
Дайны үед германы хамгийн гол дайсан И.Сталинаас гадна зөвлөлтийн радио нэвтрүүлэгч Юрий Левитан байжээ. Түүнийг устгасан хүнд 250 мянган марк амлаж байлаа. Энэ бол одоогийн ханшаар бол ойролцоогоор 1,5 сая ам.доллартой тэнцэх мөнгө ажээ. Тийм учраас зөвлөлтийн удирдлага Ю.Левитаныг тусгай хамгаалалтад авч, түүний тухай бүхий л зүйлийг 1950-иад он хүртэл нууцлаж байжээ.
|

|
Аугаа Эх орны дайны үед Улаан армид Семён Константинович Гитлер гэдэг нэртэй пулемётчин цэрэг фронтод тулалдаж байжээ. Еврей үндэстэн энэ цэрэг тун ч эрэлхэг тулалдаж "Эр зоригийн төлөө” медалиар шагнуулсан байна. Харин түүнд олгосон үнэмлэх дээр нь нэрийг нь Семён Константинович Гитлев гээд "санамсаргүй” байдлаар нэг үсэг андуураад биччихсэн байжээ.
Дайны үеэр олон алдартай эмэгтэй мэргэн буудагчид төрөн гарсан. Харин АНУ болон Канадад хамгийн алдаршсан хүн бол ЗХУ-ын Баатар, мэргэн буудагч Людмила Михайловна Павличенко байжээ. Тэр 1942 оны 6 дугаар сард хүнд шархдах хүртлээ германы 309 офицер, цэргийг устгасны дотор 36 мэргэн буудагч багтаж байв.
Улаан армийн сапёрчид минжүүлсэн объектыг аюулгүй болгох ажилдаа тусгай сургагдсан олон ноход ашиглаж байв. Тэдгээр ноходын дунд "Жульбарс” гэдэг нэртэй алдартай нэгэн нохой байжээ. "Жульбарс” дайны хугацаанд 7000 гаруй мина, 150 их бууны сумыг илрүүлж, аюулгүй болгоход оролцсон гэнэ. Дайны төгсгөлд уг нохой шархдсан тул ялалтын парадад оролцох боломжгүй болжээ. Харин үүнийг энэ тухай дуулсан И.Сталин өөрийнхөө кителийг тайлж өгөөд "Үүнд дээр нохойгоо хэвтүүлж авчраад, ялалтын парадад оролцуул” гэсэн тушаал өгчээ. Дараа нь И.Сталины өгсөн уг кителийг зөвлөлтийн армийн нохойн сургуулийн төв байран дахь хүндэтгэлийн үзмэрт байршуулжээ.
1941 оны сүүлээр ЗХУ-д германы эсрэг тулалдах зорилгоор бэлтгэгдсэн польшийн сайн дурын армийн цэргүүд "Войтек” нэртэй нэгэн баавгайн бамбарууш тэжээх болжээ. Цэргүүдийн дунд өссөн бамбарууш яг хүн шиг хооллож ундалдаг, бүр пиво хүртэл уудаг байсан гэнэ. Ингээд өсөж том болсон "Войтек” нь артиллерийн 22 дугаар ротод алба хаах болжээ. Уг артиллерийн анги Италид болсон "Монте-Кассино”-ийн төлөөх тулалдаан оролцох үед нөгөө "Войтек” баавгай их бууны сум, галт хэрэглэл зөөж, цэргүүдийн дохиогоор их бууны сумыг их буун дээр хүргэж авчирч өгдөг байсан гэнэ. Харин сүүлд польшийн энэхүү артиллерийн ангийн сүлд нь баавгайн дүрстэй болсон гэдэг ..
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27346
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
Сэтгэгдэл бичих