Аль дээр цагт санагдах юм. Гэвч саяхан л даа? Бид "аман хичээлд би сайн, харин тоонд муу" гэж ярьдагсан. Аман хичээл гэдэг нь уран зохиол тэргүүтэй түүх, нийгэм, газар зүй зэргийн хичээлүүд байлаа. Уншиж ойлгосноо багшдаа, ангийхандаа ярьж өгөөд зохих дүнгээ авдагсан. Гэтэл одоо бүх хичээлүүд дуугай суугаад бодох, эсвэл доошоо хараад бичих болчих юм. Үгүй бол хаваржин асуулт боловсруулж, аман шалгалт өгдөгсөн. Одоо бол бүх шалгалт "тест”. Аятайхан харагдсанаа од мэдэж бөглөх, хүүхдүүдийн ярьдгаар мэдэхгүй асуултаа аз мэдэн "бингодох” болчихжээ. Энэ их боловсролын системийн шинэчлэлийн үр дүнд Монголын залуу үеийн ярианы чадвар "тест” болов. Найруулан бичих чадвар "нойл” болов.
Урьд цагт санагдах юм. Гэвч саяхан даа? Багш нар хичээл дээр чөлөөт сэдвээр байнга зохион бичлэг бичүүлдэгсэн. Харин нөхөр Дэлгэр л "Би чамд хайртай” кинон дээр цаасан дээрээ нисэж яваа хос хун, зүрх энэ тэр зураад Дамчаа багш нь түүнийг нь ураад хаячихдаг болохоос биш хөөрхий бид нар ёстой нэг бичиж өгдөг байлаа. Ирээдүйд би ингэнэ. Анхны хүүхдээ хүү ч бай, охин ч бай Золбоо гэж нэрлэнэ гээд санаанд орсоноо л сараачдаг байв. Гэтэл одоо хавсарсан нийлмэл өгүүлбэр, энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр, тэг нөхцөл, өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, байц, тусагдахуун МОНГОЛ ХЭЛ минь тэр чигээрээ оньсого. Эсвэл олон тэгшитгэлтэй тоо болчих юм. Тоонд дунд үсэг гүйж явна гэдэг шиг үсгэн дунд бөөн тоо, зураас, геометр. Өгүүлбэрийн гишүүдээр ялган зурсаар суугаад Монголын залуу үе өргөдөл бичиж чадахгүй сургууль төгсөх болжээ. Энэ их онолын маргаан дунд өгүүлбэр дундаас тэг нөхцөл хаанаас ч юм бэ? бодож олоод гаргаад ирдэг шиг нь нийтийн бичиж найруулах түвшин харин "тэг” рүү тэмүүлэв.
Их л эртний санагдах юм. Гэвч саяхан даа? Ярих нь хүртэл дуу шиг сонсогддог монгол хэлний багш нартай байлаа. Уншсан зохиолоо үлгэр шиг ярихад нь ангайж мангайсан амьтад, могойнд ховсдуулсан бор оготно мэт суугаад хэд хоног өлсөөд халуун төмс гэнэт үмхсэн гахай мэт дотроо орилж чарладаг байлаа. "Морь унасан толгойгүй хүн” "Нууцат арал”,” Арван таван наст ахмад” адал явдлын роман хүртэл цээжээрээ ярьдаг багш нартай минь хамт цэцэн цэлмэг, уран яруу МОНГОЛ ХЭЛ минь үгүй болж цэцэрхэгчдийн хоосон номлол, цэг таслал хууль дүрэм болж хувирлаа. ЭХ ХЭЛЭЭРЭЭ бүтэн өгүүллэг бүрэн уншаагүй МОНГОЛ ХЭЛТНҮҮД хэдэн өгүүлбэр эвлүүлсэнээ хорвоод хосгүй зүйл бичсэн мэт сайрхаж, хамгийн гүйлгээтэй номын жагсаалтанд ханхалзаж байгаад харамсах МОНГОЛ ховордсоор удлаа.
Аль л дивангарын санагдах юм. Гэтэл саяхан даа? Анхны бичсэн усан өгүүллийг минь найруулга муутай хэвлэхгүй гээд өөдөөс шидчихдэг сонин хэвлэлийн ах нартай байлаа. Ганцхан үсэг алдаж сонин хэвлүүлчихээд цалингаа хасуулж, уурандаа намайг дэлгүүр гүйлгэж” ганц” юм авчруулаад "зуу татдаг” ч эх хэлээ "цуу татах”-аас айдаг, өнөөгийн суваг бүхэн дээр гарч хэлээ зажилсан, од болох орь ганц хүсэлтэй ч гурван өгүүлбэрт хорин "бас”-тай хүүхэд багачуулын дэргэд ЭХ ХЭЛЭЭ бурхан шиг үздэг, ЭХ ХЭЛТНҮҮД цөөрөөд "зүсэр бороотой тэнгэр нь цэнхэртээд” гэх ертөнцөд байхгүй юм дуулцгаах боллоо. Олон хоногийн бороог урьд цагт зүсэр бороо гэдэгсэн. Гэтэл тэр цагт тийм бороонд тэнгэр хэзээ ч цэнхэртэж харагддаггүй л байв. Одоо харин орчлон хорвоогийн олон юм өөр болоод зүсэр бороотойд тэнгэр цэнхэртэх болов.
Эрт цагт санагдах юм. Гэвч саяхан даа? Тавдугаар ангиас хойш ертөнцийн хамгийн чухал, хамгийн сайхан, хамгийн шинжлэх ухаанч, хамгийн коммунист хэл болох, Зөвлөлт ах нарын Орос хэлийг л үздэг байлаа. Түүнээс биш ясли цэцэрлэгээс эхлээд Англи хэл, Хятад хэл заадаггүй байв. "Аав, аа, ээж, ээ баалаа, шээлээ” гэж аятайхан хэлж сураагүй байхад нь Хятад хэлээр угжиж, аав ээжүүд нь урд зүгээс гаралтайгаа улс амьтанд мэдэгддэггүй байлаа. Захын хүүхэд Оросоор зам заагаад өгчих хэмжээнд сурдаг байлаа. Харин одоо олон хэл мэддэг гэж 76 гишүүнээс эхлээд дарга цэрэггүй төрийн албан хаагчийн анкет бөглөх атлаа хольж хутгаж ярихаас цаашгүй гадаад дотоод хэлний холимог хуурганууд л олон боллоо. Дээд боловсролтой болохын "дон” доод чадвартай олон мянган "дүр” бүтээв. Тэдэнд эх хэлийг нь бус элдэв хэлийг заасан учраас "даргын хэл найруулга” гэсэн найруулгын шинэ төрөл үүсэв. "Ач холбогдол өгөх”, "арга хэмжээ зохиох”,”практик үр дүн тооцох”,” хөтөлбөрийн магадланд шалгуулах” гэсэн албаны модон хэлтэй, энгэр дүүрэн зангиатай, эмзэг хэлтэнгүүд үржиж эхлэв.
Өнө холын санагдах юм. Гэвч саяхан даа? Өвөө нар тууль хайлж, эмээ нар үлгэр хүүрнэдэг байлаа. Нэгэн яруу найрагчийн бичсэнээр "Монгол үлгэрийн шар тос шиг сар мандаж”, өвлийн шөнийн уртад үлгэрийн хорвоог мөсөн чихэр шиг МОНГОЛ ХЭЛЭЭР зүүдэлдэг байлаа. Эдүгээх цагийн эмээ өвөө нар тооны машины товч нүдэхээс тос даасан хурууд шиг амттай монгол үлгэрээ толгодын цаана гээгээд тоосгоны ард нуугджээ. Ярихаасаа ярвайх нь явахаасаа янцаглах нь их болсон орчин цагийн буурлууд үлгэртэйгээ хамт үлгэр жишээ МОНГОЛ ХЭЛЭЭ мартжээ. Ач гуч нар нь "эрт урьд цагт тэгсэн чинь эмгэн өвгөн хоёр байжээ. Тэгсэн чинь өвгөн нь эмгэндээ тэгсэн чинь боов хийгээд өг гэжээ. Тэгсэн чинь эмгэн нь гурил байхгүй гэсэн чинь өвгөн авдраа сайн ух гэжээ. Тэгсэн чинь ухсан чинь атга гурил гарчээ. Нөгөө гурилаараа тэгсэн чинь нэг өнхрүүш боов хийжээ” хэмээн уншсан ганц нэг үлгэрээ ярихад нь урьдын цагт бид цирктэй байгаад түүнийгээ үзэж алга ташдаг байсан шиг сүйд болж алга ташиж аальгүйтнэ.
Эрт урьдын цагт биш энэ цагт ингэж бичих ёс мэт дэлгэрэв. Харь үгэнд хайртай хүмүүсийн бичдэгээр "моод” мэт дэлгэрэв. ”Эгч найзуудтайгаа саак пари хийсийм. Тэр өдөр наяс байлаа. Эгчийн нэг зургийг фээс дээр тавьтал овоо лайк цуглуулсийм. Их л дотно байдаг дүүгийн минь цахим бичвэр. Энэ хэдэн өгүүлбэр надад "Баяртай хуучин он минь баяртай” гэдэг нэг дууг гэнэт санагдуулж билээ. Учир нь "баяртай эх хэл минь баяртай” гэх цаг ойрхон санагдлаа. Биднийг толгой өөд татахгүй мөнгө хөөж, улс төр хийж явах зуур үр хүүхдүүдийн минь МОНГОЛ ХЭЛ ийм болчихжээ. Заримдаа хөөрхий хэл минь, яана,аа хэл минь гэж дуу алдагсад яг үнэндээ эх хэлнийхээ хувь заяанд тэгтлээ их санаа зовогсод биш харин түүгээр "улс төр” хийгчид хийгээд "мөнгө” ологсод байх юм. Тэднийг атгасан тамга, суусан суудлаа алдахгүй нь төлөө МОНГОЛ ХЭЛЭНДЭЭ мундахгүй их хайртай хүний дүр үзүүлж суутал ирээдүйн ЭХ ХЭЛ минь 3,4-р дүгээр хорооллын их дээд дэлгүүрүүдийн гэрлэн самбар дээрх хаяг реклам шиг болчихжээ.
Нилээд идэвхтэй фээсбүүкчин хүүгийн үлдээсэн бичвэр "Buudald bn useltsii ged bdg hoshin shogiin ner yumuu URL biceed uguch?” Би юу ч ойлгоогүй учраас түүнд юу ч бичиж өгч чадаагүй. Харин үеийнхэн нь багачуул ойлгоод баахан зүйл бичсэн байналээ. Биднээс огт өөр хэл бичигтнүүд бий болов. Хэдэн жилийн өмнөөс л эрдэмтэн мэргэд дежур-жижүүр, радио-араажав болсон шиг ямар ч хэл өөрийн гэсэн дархлаатай, хэлний гажуудал ”аяндаа цэгцрэх онол”-ын ёсоор аяндаа цэгцэрнэ гэсэн яалаа. Өнөө нэг кинон дээр” чиний нөгөө элсэн цөлд хонин гүрвэл энэ тэр гэсэн чинь яалаа” гээд лавлаа Даш хадам ах ламыгаа заамдан авдаг шиг ЭХ ХЭЛ минь он улирах тусам гажуудаж байгааг хараад ам асуумаар болох нь юуных вэ?
БАЯРТАЙ ЭХ ХЭЛ МИНЬ... БАЯР...
ТҮЙ, ТҮЙ МУУ ЁР, БИЧГИЙН ШИРЭЭГЭЭ ГУРАВ ТОГШИВ, БИ
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 2013-01-14
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=27966
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих