Тэр төрсөн цагаасаа л эхлэн ааш, учир нь олддоггүй хүү байлаа. Төрөх эмнэлэгийн эргэлтийн хаалгаар хүүтэй болсоноо дуулсан түүний эцэг яагаад ч юм Ханшувуу хэмээн шивнэсэн. Тиймдээ ч тэрээр хүүгээ Ханшувуу хэмээн нэрлэжээ. Харин түүний ээж хүүгээ яагаад ааш нь олддоггүй адайр зантайг гайхаад олдоггүй байжээ. Одоо ч тийм. Улайн нялзрай, хэдхэн сартай байсан тэр эвгүйхэн л хөдөлвөл мөөмөө хөхөхөө болиод гэдийчихнэ. Энэ мэт нь байх л зүйл хэмээн бодож байсан ч Шувуу хүү хэлд орсоноороо дийлдэхгүй адайр зантай нэгэн гэдэгтэй нь олон хүн санал нийлжээ. "Би том биетэй, хөх шувуу байна. Удахгүй ниснэ дээ” хэмээн ганцаараа үглэж, өөр хэнтэй ч үг үл дуугарахаа больсон хүүгээ ээж нь хараад төрсөнийхөө дараахан толгойных нь араас шувууны сөд шиг зүйл будран хийсч байсныг санажээ. Гэсэн ч түүнийг тэр дариу мартаж орхиж. Арван нас хүрч байгаа Шувуу хүү нэгэн өглөө ээжээсээ "Эрх дураараа дүүлэн нисэх шувуу болох байсан намайг та яагаад өөртөө авсан юм бэ” хэмээн асуужээ. Энэ үг ээжийг нь ихэд цочоож, арван жилийн өмнөх тэр нэг өдрийг санахад хүргэжээ.
...Бусдын харцнаас нуугдаж ойн модонд гарсан Ганаа, Жимай хоёр хайрын жаргалыг ханатлаа эдлээд уулнаас буцаж явлаа. Жимай эмэгтэй хүний зангаар тас тас инээж, нисч буй шувууны зурагтай цэнхэр алчуураа хийсгэн тоглоно. Гэнэтхэн түүний гараас Ганаа татаж, тэдний замд шувууны өндөг байгааг харуулаад сүүдрээ тусгалгүй тойрч гарах хэрэгтэйг хэлжээ. Гэсэн ч Жимай түүний үгэнд орох нь бүү хэл эх шувуу нь хараана гэснийг нь нүүрээ чинэртэл инээж шооллоо. Тэгээд шувуу хүнийг хараахаа, тэгээд надаас төрөх хүүхэд ангайхай байг гэж хараах юмуу, эсвэл нөгөө чиний хэлдэгээр ган дөрөөг сэтэртэл хараах уу хэмээн инээнэ. Тэгж байснаа гэнэтхэн тонгойж, өвс хонхойлон зассан үүрэндээ байгаа өндөгнүүдээс нэгийг нь гартаа бариад авав. Жимайг томоогүйтэхийг харж зогссон Ганаад ямар нэгэн айдас төрж эхэлсэн тэр үед далавч дэлгэн хашгичих том хөх тогоруу тэднийг чиглэн ирж явлаа. Хэтэрхий том, ууртай шувууг харж сандарсандаа Жимай барьж байсан өндөгөө алдаад хагалчихав...
..."Би том, хөх шувуу байна. Удахгүй дүүлэн ниснэ” хэмээн ганцаараа үглэн явсан Ханшувуугийн нүдэнд түрүүхэн аав нь тамхи татаад орж ирэхдээ хаагаагүй тагтны хаалга туслаа. Жигүүр дэлгэн ниссэн Ханшувууг эрх чөлөөтэй болгосон аавд нь их талын дунд тонголзон яваа хөх тогоруу талархсаныг Жимай мэдсэнгүй.
2013 он
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих