Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт хэмээх бичгийн мэргэдийн тэргүүн хишиг хүртсэн, академич, доктор, профессор хэмээх эрдмийн өндөр цол зэрэгт хүрсэн, хорьдугаар зууны Манлай соён гэгээрүүлэгч гэж бүх ард түмнээрээ өргөмжлүүлсэн Хатгин овогт Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсэний 110 жилийн ойн Мэндчилгээг өргөн дэвшүүлж, номын цагаан буяны үйлс арвитан дэлгэрэхийн ерөөл оршооё.
Эрдэм боловсролын "Далай мэт гүн, дэлхий мэт өргөн” цар хүрцээр, үлэмжийн саруул ухаанаар, бясалган танихын дээдээр зохиол бүтээлээ туурвиж, үеийн үед мөнхрөх охь өв үлдээсэн их эрдэмтэн зохиолчоо төрсөн нутгийнх нь зон олон-Дорнодчууд оюун билгийн оргил тэргүүнд залж, бүтээл туурвилыг уншиж суралцах, судалж мэдэх, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ алдар хүнд, гавьяат үйлсийг нь мөнхжүүлж байна.
Дорнодчууд их эрдэмтнийхээ мэндэлсний 80, 90, 100 жилийн ойгоор түүний хүй цөглөсөн гэрийн бууринаа гэрэлт цагаан багана урлаж, бурханчилсан сэрэг дүрийн боржин чулуун хөшөө сүндэрлүүлж, БНМАУ-ын анхны сүлд дууны шүлгийг цонж хадны элгэн толионд сийлж, аймгийн тэргүүн дээд шагнал Цэндийн Дамдинсүрэнгийн мөнгөн дүр бүхий "Оюуны ундарга” одон бүтээж, сургууль, соёлын газруудаа нэрэмжит болгож, музейн алдрын танхим байгуулсан юм.
Энэ 110 жилийн ойгоор Ц.Дамдинсүрэнгийн ард түмнээ бичигтэн болгож, дэлхийн соёлын энд хүргэсэн ач гавьяаг үүрд сануулахын учир шинэ монгол бичгийн цагаан толгойн гэрэлт самбар нээж байна. Зууны манлай хүнээ алдаршуулан мөнхжүүлэхэд төрсөн нутгийн залгамж үеийнхэн манлайлж байна гэж хэлж болно.
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн болон уран зохиол судлал, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, шавь нар нь Цэндийн Дамдинсүрэнгийн "Бүрэн зохиол” түүврийг 5 ботиор, "Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган”-ыг 9 ботиор хэвлүүлэн, их эрдэмтний сүмбэнг бүрнээ бүрдүүлж, хорин нэгдүгээр зууны энэ үеийн уншигч нарт толилуулж эхэлснээр оюун билгийн бүтээлийг он цагийн урсгалд холбож өглөө гэж үзэж байна.
Цэндийн Дамдинсүрэн "Тал сайхан нутагтай” Матад сум, Дорнод аймаг төдийгүй Монгол Улсын суут эрдэмтэн, Дорно болоод дэлхий дахинаа алдраа дуурсгасан Хатагин овгийн сод хүү.
Монгол хүн бүхэн зүрх сэтгэлдээ түүний зохиосон Монгол Улсын Төрийн дууллын гүн утга агуулгыг бишрэн тунгааж, ёслон хүндэтгэж байна. Монгол айл өрх бүрийн хойморт түүний яруу сайхан орчуулсан Их хааны хөлгөн судар Нууц товчоо залаастай байна.
Зургаан настай балчраас зургаадай таягтай азай буурлууд хүртэл түүний зохиосон шинэ монгол бичгээр номын үүдийг нээж, улс гүрнээрээ бичигтэн болж, дэлхийн боловсрол, соёл, дэвшил хөгжилтэй танилцаж ирсэн, танилцсаар байна.
Энэ утгаараа эрдэмтэн шавь нарынх нь хайрласан "Да багш” хэмээх алдар түүхэн уламжлалаа дээдэлбээс "Улсын их багш” болохыг илэрхийлнэ.
Ийнхүү Цэндийн Дамдинсүрэн бүтээл туурвилаараа бүх ард түмэнтэйгээ хамт байх мөнхрөлийн хутгийг олсон Монголын цөөхөн эрдэмтэн зохиолч, мэргэн гүүшийн нэг мөн.
Их эрдэмтний бүтээл туурвилын утга агуулга, мөн чанарыг бүрнээ нээж "Дамдинсүрэн судлал”-ыг өргөжүүлэн хөгжүүлж, үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхэд эрдэмтэн судлаачид, багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд, залуус Та бүхний хичээл зүтгэл нэн чухал билээ.
Их эрдэмтнийхээ түүхэн ойг бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа Та бүхэндээ талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27957
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих