Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, Академич Цэндийн Дамдинсүрэнгийн намтар, уран бүтээлтэй танилцаж байх юм. Дорнод нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой уг захирамжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн энэ оны 05 дугаар сард гаргасан билээ.

Өнөөдөр Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн Төв номын санд болсон уг өдөрлөгт Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиол судлаач, сэтгүүлч Л.Хэрээ их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн намтар, бүтээл, нэрэмжит номын сангийн өмнө сүндэрлэх их зохиолчийн хөшөө хэрхэн бүтсэн тухай сурагчдад танилцууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон холбогдох албаны хүмүүс, Хэрлэн сумын ерөнхий боловсролын 6 дугаар ангийн 28 бүлгийн 800 гаруй сурагч оролцлоо. Мөн үеэр их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Дорнод нутгаас төрөн гарсан XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн уран бүтээл нь яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, эрдэм шинжилгээний бүтээл, Монголын эртний зохиолын судалгаа шинжилгээ, орчуулгын зохиол гээд өргөн цар хүрээтэй. Цухас дурдвал: Монгол улсын Төрийн дуулалын үг, "Монголын нууц товчоо”-г орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн, С.Пушкины "Алтан загасны үлгэр” зохиолыг эх хэлнээ орчуулсан нь өдгөө ардын аман зохиол мэт нийтийн хүртээл болсон билээ.


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих