Сум суурин газрын орлого багатай, ажилгүй эмэгтэйчүүдийг бүлэг болгон
зохион байгуулж, зээл олгон, зээлийн батлан даалтын санд хамруулж байгаа
НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн "Зах зээл ба бэлчээрийн
удирдлагын хөгжил" төслийн шугамаар Булган аймагт ажиллаж байх явцдаа
"Хангай" бүлгийн ахлагч хэмээх нэгэн эртэй танилцсан минь монгол бөхийн
түүхнээ муу судлагдсан бөхчүүдийн нэгэн болох улсын заан Жамсрангийн
Шаравын ганц охины нөxөp, ямарч хамаагүй модоор амьд хүн хийчих шахам
гарын дүй, ур ухаантай Загдаа гэгч байв.
Загдаа уг нь Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул боловч насанд
хүрээгүй хүүхэд шахам байхдаа л Булганд ирж суурьшсан суугуул нь ажээ.
Тэрээр нас 60 гарч яваа ч эхнэр Баасанжавтайгаа нийлж, хэд хэдэн гарын
дүйтэй хүмүүсийг элсүүлэн бүлэг байгуулж "Зах зээл ба бэлчээрийн
удирдлагын хөгжил" төслөөс зээл авч, зээлийн батлан даалтын санд
хамрагдан бүлгийн гишүүдээ байнгын ажлын байртай, тогтмол орлоготой
болгон аж амьдралыг нь дээшлүүлэхээр зүтгэж байгаа ардын авъяастан, уран
гартан юм.
Бид хоёрын яриа эхлээд модны тухай байснаа яв явсаар бөх рүү орсноор
барахгүй гэрт нь очиж Ж.Шаравзааны тухай ярианд шилжиж, түүх намтар нь
бүдэг бадаг болсон энэ сайхан хүний тухай бага сага зүйлийг тодруулах
завшаан олдсоныг бөх судлаач хүний хувьд ихэд олзуурхан доорх зүйлийг
олж мэдсэнээ бөх сонирхогч олон түмэн, бөх судлаачдынхаа сонорт хүргэж
байна.
Загдаа гэрлээгүй залуухан байхдаа Ж.Шарав зааныг анх харснаа ийнхүү
хуучлав. "Жараад оны дундуур байхаа би аймгийн Урчуудын салбарт
ажилладаг байлаа. Тэгээд нэг өдөр аймгийн төв сааданд явж байтал урт
цагаан соёо сахалтай, ханхар том цээжтэй, чилгэр сайхан ууц нуруутай,
том гэгчийн эрүү түүшинтэй, улаа бутарсан шар царайтай ёстой л жинхэнэ
монгол эр хүн ийм байдаг боловуу гэмээр сайхан өвгөн тэнд явж байгааг
харсан.
Тэгээд ажил дээрээ ирээд Урчуудын салбарынхаа зураач Ц.Ширэмдэвт ийм
нэг сайхан өвгөн явж байна. Чи натурдаж зурвал мөн гоё юм болно доо
гэхэд Ширэндэв маань аа Шарав заан л байхдаа. Ойрдоо энд үзэгдэх болоод
байгаа юм гээд өнгөрсөн" гэж ярив.
Ж.Шарав заан энэ үед 70 гарсан настай байсан ба анх харсан хүнд үнэхээр
гайхал төрүүлж, хүндэлж биширмээр сүрлэг сайхан эр явжээ. Энэхүү
Загдаагийн эхнэртэйгээ танилцсан түүх нь ч бас сонин гэнэ. Тэр үед
Ш.Баасанжав 10-р анги төгсөөд хэд хэдэн удаа сургуульд явах гэтэл ямар
нэгэн шалтгаанаар явуулдаггүй байснаас аймгийн захиргаанд бичээч байжээ.
Сургуульд явуулахгүй байсны шалтгааныг сүүлд бодоход хувсгалын эсэргүү,
том ламын хүүхэд гэдэгтэй холбоотой байсан болов уу гэж зааны охин
Ш.Баасанжав хуучлав. Тэгж тэгж бүр сүүлд 1970-аад оны эхээр Санхүү эдийн
засгийн техникумд орж төгссөн ажээ. Загдааг Урчуудын салбарт ажиллаж
байх тэр үед cap, улирлын ажлын төлөвлөгөөгөө бичгийн машинаар цохиулж
ир гэдэг байж.
Нэг удaa ажлын төлөвлөгөөгөө машинаар цохиулах гээд аймгийн захиргааны
бичээч нар дээр очиход нь нэг охин "Та Баасанжав эгчээр цохиулчих"
гэснээр анх нүүр учирч, нэр усаа мэдэлцэх болсноос хойш дахин дахин
төлөвлөгөөгөө машиндуулдаг болсноор барахгүй хаяа кино хамт үздэг болсон
байна. Тэгээд нэг удаа захидлаар бие биендээ сэтгэлээ илчлэхээр
бололцож салаад хэд хоногийн дараа уулзахдаа Загдаа "Би чамд хайртай"
гэж бичээд дугтуйнд хийж өгөхөд Баасанжавч мөн "Би чамд хайртай" гэж
бичсэн цаас бүхий дугтуйг Загдаад өгсөн байснаар нэгэн насны амьдралаа
холбох эхлэл мь тавигдаж байжээ.
Ийнхүүбие биендээ хайртайгаа илчилсэн хоёр улам бүр дотноссоор нэг өдөр
Баасанжавыгаа дагаад гэрт нь ортол Булганы саадан дотор тааралдаж
байсан өнөө сайхан өвгөн хоймроо ханхайгаад сууж байсанд Загдаагийн
ёстой л нар нь гарах шиг болсон ажээ.
Шарав заан 1900 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг Хөшөөт баян
гол хавиар 16 хүүхэдтэй, даншиг наадмын начин Жамсрангийн отгон хүү
болон мэндэлжээ. Ж.Шарав ах, эгч нараа даган өссөний дээр тэр үеийн
нийгмийн тогтолцооны дагуу Таширын хүрээнд шавилан сууж, гавжийн дамжаа
барьсан өндөр мэдлэгтэй сайн лам болсон нь гай болж 1937 онд
баривчлагдан 10 жил "Хар гэрийн" хатуу чанд орчинд хоригдож байгаад 1947
онд 47 настайдаа суллагдсан байна.
Шоронд байсан сүүлийн хэдэн жилд Ж.Шарав заан нэгэн орос сургагчийн
морь малладаг байсан ба морийг хошуувч хийж тэжээдэг аргыг эндээс сурч
авснаа хожим нэгдлийн мал тэжээхдээ хэрэглэдэг байжээ. Ж.Шарав заан
шоронгоос суллагдаж орон нутагтаа ирээд 1950 оны үед Могод сумын
харъяат, долоон хүүхэдтэй, нэлээд мал хөрөнгөтэй чинээлэг эмэгтэй
Г.Нямжавтай гэр бүл болсноор ганц охин \ Баасанжав\ нь хорвоод мэндэлж
үр удмаа үлдээх хувь тохиожээ.
Ж.Шарав заан Могод сумын "Оч" нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэгэн болж
Хулжийн голд хүнсний ногоо тарьдаг ногоочин болжээ. Ийнхүү нэгдэл
нийгэмдээ 10 гаруй жил хүчин зүтгэж байгаад ганц охиноо VIII ангиа
тогсоод Булганы 10-н жилд сурах болсноор аймгийн төвд 1965 оноос амьдрах
болжээ. Ж.Шарав заан охиноо аймгийн 10-н жилд оруулахаар 65 настайдаа
130 шахам км газраас мориор ирж байсан нь бас нэгийг хэлэх мэт. Хэр
баргийн хүн 60 гарсан насандаа мориор ийнхүү хол явж чадах уу?
Аавынхаа тухай охин, хүргэн хоёрын ярианаас дурдвал. Аав маань хэзээ ч
юм бүү мэд алдарт Вандан аваргатай нэг том наадам дээр барилдсан юм гэнэ
билээ. Тэгэхэд аав хоёр суганд нь гараа хийтэл аварга хавчаад авчээ.
Аав гараа сугалж авах гэтэл аварга улам чангалахаар нь мах нь гардаггүй
юмаа гэхэд яс нь гарч ирэх байлгүй гэж хичээн татаад ч гараа сугалж авч
чадалгүй байсаа унасан шүү гэж ярьдаг байсан.. Тэгэхэд Вандан аварга
Зүүн, гүний Шаравыг овоо юм гэсэн чинь шалихгүй юм байна гэж байсан
гэдэг.
Мөц нэг удаа Улаанбаатар орж жаал зугаа юм зарчихаад хөтөлгөө мориндоо
хотоос авсан юмаа ачаад оройхон хотоос гараад явж байтал хоёр талаар нь
морьтой хоёр залуу шахаж орж ирээд дээрэмдэх гэхэд нь та хоёр буутай бол
энэ ачаатай морийг ав. Буугүй бол минийх гэхэд гутлын түрийд нь байсан
гаансыг нь шүүрч аваад зугатахад нь араас нь хөөсөн ч гүйцээгүй гэх. Та
гүйцсэн бол яах байсан юм гэхэд тэр хоёрыг барьж аваад духыг нь хага
мөргөлдүүлээд гаансаа авах байсан юм гэдэг байжээ.
Загдаа ууган хүүгээ 1974 онд төрөхөд нь бөхийн удам охин талаа дагадаг
юм гэсэн манай хүү бөх болох болов уу? гэж асуухад "Улсад түрүүлэхгүй л
юм бол бөх барилдаад яахав. Биеийц гарз" гэж байжээ. Загдаагийн дунд хүү
Ундрах нь ёстой л өвөөгеө өвчсөн юм шиг адидхан, 180 гаруй см өндөр
нуруутай ёстой л бөх болохоор хүү боловч сургуульд байхдаа гайгүй сайн
барилдаж байгаад гараа гэмтээхэд нь өвөөгийнх нь "Улсад түрүүлж чадахгүй
юм бол бөх болоод яах юм. Биеийн гарз" гэж хэлдэг байсан үг санагдаад
цааш нь барилдуулаагүй гэнэ.
Б.Жамъяндорж арслан хэр зэргийн бөх бэ? ааваа гэж асуухад "Хүчтэй нь
хүчтэй л дээ. Даанч хөл тулгуур муутай, мэхгүй хүн юм. Ер нь хүнийг
мэхээр хаях болохоос бус дан бяраар хаядаггүй юм. Энэ их хүчтэй хүн дээр
мэх нэмчихвэл юу тэсгээх бэ? Хүн унаж явахдаа хэдэн ч мэх хийж болно
шүү дээ. Тэхэд манай энэ Жамъяндорж зүгээр л гулжийгаад л уначих юм" гэж
байсан нь өөрөө мэх сайтай бөх байсных нь гэрч бизээ.
Мөн нэгэн газрын наадамд өөрийн сайн найз Лутаа гэдэгтэй хамт очиж
барилджээ. Тэгэхдээ "Чи намайг улсын цолтой бөх гэдгийг хэлж болохгүй
шүү" гэжээ. Тэгээд нэлээд дээр даваанд нэгэн бөхтэй барилдаж байгаад
Шарав заан хариугүй унах болтол нөгөө Лутаа иь "заанаа тэсээрэй" гэж
хашгирч байгаад цолтой гэдэг нь илчлэгдэж байсан байна.
Мөн Шарав заан 74 настай байхдаа хүргэн Загдаатайгаа уулнаас мод
авахаар очоод нэг их бүдүүн урт модыг тэргэн дээр гаргана гэхэд нь
Загдаа "Та бид хоёр дааж гаргаж чадах уу?" гэхэд өөрөө өвдөглөж
суучихаад уг модны бүдүүн үзүүрийг тэврээд нарийн үзүүрт нь хүргэнээ
гаргаад "Би иш чүү гэнэ. Тэр үед чи дэмнээрэй" гэжээ. Тэгээд л иш чүү
гээд нөгөө модоо тэргэн дээр гаргаад явах гэтэл тэрэгний шар маань
хөдөлж чадаагүй дээ. Далан дөрөвтэй өвгөний өргөж тавьсан модыг шар үхэр
даахгүй байсныг бодоход ид залуудаа хэдий хэрийн тэнхээтэй хүн байсан
бол гэсэн бодол толгойд бууж байлаа.
Биднийг ийнхүү ярилцаж суутал Баасанжавын ахын хүүхэд Буянхишиг гэгч
багадаа шаггүй барилдаж, чамгүй хичээлэж байсан, бөх сонирхогч залуу орж
ирж бидний ярианд оролцов. Буянхишиг 10-н жилд сурч байхдаа гавъяат
дасгалжуулагч Магсарын секцэнд хичээнгүйлэн суралцаж, чөлөөт бөхийн
62-кг-ийн жинд аймагтаа олон удаа аваргалсны дээр улс, бүсийн тэмцээнд ч
амжилттай оролцож явсан хүн боловч сургуулиа төгсөөд гадаадад сургуульд
явснаар бөхийн замнал нь тасалдсан гэнэ. -
Буянхишиг Шарав зааны талаар дор дурдсан хоёр баримт ярьсанд нь бүр ч их баярлууштай.
1 Шарав заан 74 настай байхдаа гудамжны үзүүрийн дэлгүүрийн гадаа 70
кг-ийн шуудайтай гурил тавьчихаад тамхи татаж суугаа урт цагаан сахалтай
өндөр өвгөнийг бөх судлаач Ө.Мяхлай харчихаад энэ өвгөн гурилаа ачих
унаа хүлээж байгаа юм байх даа гэж бодоод харж байтал тамхиа татаж
дуусаад гаансаа түрийлчихээд хэнэг ч үгүй босч өнөөх гурилаа сугавчлаад
яваад өгчээ. Мяхлай бөх судлаач хүний хувьд энэ ер нь жирийн нэг өвгөн
биш байна гэдгийг гадарлаад дагаад явтал 500 шахам м газар яваад нэг
удаа амарч тамхиа татснаа дахин босоод гурилаа сугавчлаад явахаар нь
буцаж гүйгээд дэлгүүрээс нэг шил юм аваад араас нь гүйцэж очоод гэрийг
нь мэдэж авангуутаа гэрт нь орж архиа өгч танилцаж байсан тухай.
2.Өвөө 74 настай байсан байх, нас барахынхаа өмнөх зуны эхэн cap. Аав
мал туугаад явсан байсан. Өвөөгийн манай хоёр айл байсан. Нэг орой ах
бид хоёр хоёулхнаа байж байтал өвөө орж ирээд "Манай нэг үнээ шаварт
уначихсан байна. Хоёулаа очиж гаргая гэж ахаас гуйлаа. Гэтэл ах
явсангүй. Намайг авч явлаа. Би тэгэхэд 10 хүрээгүй шахам настай байсан.
Тэгээд өвөө бид хоёр нэг аргамж аваад мөнөөх шаварт унасан үнээн дээр
очиход эрлийздүү маягийн том шар алаг үнээ-суга, цавиндаа хүртэл шаварт
шигдсэн байсан.
Өвөө очоод мөнөөх үнээний цээжийг өргөөд хажуу тийш нь тавиад бөгсийг
нь өргөтол цээж нь буцаад шавар луугаа гулсаж ороод, бөгсийг нь өргөөд
хажуу тийш тавиад цээжийг нь өргөхөд бөгс нь буцаад шавар луугаа гулсаж
орчихоод болохгүй байсанд өвөө аргамжиндаа мориныхоо ногтыг залгаж надад
өгөөд "За миний хүү намайг цээжиг нь өргөх хооронд амжиж энэ аргамжийг
суган доогуур нь хийгээд аваарай" гэв. Би ч өвөөгийн өргөх хооронд өнөөх
сураа үнээний суган доогуур хийж амжлаа.
Тэгээл өвөө үнээнийхээ цээжийг аргамжаар хүлээд нэг үзүүрийг нь надад
өгөөд "За миний хүү энэ довыг өшиглөөд сууж бай. Тэгээд өвөөгөө цээжийг
нь өргөөд тавихад сураа чангалаад буцаж гулсахгүй байхаар сайн татаж
байна! шүү" гэж хэлээд үнээний цээжийг өргөөд тавихад нь би байдаг
чадлаараа чангаагаад өнөөх довыг өшиглөөд сууж байхад өвөө бөгсийг нь
өргөөд тавьчихлаа.
Үнээний цээж буцаж гулссангүй. Ингэж бид хоёр шаварт шигдсэн бүдүүн
үнээг гаргаж байсансан. Үүнээс хэд хоногийн дараа өвөө нэг өдөр намайг
шалихгүй юм гэж боддог байсан чинь овоо юм билээ. Бөх болох нь уу? өвөө
нь үзье гээд өөрийнхөө зодог шуудгийг өмс гэж өглөө. Ингээд үзэж үзэж
байгаад "Ээ харал. Чи бөх болохгүй нь. Насны жаахан юм л байна" гэсэн.
Тэгэхэд миний дургүй их хүрч байж билээ. Одоо бодоход өвөөгийн үг
үнэхээр үнэн байжээ. Би бөх болсонгүй. Би уг нь Д.Лхагвасүрэн заанын
удмын хүн шүү дээ. Буянхишгийн энэ ярианаас харахад Ж.Шарав заан бөх
шинжих талаар хоосонгүй хүн байжээ гэж бодогдов.
Ж.Шарав заан 180-185 см орчим \Бөхийн ном сэтгүүлд 170-175 см гэж
бичсэн байдаг нь ташаа ажээ\ өндөр нуруутай, цээж өргөн, ууц урттай,
аливаа юмыг цөөн үгээр, хүний голд ортол хэлдэг хүн байжээ. Тэрээр
охиноо Загдаатай суусны дараахан "Манай охин олон хүүхдийн отгон нь.
Ажил мэдэхгүй та хоёр яаж амьдрах юм" гэхэд нь Загдаа "Хүүхэд гаргаад,
хүүхэдтэйгээ ажиллаад, гутал хувцсыг нь оёж хатгаад, ажил сурчих байлгүй
гэсэн чинь "За боллоо" гэсэн. Өөр юу ч хэлээгүй. Энэ нь энэ хүү охиныг
минь ямарч гэсэн ажилгүй гээд голохгүй юм байна гэдгийг ойлгоод санаа нь
амарсан юм билээ.
Ж.Шаравзаан өөрийнхөө барилдааны тухай ярихдаа "Би нэг их бяртай биш
учир мэх талдаа гайгүй байсан. Ер нь босоо өвстэй, налсан өвстэй хоёр
газар гишгэхэд хүний гишигдэл өөрчлөгддөг юм шүү дээ. Энэ мэт тун
шалихгүй зүйлүүдийг сайн ажиглаж байж л амжилттай барилдана шүү дээ" гэж
ярьдаг байнаас нь үзэхэд овсгоо сайтай, уран сэтгэж барилддаг бөх
байжээ гэж дүгнэж болохоор түүхтэй хүн ажээ."
Шарав зааны эцэг нь даншигийн начин цолтой их том биетэй, тэнхээ тамир
сайтай олон хүүхэдтэй хүн байсан ба Шарав зааны нэг ах Жамбажав гэж
хүрээний зодооч нэртэй, хүдэр том биетэй, сайхан эр байсан байна.
Жамсран начингийн үр удмаас отгон хүү Шарав нь улсын заан болсон бол
бусад хүүхдүүдийнх нь удмаас аймгийн арслан Ж.Баатар \ Булган аймгийнхаа
1976 оны наадмаар аймгийн начин цол авсан. 1979 онд үзүүрлэсэн.
1980,1983 онуудад шөвгийн дөрөвт үлдсэн ба Өвөрхангай аймгийн үндэсний
бөхийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн
байна\, "Эрүү" хэмээх Чулуунбаатар нар төрөн гарсан бол энэхэн үед
Баатарын 12-р ангид сурдаг хүү Өсөхбаяр гэж их сайхан бие хаатай, сайхан
барилдаж байгаа хүүхэд байдаг ажээ.
Ш.Гоохүү
Бөх судлаач
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих