Зарим мэдээллийн хэрэгслээр зээрээс шүлхий халдварласан нь нотлогдсон тухай мэдээлэх болов. Харин мал эмнэлгийн байгууллагынхан шинжилгээний нарийвчилсан дүгнэлт гараагүй гэдгийг хэлж байна. Улсын хэмжээнд шүлхийн голомтын нөхцөл байдлын талаар Мал эмнэлэг үржлийн газрын Гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуягаас тодруулснаа хүргэе.
-Дорнод аймгийн Баян-Уул суманд гарсан шүлхийг зээрээс халдварласан гэсэн мэдээлэл гарах боллоо. Шүлхий өвчин зээрээс малд халдварласан эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?
-Нарийн тогтоосон зүйл байхгүй. Үүнийг нарийвчлан судалж мэдэхээс нааш мэдэх боломжгүй. Одоогоор нарийн тогтоосон зүйл байхгүй. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид оношилгоо хийдэг. Гэхдээ зөвхөн шинжилгээний дүн гэхгүй нөхцөл байдлыг судалж байж дүгнэлт хийх ёстой.
=================================================
Дорнод аймгийн Мал эмнэлгийн газрын эмч Э.Пүрэвдорж "Малчдын хэлснээр наймдугаар сарын сүүлээр зээр үхэж эхэлсэн гэсэн. Шинжилгээ хийхэд шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон. Тоог нь нарийвчлан гаргах боломжгүй байна. Ямартай ч маш олон зээр үхсэн. Бид үхсэн зээрийг устгалд оруулж байгаа. Мөн Баян-Уул суманд шүлхий гарч 12 үхэр устгасан. Шүлхийг малаас, зээрээс халдварласан эсэхийг мэдэхгүй. Манай газарт шинжилдэггүй” гэв.
Шүлхий туссан малыг устгалд оруулж, хорио цээр тогтоон бусдад нь халдварлуулахыг хориглож болдог. Харин хээрийн өвчтэй амьтныг хориглож, мал амьтанд халдварлуулахгүй байх хэцүү билээ. Гэвч одоогоор үхсэн зээрийг булж, малдаа вакцин тарихаас өөр авч буй арга хэмжээ алга.
Нэгэн баримт дурдахад, 2010 онд зүүн аймгуудын нутгаар шүлхий дэгдэж олон мянган мал өвчилсөн. Тухайн үед зээрийг шүлхий өвчин тараасан гол буруутан болгож, олон мянгаар нь буудан устгаж байлаа. Гэтэл шүлхий өвчин анх гарсан үеэс өмнөхөн нь зээрүүдээс ийлдэс авч шинжилгээ хийхэд хариу нь сөрөг урвалтай гарсан байдаг. Үүнээс үзэхэд анх зээрээс мал халдварласан уу, малаас зээрт халдварласан уу гэдэг нь тодорхой бус юм. Тиймээс тухайн үед олон мянган зээр устгасан нь байгаль хамгаалах байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Ийм байдал энэ жил ч давтагдахгүй гэх баталгаа алга. Учиргүй устгаж буудаж, хядахгүй ч шүлхийн голомтыг тэлэхгүй байх талаас нь арга хэмжээ авмаар байна.
Эх сурвалж: Dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих