Хаврын
сүүл сар, зуны эхэн сарын заагт их дээд сургуулиудын хонхны баяртай
зуузай холбон хувийн хэвшлийн сургуулиудын сурталчилгаа давалгаалдаг.
Өнөөдөр эрин үе нь ид оволзож байна. Чанартай чанаргүй хувийн хэвшлийн
сургуулиудыг төрөөс шахах бодлого барьсаны үндсэн дээр өнөөдөр багагүй
цөөрсөн ч бас л манайдаа олон үлджээ. Статистик баримт сөхвөл манай
улсад өнөөдрийн байдлаар нийтдээ 99 их дээд сургууль, коллеж баклаврын
зэрэг олгож байгаагаас төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 79 сургууль
үйл ажиллагаа явуулж буй. Үүнд нийтдээ 175 мянган суралцагч байгаагаас
105 мянган нь төрийн өмчид, 69 мянга нь төрийн өмчийн бус сургуульд
суралцдаг бөгөөд 2013 оны байдлаар 37 мянган боловсон хүчин төгсч, 15
мянга нь ажлын байранд очжээ. Харин гадаадад 487 суралцагч бий гэсэн
тоон мэдээллийг мэргэжлийн байгууллага байршуулжээ. Өдийд хөдөө орон нутагт
сургуулиудын сурталчилгааны багууд гарчихсан байгаа, ёстой залж өгч
байгаа даа. Тэдний нүдэнд ирээдүйн боловсон хүчин, эрдэм боловсрол
гэхээсээ илүүтэй мөнгө л харагддаг нууц биш. Олны танил хүмүүсийн зураг
бүхий сурталчилгааг тарааж, "манай сургуульд ийм мундаг эрдэмтэн доктор,
ийм ч тамирчин, Ардын жүжигчин, Ардын уран зохиолчид хичээл заадаг”
хэмээн өдөр шөнөгүй ухуулж яваа. Мэдээжийн хэрэг, өдийд хөдөө төрийн
өмчийн сургуулийн босго давж чадаагүй, хоёр гурван жил өнжсөн, ид хорин
насны суралцах хүсэлтэй олон залуучууд байдгийг бид мэднэ. Тэдний хувьд
хөөрхөн мал хуйгаа өсгөчихсөн, зарим нь жижигхэн бизнес хийгээд
амьдралын арга эвээ олчихсон ийм үед сургуулийн сурталчилгаа хийсэн
гайнууд хүрээд очно.
Үнэнийг хэлэхэд овооны наадамд нүцэглэж од болсон
20 гаруй насны залуу тэндээ л дуусна. Хэзээ ч олимпийн аварга болчихсон
түүх байхгүй. Түүнийг чинь нялх багаас нь системтэй бэлдэж төрүүлдэг юм.
Нэгэнт дээд сургууль төгсөөд очсон залуу яагаад ч сумын сургуульд
галчаар ажиллахгүй, хэзээ ч сумын дэлгүүрт ачигч болохгүй. Малаа маллая
гэхээр зөөгөөд дуусгачихсан, яалтай ч билээ. Ингээд л та нарын худлаа
сурталчилгааны гай нэг ажилгүй хүн Монгол Улсад бэлдэж өгч байгаа хэрэг
шүү дээ.
Ийнхүү гол төлөв булчин шөрмөс харуулж рекламдсан
биеийн тамирын сургуулийн сурталчилгааны шилийг дараад урлагийн
сургуулийн сурталчилгааны баг очно. Гайхалтай шүү дээ. Нэртэй уран
бүтээлчид, Ардын жүжигчин, үгүйдээ л гавьяатуудын зургийг сайхан хэвлээд
сурталчилгааны хуудас тараана даа. Үүнээс гадна хэдэн нялх одуудын
зургийг манай төгсөгчид гээд байрлуулчихна. Мэдээжийн хэрэг, дуучин
түмний дунд ойр зуурын найранд уригддаг "зартай” дуучид хаа мундах
билээ. Бас болоогүй, аймаг орон нутгийн наадмаас нэг өргөмжлөл залчихсан
охид бүсгүйчүүд битүүхэн дотроо од болохыг мөрөөдөж таарна. Ийнхүү
сурталчилгааны багт хууртагдаад л орон нутагт явуулж байсан багахан
бизнесээ хэн нэгэнд шилжүүлээд эргэлтийнхээ хэдэн төгрөгийг хамаж
өвөртлөөд хүрээнд сурахаар ирнэ дээ. Суралцах орчин, багш нар гээд бүгд л
нэг хэвийн тааруу. Ийнхүү дөрвөн жил байдгаа бараад од ч болсон юмгүй,
хэдэн халтар хултар хоолойны бичлэгтэй буцна даа. Хэзээ ч найрын дуучин
санаан зоргоор од болчихгүй. Уг нь энэ бүсгүй бизнесээ үргэлжүүлж байсан
бол магадгүй аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон
компанитай ч болж болох шүү дээ. Энэ л хувийн сургуулийн худлаа
сурталчилгааны гай. Бас л нэг ажилгүй хүн нэмнэ.
Хөгжил буурай, зах зээл жижигхэн улс оронд ийм олон сургууль байх нь яагаад ч тус болохгүй. Гай болно. Тэгэхээр энэ олон хувийн сургуулийг төрөөс анхаарч, нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь буулгавал ихээхэн хэрэгтэй санагдана.
Б.Ням
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=2856
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих