Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам дөрвөн бүсээс нэг сум шалгаруулахаар тогтсоны дагуу энэ жил зүүн бүсээс Дорнод аймгийн Хөлөнбуйр сум Улсын тэргүүний сумаар шалгарч, өнөөдөр буюу 06 дугаар сарын сарын 14-ний өдөр "Улсын тэргүүний сум” хэмээх эрхэм хүндтэй шагналаа гардан авлаа.
Шагналыг Улсын их хурлын гишүүн Х.Болорчулуун, Монгол Улсын Засгийн газрын ахлах референт П.Зоригтбаатар, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар гардуулж, талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь арвин их амжилтыг хүсэн ерөөв.
Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн: "Хөлөнбуйр сум бол иргэдээ тав тухтай амьдрах боломжоор хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааны дүнгээр 2010-2017 онуудад тогтмол 1-3 дугаар байранд шалгарч байсан манай аймгийн тэргүүний сум юм. Ажил, амжилтаараа улсдаа манлайлж буй Хөлөнбуйр сумын үе үеийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд, малчид, баялаг бүтээгчдийн ажлын үр дүн өнөөдөр гарч байна. Цаашид олсон ололт, амжилтаа улам бататган, бусад аймаг сумдыг манлайлж явах хариуцлагатай үүргийг хүлээж авлаа.” хэмээн баяр хүргэж хэлсэн үгэндээ онцгойлон дурьдлаа.

Хөлөнбуйр сум нь төрөөс орон нутгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэн, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэн, сум, орон нутагтаа тав тухтай, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадсан зэрэг олон үзүүлэлтээр тэргүүний сумын болзлыг хангасан билээ.
Одоогоос 3 жилийн өмнө Дорнод аймгийн Дашбалбар сум Улсын тэргүүний сумаар шалгарч байсан бол энэ удаад Хөлөнбуйр сум тэргүүний сумаар шалгарч, Дорнод аймгийн хувьд "Улсын тэргүүний сум” хэмээн овоглох 2 сумтай болж амжилтаа ахиулж чадлаа.
Мөн Дорнод аймаг 2017 оны ажлаараа улсдаа манлайлж, Шилдэг аймгаар шалгарсан түүхэн цаг мөчид Хөлөнбуйр сум улсын Тэргүүний сумаар шалгарч, төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд шат шатандаа хүчин зүтгэсэн нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг ийнхүү хамтдаа хүртлээ.





Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих