Удахгүй Халхын голын 75 жилийн ой болно гэнэ. Энэ мэдээг сонсохоор намайг энгэртээ нааж, алгандаа энхрийлж, хэтэрхий их хайрлаж байсан хэрнээ хэтэрхий эрт хорвоогоос буцсан хөөрхий муу өвөөгөө санан гунигладаг юм. Намайг жаахан байхад өвөөд маань гурван гоё тэмдэг байдаг байлаа. Өвөө маань миний халтардаж дарайсан дээлний энгэр дээр зүүж, танхил зээ охиноо эрхлүүлнэ.
Эмээ уурлаад л буцаагаад авчихна. Би ээрч чарлаж нэхэж, авах гэж зүтгэнэ. Эмээгийн маань хувьд, бас ээжийн хувьд тун их үнэтэй зүйл байсныг би тэр үед яаж ч мэдэх билээ дээ.
Хожим сургуульд орсон хойноо ээжийн авдрыг ухаж байгаад зузаан бор хавтастай жижигхэн үнэмлэх олж билээ. Уйгаржин Монголоор бичсэн тэр үнэмлэхийг би өөрөө уншиж чадахгүй. Нагац ахаараа уншуулдаг байж билээ. Бумцэнд гэдэг хүний гарын үсэгтэй, Энэхүү үнэмлэхийг эзэмшигч нь халуун усны газар үнэгүй орох эрхтэй гэх мэт үгс байсныг тодхон санаж байна. Тэр үед "Энэ ямар мундаг гоё үнэмлэх бэ?” гэж бодож байсан. Харин түүнээс хойш хорь гаруй жилийн дараа өвөөтэйгээ нэг нутгийн бууралтай уулзсан юм.
Хажууд нь суугаад л баймаар нэг л эерүү зөөлөн дуутай, намхан нуруутай жижигхэн тэр буурай "Чи өвөөгөө Халхын голд байлдаж явсныг мэднэ биз дээ” гэхэд мэдэлгүй яахав гэж хариуллаа. Гэтэл яагаад Алтан гадасаар шагнуулсныг нь мэдэх үү? гэснээ "Хэдэгн өдөр үргэлжилсэн бороо орж, цэргүүд хоол ундаа хийж ч идэж чадахгүй өлсөж, туйлдаж байх үед ганцаараа ар тал руу явж, цэрэг шинелнүүдэд бензин шингээж ирж, гал хөс гаргаж, их олон хүнийг хоол ундтай залгуулж явсан хүн дээ” гэж билээ. Тухайн үед л "Халуун усанд үнэгүй орж болдог мундаг үнэмлэхийг бус харин өвөөгийнхөө ухаан, бас эр зоригыг бодон бахархаж байсан. Би "Алтан гадас”, "Бид ялав” медальтай, эх орон, ард түмнийхээ төлөө тулалдаж явсан баатарлаг зоригтой, олон хүнийг өлсгөлөнгөөс аварсан нинжин сэтгэлтэй буурал өвгөний энгэрт зүүгдэж, толгой дээр нь тоглож өссөн азтай хүн гэж хааяа омогшдог юм.
Онгироо байна уу? Гэхдээ онгирхоос ч өөр аргагүй. Бид чинь ялсан ард түмний үр сад шүү дээ. Ялсан ард түмний шүү.......
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих