
Бидний мэдлэг чадвар хомс байхад зурагдсан Оюутолгойн гэрээ монголчуудад илт ашиггүй болсон, үүний хариуцлагыг хүлээх хүмүүсийн нэг нь С.Баярцогт мөн. Түүний самбар дээр зурсан үнээ, монголд орж ирнэ гэсэн мөнгөний тооцоо биелэхгүй байгааг бүгд л харж байна. Дээрээс нь ихтэнгэрийн газрыг Асем нэрээр зувчуулсан үйлдэлтэй холбогдох фактыг нь гадарлах юм. Товчхондоо тэр гэгээн сайхан хүн биш.
Гэхдээ тийм байлаа гээд түүний талаар гарч буй сүүлийн үеийн мэдээлэлд эргэлзэх шалтгаанууд байна.
"Эрүүгийн хэрэг үүсгэх" гэдэг нэр томъёо өөрөө их маргаантай. Ер нь манай эрүүгийн систем дэлхийтэй харьцуулахад нэлээн хойно яваа. Германы шүүх, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагаатай танилцаж явахад бид тухайн айлчлалын зохион байгуулагч GIZ-ийн туршлагатай хуульч Заяагаар дамжуулан эрүүгийн хэрэг яаж үүсгэдэг юм гэж асуугаад хариулт авч чадаагүй. Учир нь тэд бидний ярьж байгааг огт ойлгохгүй юм билээ. Хичнээн учирлаад ч нэмэр болоогүй. Эцэст нь Заяа маань: Энд тийм юм байдаггүймаа, яг манайхны ойлгодог шиг "эрүү үүснэ" энээ тэрээ юм байхгүй, манайхан дандаа ингэж асуудаг, хэзээ ойлгох юм болоо гэсэнсэн. Энэ германы жишээ, швейцарт яадгийг мэдэхгүй. Гэхдээ иргэшсэн, эрх зүйн соёл төлөвшсөн хөрш улсууд тийм их зөрүүтэй байх нь юу л бол.
Банкны данс, мөнгөний хэмжээ илрүүлсэн нь бас л эргэлзээтэй. Швейцарийн банкны ган мэт нууцлал суларсан нь үнэн ч статусын хувьд хамгийн найдвартай хэвээр л байгаа. АНУ мэтийн хүчирхэг улс 1980 аад оноос шахалт үзүүлсээр мөнгө угаах зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх "эрх бүхий" байгууллагын хүсэлтээр мэдээллээ өгдөг болсон. Харин хэн болгоны хүссэнээр юу л бол. Швейцараа байг гэхэд та Худалдаа хөгжлийн банкруу ороод "надад Баяраагийн дансанд байгаа мөнгөний хэмжээг хэлээч" гэхэд өө тэдэн төгрөг байна гээд хэлчихгүй шүү дээ. Ингэхээр тэр 9.2 сая доллар гэдэг тоонд эргэлзээд байгаа юм. Харин С.Баярцогтыг данстай эсэх, их хэмжээний мөнгөтэй эсэхэд эргэлзээгүй. Улс төрд түүнээс бага хугацаагаар, бага албан тушаалд явагсад хэдэн арван саяар тоологдох хөрөнгөтэй байхад мань хүн шиг өндөр боловсролтой, сэргэлэн эр тэр 9.2 сая байтугай хөрөнгөтэй байхад гайхахааргүй.
Энэ бол миний л үзэл бодол. Таамаг, үзэн ядалт, хардалтын хажуугаар логик, нотолгоо, үндэслэл байх ёстой гэсэн санаа.
Жич: Дээрх мэдээллийг манай хууль сахиулах байгууллагууд заавал шалгах үүрэгтэй шүү, хуулиараа. Хэвлэл мэдээллийнхэн ч шаардах нь зөв байх.
Хуульч О.Алтангэрэл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих