Улсын онцгой комисс өчигдөр буюу 2016.01.10-ны өдөр өвөлжилтийн
нөхцөл байдал хүндэрсэн зарим аймгуудтай цахим хурал хийж, цаг үеийн
мэдээлэл солилцон, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө. Тус хуралд
аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Засаг даргын дэргэдэх
Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын
газар, Эрүүл мэндийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Хурлаар цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, малын гоц
халдварт өвчний явц, түүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
хэлэлцэв.
Манай аймгийн тухайд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай
Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу бэлтгэл ажлыг 96,6% ханган
ажиллаж, аймгийн аюулгүйн нөөцийг зургаан байршилд байршуулсан. Аймгийн
хэмжээнд 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1722745 толгой мал
тоологдсон нь өнгөрсөн оны малын тоотой харьцуулахад 5 төрөл дээрээ
167320 толгой буюу 9,7 хувиар өссөн дүнтэй, аймгийн хэмжээнд отроор 351
өрхийн 205223 толгой мал өвөлжиж байна. Алслагдсан малчин өрхийн хүн
амын судалгааг гарган хяналт тавьж ажиллаж байгаа, өнгөрсөн 12 дугаар
сард нутгийн зарим хэсгээр хэд хэдэн удаагийн цас орсон талаар Улсын
онцгой комисст танилцуулав.
Улсын онцгой комисс аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, энэ долоо хоногийн 5 дахь өдөр гэхэд ОБГ, ЭМГ, ХХААГ болон мэргэжлийн байгууллагууд холбогдох тоо судалгааг нэгдсэн байдлаар гарган баталгаажуулан ирүүлэх, тоо баримтаа нэгтгэн ажлын уядлаагаа сайжруулах, сум багийн Засаг дарга нарын хариуцлагыг өндөржүүлэх, Олон улсын байгууллагуудаас ирэх тусламжийг зорилтот бүлэгт хүргэхэд анхаарч ажиллах талаар тодорхой чиглэлүүдийг өглөө.
Мөн эрүүл мэндийн байгууллагуудад малчдын 0-5 насны хүүхдүүдийн эрүүл
мэндийн асуудал дээр онцгой анхаарах, мөн түүнчлэн малын өвчлөл гарсан
аймгуудад малын эмчийн ажлын хариуцлагыг сайжруулах, малын хорогдлыг
бууруулах тал дээр анхаарч ажиллах зэрэг чиглэл өгч, бусад заавар
зөвлөмжийг Улсын онцгой комисс тухай бүр өгч хяналт тавьж ажиллахаа
мэдэгдлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих