Засгийн газраас малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлыг урамшуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор "Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг улсын хэмжээнд зарлагдаж дүнгээ гаргажээ. Уг уралдаанд аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны дотор дүгнэхэд аймгуудаас "Хөвсгөл” аймаг, сумдаас Сэлэнгэ аймгийн "Орхон туул” сум, багуудаас Дорнод аймгийн Баяндун сумын "Түргэн” баг шилдэгээр шалгарав. Шалгарсан аймаг, сум, баг нь хамгийн их хадлан, тэжээл бэлтгэсэн, мал эмнэлгийн арга хэмжээнд малаа бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй, малаа эдийн засгийн эргэлтэнд хамгийн сайн оруулсан, отор нүүдлийн бэлтгэл зэргийг сайн хангаж ажилласан байна. Баяндун сумын "Түргэн” багт 123 өрхийн 49.2 мянган толгой малыг өвөлжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд багийн өвс, тэжээлийн аюулгүй нөөцийн хашааг шинээр барин, 1000 боодол буюу 25 тн өвс нөөцөлсөн бөгөөд малчдад 4109 га хадлангийн талбайг хуваарилан ашиглуулж, 1720 тонн өвс, 75 тонн тэжээл бэлтгүүлжээ. Давхардсан тоогоор 105.6 мянган малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвчлөл гаргаагүй бөгөөд 672 мянган м2 хашаа, саравчийг ариутгасан байна. Мөн багийн ИНХурлаар 16 мянган га талбайг отрын нөөц болгон цаг хүндэрсэн үед ашиглахаар бэлтгэж, оны эхний нийт малынхаа 15.2 хувийг зах зээлд борлуулахаар ажиллаж байна.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=28571
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих