Энэ сарын 28-наас 30-нд Архангай аймгийнхан тус аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин (1998), Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд хүндэтгэл үзүүлж, наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөнх-Эрдэнэ арслангийн эцэг Дуламжавын аав Гомбосүрэн асар их хүч чадалтай нэгэн байсан ч лам хүн учир олигтой барилдаагүй байна. Харин ээжийнх нь ах Дэндэв аймгийн арслан цолтой, мөн ээжийнх нь төрөл "Бүргэд” хочтой Очир гэж шаггүй барилдаанч хүмүүс байсан аж.
Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн 28-р сургуульд сурч байхдаа Монголын пионерийн ордны бөхийн дугуйланд Гомбо багшийн шавь болсноор бөх болох замнал нь эхэлжээ.
Тэрбээр 1991 онд 5 давж улсын начин, 1992 онд 8 давж үзүүрлэн улсын заан, 1993 онд 8 давж үзүүрлэсэн билээ. Мөн 1994 онд 6 давж, 1995 онд 8 давж үзүүрлэн улсын арслан цол хүртсэн. Улмаар 1996 онд 8 давж үзүүрлэсэн бол, 1997 онд 8 давж үзүүрлэсэн. 1998-2002 онуудад тус тус 6 даван наадамчин олноо баясгасан хүчтэн билээ.
Д.Мөнх-Эрдэнэ арслан өндөрдүү нуруутай, жин ихтэй, хүлээцтэй барилддаг, цээжиндээ бяр ихтэй, баруун хөлдөө гоц мэдрэмтгий. Зодогны суганы хонхорцогоос барьж гуядах, энэ барьцнаас цохих, давуулж гуядах, ачих мэхийг голлон хийхээс гадна баруун хөлдөө орсон хүнийг шилдэж дарах, дагуулж гуядах, хагалж цохин дугтрах, халз хутгах, барьцгүй цохих мэхүүдийг сайн хийдэг бөх юм. Мөн самбо жүдогоор хичээллэж, улсын болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байв.
Дашрамд дурдахад, Дуламжав дөрвөн охин, хоёр хүүтэй бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү Мөнхбаяр 1998 онд Төв аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртэж байжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих