Ханшийн зөрүүгээр хийж байгаа ажил, олж байгаа орлого нь бизнес биш, луйврын арга. Мөнгө хүүлдэг бохир ажиллагаа. Бизнесийн ажиллагааг бол дэмжинэ. Хууль бус үйл ажиллагааг нь хуулийн дагуу цэгцэлье гэж бид зорилго тавьж байна.
-Ганц зүйлээр энэ асуудал шийдэгдэхгүй. Хуулиа мөрдөөд Иргэний хуулийн 218.1 гэсэн ганцхан заалтаа хэрэгжүүлчихвэл асуудал шийдэгдэнэ. Түүнээс Хятадын банк орж ирээд, эсвэл ОУВС асуудлыг шийдэхгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих