
Тус намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэл орон даяар өрнөж байна. Гишүүдийн бүртгэл өнөөдрийн 24.00 цагт албан ёсоор дуусах бол намын даргын сонгууль энэ сарын 29-нд болно. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар АН-ын 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, 1200 төгрөгийн татвар төлжээ. Энэ үзүүлэлт тогтвортой өсөж байгаа бөгөөд бүртгэл дуусахад 120-125 мянган хүн бүртгүүлж, намын даргын сонгуульд оролцох урьдчилсан тооцоолол гарсан байна. Орон нутагт цаг агаар хүйтэрч, зарим газар цас ир орсонтой холбогдуулан гишүүдийн зүгээс бүртгэлийн хугацааг хойшлуулах хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг АН-ын удирдлагууд хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, "Олон нийтийн сүлжээ буюу Фейсбүүк, мэдээллийн цахим хуудсуудаар АН-ын даргад нэр дэвшигчдийн үнэлгээ, дэмжигчдийн тоог гаргах олон санал асуулга явагдаж байна. Цахим хуудсуудын санал асуулга бол тухайн сайтын админ өөрөө нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаж болохоор программчлагдсан байдаг. Тиймээс хэн нэгний төлөө ажилладаг, нэр дэвшигчдийг хагаралдуулах, зөрчилдүүлэх зорилго агуулж байж мэдэх юм. АН-ын зүгээс албан ёсоор ямар нэгэн санал асуулга явуулаагүй, явуулахгүй тул гишүүдийг дээрх мэдээлэлд итгэхгүй байх нь зөв.
Бид гадаадын улс төрийн хүчнүүдийн намын даргаа сонгох дүрмийг судалсан. Гадаадын улс төрийн хүчнүүд намын даргад өрсөлдөгчид нэг нэгнийгээ муулах тохиолдол байдагч сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн тулд нягт хамтран ажилладаг. Тиймээс АН-ын даргад нэр дэвшигчдийг аливаа асуудалд хүлээцтэй, буурь суурьтай хандаж, сонгуулийн дараа улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна” хэмээв.
Түүнчлэн АН-ын Үндсэн дүрмээр намын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй юм. Намын дарга УИХ-ын сонгуульд амжилт гаргасан тохиолдолд Ерөнхий сайд болдог тул шинээр сонгогдсон дарга Ерөнхийлөгчид өрсөлдөхгүй хэмээн онцлов.
Намын даргын сонгууль зохион байгуулах хороон дарга Ж.Оюунбаатар, "Нэр дэвшигчид одоогоор нийслэлийн хоёр дүүрэг, найман аймагт сурталчилгаагаа хийсэн байна. Зохион байгуулах хорооны зүгээс сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Шинэчилсэн бүртгэл дууссаны дараа саналын хуудасыг хэвлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчид АН-д шинээр элссэн гишүүдийн тоо болон зарим нэр дэвшигч нэрээ татсан гэсэн мэдээллийн талаар тодруулав. Шинэчилсэн бүртгэл хараахан дуусаагүй байгаа тул шинэ гишүүдийн тоо гараагүй байгаа бөгөөд намын даргад өрсөлдөгчид нэрээ татаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21771
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих